“Винсвэй”, “Чалько” компани монголын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн, Ганцмодны боомтын замыг хааж жагсаал хийлгэж байна

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

-ОЮУТОЛГОЙ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН КОМПАНИУД ТЭЭВРИЙН МАШИНАА ХИЛИЙН ЦААНААС АВЧ ЧАДАХГҮЙГЭЭС БОЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГСОЖ ЭХЭЛЖЭЭ –

Хятадууд жагсаал, цуглаан хийх гэж ёстой “гурилдана” гэгч нь болдог юм байна. Ямар ч эмх цэгц байхгүй. Дээрээс нь хэн удирдан зохион байгуулаад байгаа нь тодорхойгүй. Цагаан хоолой зэрэг чанга яригч огт хэрэглэхгүй. Өвлийн хүйтэнд даараад бээвийчихсэн 400 гаруй иргэн дуу дуугаа авалцаад шаагилдаад байв. Ганцмодны хилийн боомтын адууны хашааны сараалжин төмөр хаалга руу харж зогсоцгоочихоод голынхоо дуугаар орилоод байх юм. Хамгийн сонин нь төмөр сараалжин хашааны цаад талд нэг ч хүн байхгүй. Улаан шороо бужигнан угалз тавих манай улсын тал руу хараад л өөр өөрсдийнхөөрөө хашгирч байна лээ. Хэн рүү харчихаад ямар зорилготойгоор эсэргүүцэл илэрхийлж байгааг мэдэх юм алга. Зүгээр л бие биенийхээ дууг давах гэж хашгираад байх нь тэр. Өмнө нь Монголд олон удаа жагсаал, цуглаан сурвалжилж явсан миний бие анх удаа ийм жагсаалыг хилийн цаана гарч сурвалжилж өнжсөн минь энэ. Орчуулагч өмнөд монгол залуугаас “Энд байгаа хятадууд юу гээд орилолдоод байгаа юм бэ” гэж асуулаа. Тэгсэн мань эр “Миний толгой эргээд байна. Бүгд л хашгираад юу гээд байгаа нь сонсогдохгүй байна” гэж хариулах аж. Тэгэхээр нь “Хүн тус бүрээр нь сайн сонсчих. Тэгээд надад хэлээд өг” гэж гуйлаа.

Орчуулагч залуу хил дээр жагсаал хийж байгаа хүмүүс дээр очиж юу гэж хашгираад байгааг асуув. Ганцмодны боомт дээр жагсагчид “Монголын Засгийн газар бидний эрх ашгийг хамгаалах ёстой. Бид “янхан” жолооч нарын нийгмийн даатгалыг төлж чадахгүй. Уртын тээврийг хуучнаар нь явуул. Улс хоорондын тээвэр хийх зөвшөөрлийг Хятад эзэнтэй тээврийн компаниудад нэмж олго. Монголын Засгийн газар 320 дугаар тогтоолоо цуцал. Бидний тавьсан шаардлагыг хүлээж авах хүртэл хил хаана. Монголын хил рүү нүүрсний нэг ч машин гаргахгүй л гээд хэлээд байна. Хүн бүр цээжилсэн бололтой нэг өгүүлбэрээ ам амандаа л шаагилдаад байна” гэв. БНХАУ-ын нүүрс тээвэрлэлтийн компанийн 400 гаруй жолооч Ганцмодны хилийн боомтын замыг хааж жагсаад зургаа хонож байна. Тэд хоёр улсын нүүрс тээвэрлэлтийг таг зогсоогоод зургаа хонож байгаа гэсэн үг юм. Манай улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж жагсаж байгаа хятадуудаас манай компаниуд машинаа авч чадахгүй гацаанд ороод байна. Бүр Оюутолгой компанийн үйл ажиллагаа хүртэл гацаанд орсон. Алт, зэсийн баяжмал ачиж урд хөршийн хил гарсан машинаа эргүүлэн татаж авч чадахгүй байгаагаас болж батлагдсан графикийн дагуу баяжмалаа хилээр гаргах ажил ч мөн гацаанд оржээ. Ганцмодны боомт дээр жагсаж байгаа нүүрс тээврийн Хятадын компанийн ажилтнууд 09:00-17:00 цагийн хооронд хил хааж байна лээ. Жагсагчид даарахаараа зам хааж тавьсан машиндаа гүйгээд орчих юм. Тэндээ халуун цай ууж, хоол идэж байгаа харагдсан. Хятадын Засгийн газрын явуулгаар хилийн боомт дээрх нүүрсний замыг хааж, жагсаал хийж байна гэв 13:00 цагийн орчимд хилийн ойролцоо нүүрс тээврийн авто машинаа тавьсан хэдэн монгол жолооч ирж байгаа харагдлаа. Суудлын жижиг тэрэгнээс буусан таван залуу машин тойрч үзээд зогсоод байв. Гэтэл нэг хятад гараараа монгол залуучууд руу зангаад хашгирав. Хятадууд ч шуугилдаад явчихлаа. Машинаа үзэж зогссон залуус тогонд залгуулчихсан юм шиг гүйсээр машиндаа суугаад зугтаав. Хятадууд араас нь орилсоор хоцорлоо. Биднийг ирэхээс хоёр хоногийн өмнө зам хааж зогссон хятадууд монголчуудыг зодсон хэрэг гарчээ. Толгой руу түлхүүр, лапатикаар цохиж Батсүрэн гэх 43 настай залуугийн биед хүнд гэмтэл учруулжээ. Тэрбээр БНХАУ-ын Бугантын эмнэлэгт тархиндаа мэс засал хийлгэсэн байна. Одоогоор биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээллийг бидэнд өгч байв. Мөн жагсаал хийж байгаа хятадууд эмх замбараагүй байдал үүсгэсэн оройдоо хилийн ойролцоо байсан Монголын компаниудын машины эд ангийг эвдэж, салхины шил, гэрэл зэргийг хагалж, сүйтгэсэн хэрэг гарсан байна. Монголын компаниуд боомтын захиргаанд энэ тухай мэдэгдэж Хятадын цагдаа нарт өргөдөл гомдол гаргаж өгсөн байна. Мөн хоёр улсын хилийн боомтынхон хоёр удаа албан ёсны уулзалт хийжээ. Уулзалтаар Ганцмодны хилийн боомтын захиргаа болоод Баяннуур аймгийн удирдлага, цагдаагийн дарга нар “Хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг удахгүй намжаана. Нүүрс тээвэрлэлт саадгүй явах болно. Монголын Засгийн газарт нүүрсний компаниуд 12 төрлийн шаардлага тавьж байгаа юм байна лээ. Үүнийг Монголын талд удахгүй шилжүүлж өгнө. Ингээд хилийн эмх замбараагүй байдлыг зогсооно. Эсэргүүцэл үзүүлсэн компанийн захирлуудыг барьж хорино” гэх утга бүхий зүйл ярьжээ. Одоогоор хилийн замыг хэдийгээр нээх нь тодорхойгүй байна. Хилийнхний ярьж байгаагаар цагаан сар хүртэл зам хаана гэсэн мэдээлэл байгаа гэсэн. Энэ талаар Монголын нүүрс тээврийн компаниуд “Хятадууд хилээ хааж, нүүрс тээвэрлэлтийг зогсоосонд санаа зовох асуудал биш. Уурхайгаас нүүрс ачигдсан л бол тэр Хятад Улсын өмч болчихдог. Тиймээс Монголын компаниуд уурхайгаас нүүрсээ ачаад Цагаанхадны хашаануудад овоолоод байх хэрэгтэй. Хятадууд өөрсдийнхөө хөрөнгийг хүссэн хүсээгүй л авна. Угаасаа Хятадын нүүрс тээврийн компаниудыг Засгийн газраас нь дэмжээд байгаа юм. Түүнээс биш БНХАУ хэзээ байтлаа хил дээр үймээн самуун үүсгэж байлаа. Хэрэв ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд шууд шоронд хийгээд, цэргийн хүчээр тараачихдаг биз дээ. Тэгэхэд жагсаал хийж байгаа хүмүүсийг тараахгүй. Харин ч дэмжээд байгаа нь цаанаа улс төрийн утга учир агуулж байгаа юм” хэмээн онцолж байна лээ. Хятадууд ямар учраас Монголын нүүрс тээврийг гацааж, хилийн замыг хаасан бэ? Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн нүүрс тээврийн салбар илтэд сэргэсэн байна. 2016 онд өдөрт 500 машин нүүрс гарч байсан Гашуунсухайтын хилийн боомтоор өдөрт 1200-1500 машин нүүрс гарах болжээ. Нүүрсний зах зээл 2017 онд илт сэргэж эхэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг ч үүнийг дагаад сэргэлт ажиглагдаж эхэлсэн гэнэ. Өдөрт хилээр 1500 машин нүүрс гарч байгаатай холбоотойгоор “Эрдэнэс таван толгой”, “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК тэргүүтэй уурхайн нүүрсийг худалдан авдаг “Винсвэй” компани, “Чалько” компанитай өнгөрсөн онд 400 гаруй тээврийн компани гэрээ хийжээ. Тодруулбал, долоон мянга орчим тээврийн хэрэгсэл хоёр улсын хилээр нэвтэрч, Монголын нүүрсийг Хятад руу зөөжээ. Хоёр улсын нүүрс тээврийг хийж байгаа долоон мянган тээврийн хэрэгслийн хоёр мянга хүрэхгүй нь Монголын компаниудын өмч юм байна. Үлдсэн таван мянга гаруй нүүрсний машиныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшдэг ажээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө нүүрс тээврийг дандаа Хятадын улсын дугаартай машинаар тээвэрлэж байсан. Тухайн үеийн Зам тээврийн сайд болон Засгийн газраас гаргасан шийдвэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт өөр улсын дугаартай машин нүүрс тээвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын дугаартай автомашин манай улсын хилээр нэвтэрч, нүүрс тээвэрлэх боломжгүй болсон. Дээрх асуудал тухайн үедээ хэл ам дагуулж байсан ч тэгсгээд намжсан. 2013-2014 онд манай улсын тээвэрлэлтийн компанийн мэдэлд 500 хүрэхгүй машин байсан юм. Хятадууд нүүрс тээвэрлэлтээ хийхийн тулд Монголын компаниудад машинаа шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, хятад хөрөнгө оруулалттай монгол дэд захиралтай компани олноороо бий болсон. Ийнхүү БНХАУ-ын дугаартай машинууд бүгд манай улсын компаниудын нэр дээр бүртгэлтэй болсон билээ. Мөн нүүрс тээвэрлэлтэд явж байгаа хятад жолоочийн тоог цөөрүүлэх ажлыг манай улсаас хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монгол жолооч нарыг ажлын байртай болгох ажиллагаа хийгдсэн юм. Хятад компаниудын өнөөдрийн үл ойлголцол эндээс эхлэлтэй аж. Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаснаар хятадууд нүүрс тээвэрлэлтийн салбарыг бүрэн атгандаа оруулаад байсныг бага ч гэсэн чөлөөлж чадсан юм. Хятадын компаниуд хүсэн хүсээгүй ч монгол жолоочид машинаа өгөөд явуулдаг болсон. Гэхдээ нэг жолоочоор нэгээс хоёр удаа нүүрс тээвэрлүүлээд цалинг нь өгчихдөг. Дараа нь өөр хүнээр машинаа бариулах маягаар тогтвортойгоор бус ажилладаг байна. Хятадуудын машиныг ээлжлэн барьж байгаа жолооч нарыг энэ цаг мөчөөс эхлэн “Янхан” жолооч хэмээн нэрлэх болсон. “Янхан” хочит жолооч нарын эрх ашиг зөрчигдөх, цалингаа авч чадахгүй хулхидуулах, хятад эзэд нь зодох, бүр амь насыг нь хөнөөх асуудал Ганцмодны боомт дээр цөөнгүй гарах болжээ. Энэ талаар ч сүүлийн хэдэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарч байгаа. Мөн “Гээндээ ч бий. Гоондоо ч бий” гэдэг шиг Монголын жолооч нар хятад эзэнтэй машиныг унаж Монголын хилээр орж ирээд эд ангийг нь тонож зарах, бүр задалж, жиргээд зарсан тохиолдол ч гараад байгаа. Мөн ямар нэгэн эвдрэл гэмтэл гаргасан тохиолдолд тэнд нь хаячихдаг. Үүнээс үүдэлтэйгээр мөн л хятад болон монгол жолооч нарын дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ. Хятадын хилийнхэн 200 гаруй километр нүүрсний цуваа үүсгээгүй бол Монголын Засгийн газар 320 дугаар тогтоол гаргахгүй байсан Өөр нэг шалтгаан нь өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд нүүрсний тээвэрлэлт БНХАУ-ын хилийн боомтынхны үйл ажиллагаанаас болж удааширч эхэлсэн юм. 200 гаруй километр урт дараалал үүсч, 17-20 хоног дугаарлан зогсох болсон нь хоёр шалтгаантай юм байна. Манай улсын Үндэсний авто тээврийн газрын дарга нар өөрсдийнхөө эрх мэдэл бүхий компаниудад нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгоод эхэлжээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл бүхий алба хаагчид нүүрс тээвэрлэлтийн салбарыг гартаа атгах санаархал хийж эхэлсэн байна. Ингээд шинээр зөвшөөрөл хийгдэж мянга гаруй машин нэмэгджээ. Яг энэ үед Ганц модны хилийн боомтынхон “Танай жолооч нар хориотой зүйлс хууль бусаар хилээр гаргах нь хэрээс хэтэрлээ. Нүүрсний машинуудыг шалгаж оруулна” хэмээн мэдэгджээ. Үүний дараа дөрвөн хаалгаар нүүрс ачсан машиныг оруулдаг байсан бол хоёр хаалгыг нь хаажээ. Ингээд машин бүрийг шалгаж, өдөрт ердөө 200-500 машин оруулдаг болжээ. Эндээс эхлэн монгол жолооч нар 17-20 хоног зам дээр дугаарлан зогссон байна. Цагаан хадны машины цуваа 200 гаруй километрт хүрсэн асуудал Засгийн газрын хэмжээнд яригдсан. Ажлаа аваад удаагүй байсан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар Гашуунсухайт хилийн боомт дээрээс ажлаа эхэлсэн. Тэд уурхайгаас нүүрс ачаад хил рүү гарч байгаа уртын урт тээврийг зогсоох арга хэмжээ авчээ. Уурхайгаас ачсан нүүрсийг Ханбогд сумын Цагаан хаданд байрлах компаниудын хашаанд буулгах. Хашаанд буулгасан нүүрсийг нөгөө талаас нь ачиж, 20 гаруй километр давхиад богино тээвэрлэлтээр хил гаргаж байхаар болсон байна. Бүр Засгийн газрын 320 дугаар тушаал гаргаж, нүүрс тээврийн машины жолооч нарын нийгмийн даатгалыг төлөх, тээвэрлэлтийг хурдан шуурхай явуулж цалин хөлсийг нь нэмэх тогтоол шийдвэр гаргасан. Ингээд Авто тээврийн үндэсний төв Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлжээ. Манай улсын Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрүүд БНХАУ-ын нүүрс тээвэрлэлтийн компаниудын эрх ашигт нийцээгүй юм байна. Үүнээс үүдэлтэйгээр хилийн замыг хааж жагсаал хийх болжээ. Нар баруун тийш хэвийж, хүйтэн жавар тачигнаж байв. Өвлийн хүйтэнд өдөржин хашгирсан 400 гаруй жагсагчийн хоолой сөөчихсөн байв. Сүүлдээ хашгирч чадахгүй болсон бололтой. Хөлөө ээлжлэн товшлон даарч зогсох ажээ. Тэд 17:00 цаг болохыг тэсэн ядан хүлээж байгаа нь илт байв. Мөн маргааш Өмнөговь аймгийн Засаг дарга, хилийн боомтынхон Ганцмодны боомт дээр ирж Засаг захиргааныхантай уулзахаар болсон гэх яриа тэр хавиар гарч эхэлсэн юм. Мөн цагдаагийн дарга нар ч жагсагч нартай уулзахаар болсон байна. Гялалзсан хар өнгийн суудлын автомашин давхиж ирээд жагсагчдыг “Одоо тар. Маргааш 09:00 цагт ирээрэй” гэснээр тэр өдрийн жагсаал тарав. Жагсагчид ч зам хааж тавьсан машинаа тэр чигт нь орхиод дулаан газар бараадахаар журайтал гүйлдсэн юм. Бид ч жагсаал хийж байгаа нүүрс тээврийн компанийн гурван захиралтай уулзахаар хөдөллөө.

Э.ХҮРЭЛБААТАР

Эх сурвалж: ӨДРИЙН сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52350
0 эможи
keyboard_arrow_up