“Шарк“-ууд 1.5 тэрбумыг юунд зарцуулав

2018 оны 1 сарын 04

2017 онд Монголын телевизийн салбарын уран бүтээлчид онцлох олон контент бэлтгэн хүргэсний нэг нь яалт ч үгүй “Монгол” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлэг байлаа.

Өөрсдийн хөдөлмөрөөр бизнесийн оргилд хүрсэн эрхмүүд болох хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тэргүүлэгч “Гацуурт” компанийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, барилга, техник, технологийн салбарт тэргүүлэгч “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд, хүнсний үйлдвэрийн салбарт тэргүүлэгч “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, уул уурхай, барилгын материалын салбарт тэргүүлэгч “МАК" компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар хоёр сарын турш 12 төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулав.

“Шарк Танк” нэвтрүүлгийн анхны дугаар аравдугаар сарын 8-нд хүрч байсан бол арванхоёрдугаар сарын 10-нд эхний улирлын 10 дахь дугаар буюу сүүлийн дугаар үзэгчдэд хүрсэн юм. Эхний улирлын 10 дугаарын турш “Шарк"-ууд хэнд, юунд, хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ямар бизнесийг дэмжсэнийг тоймлон хүргэе.

Л.АРИУНБОЛД

Барилга, техник, технологийн салбарт тэргүүлэгч “Монгол базальт” компанийн ерөнхий захирал

"Хэн нэгнийг дуурайсан, хийсвэрээр харсан ийм бизнес нэг удаа байж болно. Гэхдээ урт хугацаанд хожихгүй"

Хөрөнгө оруулсан мөнгөн дүн: 633 сая 250 мянга

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тэргүүлэгч “Гацуурт” компанийн ерөнхий захирал

"Нийгмийн талаасаа ач холбогдолтой төсөл байвал дэмжих болно"

Хөрөнгө оруулсан мөнгөн дүн: 392 сая 450 мянга

Н.ЦЭЛМҮҮН

Уул уурхай, барилгын материалын салбарт тэргүүлэгч “МАК" компанийн ерөнхийлөгч

“Шарк танк” нэвтрүүлэгт шүүгч нарын дэмжлэгийг хүртсэн компаниуд 10 магадгүй 20 жилийн дараа дэлхийн төвшний компани болохыг үгүйсгэх аргагүй.

Хөрөнгө оруулсан мөнгөн дүн: 215 сая 750 мянга

Г.АМАРТҮВШИН

Банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч “Хас” банкны ерөнхий захирал

Аливаа бизнес, төсөл ашигтай байх ёстой. Ашиг хийхгүй гэвэл хийх ямар шаардлагатай гэж.

Хөрөнгө оруулсан мөнгөн дүн:195 сая 750 мянга

С.ТҮМЭНГЭРЭЛ

Хүнсний үйлдвэрийн салбарт тэргүүлэгч “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал

"Бизнесийг эхний ээлжид мөнгө гэж харах хэрэггүй. Би бизнесийг итгэл үнэмшил, уйгагүй хөдөлмөр гэж хардаг"

Хөрөнгө оруулсан мөнгөн дүн: 70 сая


Оролцогч: Б.Артур -“Уяач” аппликейшн 

Шарк: Л.Чинбат, Г.Амартүвшин

Хөрөнгө оруулсан дүн: 30 сая төгрөг 
Компанийн хувь: 15 хувь

Адуун сүргийнхээ бүртгэлийг хөтлөх, хурдан хүлгийн угсаа гарлыг үе үеэр нь бүртгэх, зар наймаа, мэдээлэл солилцох “Уяач”аппликейшнийг бүтээсэн Б.Артурт “Шарк” Л.Чинбат, Г.Амартүвшин нар 30 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 15 хувийг авахаар болов.

Оролцогч: Б.Солонго, Э.Гэрэл-“Оньс” өрөө 
Шарк: Н.Цэлмүүн

Хөрөнгө оруулсан дүн: 90 сая төгрөг 
Компанийн хувь: 30 хувь

Б.Солонго, Э.Гэрэл нарын “Оньс” өрөө төсөлд “Шарк” Н.Цэлмүүн 90 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 30 хувийг авахаар тохиролцов. Н.Цэлмүүний хувьд энэхүү төслийг нийгмийн хариуцлага талаас нь харж дэмжиж байна гэсэн юм.

Оролцогч: Ч.Тарваа, Ч.Цагаантуяа-“Эртний хүнс” дайвар махан бүтээгдэхүүн 
Шарк: Л.Чинбат
Хөрөнгө оруулсан дүн: 150 сая төгрөг

Компанийн хувь: 20 хувь

“Эртний хүнс" дайвар махан бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг компани 150 сая төгрөг хүсэж, компанийнхаа 20 хувийг санал болгосон. Хонины 1 чанасан толгой, хонины хэл, адууны хэл, үхрийн шийрийн царцаамаг, гүзээний салат, хонины гэдэс гэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тус компанийг “Шарк” Л.Чинбат өөрийнхөө компанийн нэр дээр шилжүүлэн 150 саяын хөрөнгө оруулж, 20 хувийг эзэмшихээр болов.

Оролцогч: Д.Жаргалсүрэн-“ЖАСҮ” брэнд 
Шарк: Л.Чинбат
Хөрөнгө оруулсан дүн: 24.2 сая төгрөг 
Компанийн хувь: 12 хувь

Хонины ноосоор бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, хичээлийн хэрэглэл, жуулчдад зориулсан сувенир урладаг Д.Жаргалсүрэн бүсгүйд “Шарк” Л.Чинбат 24.2 сая төгрөгийн хөрөнгө оруулж компанийн 12 хувийг эзэмшихээр болов.

Оролцогч: Б.Бадраа
Шарк: С.Түмэнгэрэл, Н.Цэлмүүн, Л.Чинбат, Г.Амартүвшин, Л.Ариунболд
Хөрөнгө оруулсан дүн: 100 сая төгрөг
Компанийн хувь: 50 хувь

Хүүдээ тоглоомон гарааш хийж, “Амар” асар майхныхаа шийдлийг олсон тэрбээр компанийнхаа 20 хувийг санал болгож, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Малчдын отрын гэр, майхан, зуны платка, хээрийн ажилтай хүмүүсийн түр ашиглах сууц болсон энэхүү төсөлд таван шарк тавуулаа нийлж, хүсэж байсан үнийн дүнг хоёр дахин өсгөж, компанийн 50 хувийг эзэмшихээр болов.

Оролцогч: Б.Ойдов-“Арви” үндсэн үнийн дэлгүүр 
Шарк: Л.Чинбат, С.Түмэнгэрэл
Хөрөнгө оруулсан дүн: 100 сая 
Компанийн хувь: 40 хувь

“Номин холдинг”-ийн маркетингийн менежерээс эхлэн “Мобиком” корпорацийн борлуулалтын албаны захирал хүртэл хийж байсан Б.Ойдов орлогоосоо зарлага нь давсан Улаанбаатар хотын 380 мянган иргэнд зориулж ашигтай бизнесийн загвараа танилцуулсан. Тодруулбал, үйлдвэрлэгчдийн барааг нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчдийн гар дээр үнийн нэмэгдэлгүй хүргэх үйлчилгээг санал болгосон юм. Энэхүү бизнесийг дэмжин “Шарк” Л.Чинбат, С.Түмэнгэрэл нар 100 сая төгрөгийн хөрөнгө оруулж, 40 хувийг эзэмших болов.

Компанийн нэр: Б.Энхцэцэг-“Дотуха” сургалтын хэрэглэгдэхүүн 
Шарк: Л.Ариунболд
Хөрөнгө оруулсан дүн: 50 сая төгрөг

Компанийн хувь: 65 хувь

Улсад 14 жил ажилласан туршлагатай багш Б.Энхцэцэг компанийнхаа 35 хувийг 50 сая төгрөгөөр үнэлсэн. Математикийн хичээлийг заахад ашиглагдах сургалтын хэрэглэгдэхүүн болох боломжтой мөн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом маягаар ашиглах “Дотуха” 41 дүрсээс бүтсэн сургалтын хэрэглэгдэхүүнд “Шарк” С.Ариунболд 50 сая төгрөг оруулж, 65 хувийг эзэмшихээр болов.

Оролцогч: Г.Дашням-“Никель Ганбаа” унадаг дугуйны үйлдвэр

Шарк: Н.Цэлмүүн, Л.Чинбат, Г.Амартүвшин, Л.Ариунболд

Хөрөнгө оруулсан дүн: 253 сая төгрөг 
Компанийн хувь: 49 хувь

2011 оноос хүүхдийн, уулын, ачааны унадаг дугуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр, дөрвөн дугуйтай мотоцикл, үйлдвэрлэж эхэлсэн “Никель Ганбаа” брэндийг үүсгэн байгуулагч Г.Дашням компанийнхаа 16 хувийг санал болгож 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Түүнд “Шарк” Н.Цэлмүүн, Л.Чинбат, Г.Амартүвшин, С.Ариунболд нар 253 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 49 хувийг эзэмших болов.

Оролцогч: Г.Батсүх-“Barilgachin.mn” цахим худалдаа үйлчилгээ 
Шарк: Л.Ариунболд

Хөрөнгө оруулсан дүн: 500 сая

Компанийн хувь: 50 хувь

Компанийнхаа 20 хувийг 500 саяар үнэлсэн эрхэм бол “Барилгачин" группийг үүсгэн байгуулагч Г.Батсүх. Тэр эхний улирлын хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг “Шарк” Л.Ариунболдоос авч чадсан. Түүний санал болгосон төсөл нь Barilgachin.mn цахим худалдаа, үйлчилгээ. Тодруулбал, барилгын материалыг нэг цэгээс үйлдвэрийн үнээр интернетээр захиалан авах боломжийг олгохоос гадна барилгын гуйцэтгэгчээ захиалах, зөвлөгөө мэдээлэл авах, ачаа тээврийн үйлчилгээ авах боломжийг давхар олгосон юм.

Оролцогч: С.Мөнхжаргал-“Мөөжиг" органик мөөг 
Шарк: Л.Чинбат, Г.Амартүвшин
Хөрөнгө оруулсан дүн: 110 сая төгрөг 
Компанийн хувь: 50 хувь

Дэлхий дээр хамгийн их үйлдвэрлэдэг гурван мөөгний нэг хясаа мөөгийг тариалж, жилдээ 16 тонн шинэ мөөг үйлдвэрлэж, хаягдлаар малын уурагт тэжээл, хүлэмжийн уурагт бордоо үйлдвэрлэж нэмэлт орлого олох боломжтой "Мөөжиг органик мөөг” төсөлд Л.Чинбат, Г.Амартүвшин нар хамтран 110 сая төгрөг оруулж, 50 хувийг эзэмшихээр болов.

Оролцогч: Э.Нарангуа
 Шарк: Л.Чинбат 
Хөрөнгө оруулсан дүн: 15 сая
 Компанийн хувь: 0 хувь

Бууз, банш, хэрчсэн гурил, гурилгүй талхны үйлдвэрлэл эрхэлдэг А.Нарангуад “Шарк” Л.Чинбат хувь эзэмшихгүйгээр 15 сая төгрөг өгөхөөр болов. Л.Чинбат “Би хөдөлмөрч хүнийг үнэхээр хүндэлдэг. Тэр тусмаа амьдралын төлөө алжаалгүй зүтгэх бүсгүй хүмүүсээр бахархдаг. Өнөөдөр Монголыг эмэгтэйчүүд нь авч явж байгаа гэхэд хилсдэхгүй. Нялх биетэй ч амьдралын төлөө зогсолтгүй зүтгэсэн баялаг бүтээгч залуу эмэгтэй Э.Нарангуадаа цаашдынх нь ажил амьдралд нь амжилт хүсье. Хэзээ ч битгий зогсоорой” хэмээсэн юм.

Оролцогч: А.Ичинхорлоо-Модон эдлэлийн сийлбэр
Шарк: Н.Цэлмүүн, Г.Амартүвшин
Хөрөнгө оруулсан дүн: 85 сая төгрөг 
Компанийн хувь: 30 хувь

Төрийн сүлд, байрны айлуудад зориулсан тооно, авдар зэрэг өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч модон эдлэлийн сийлбэр бүтээгдэхүүн урлаач А.Ичинхорлоод “Шарк” Н.Цэлмүүн, Г.Амартүвшин нар 85 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 30 хувийг эзэмшихээр болов.


“Шарк”-ууд хөрөнгө оруулахаас гадна гарааны бизнес эрхлэгчдэд санаа өгч, шүүмжлэлтэй хандаж мөнгөнөөс илүү бизнес эрхлэгчдэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ. “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон бүхий л оролцогчид их бага хэмжээгээр компаниа зах зээлд таниулж, хэрэглэгчдийн хүрээгээ тэлж өөрийн гэсэн зах зээлтэй болсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Мөн энэ нэвтрүүлэг нь зөвхөн бизнес эрхлэгчдэд ч бус өөрийн гэсэн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж буй олон хүмүүст шилдэг санаа, шийдэл, гарцуудыг нээж өгснийг дурдах хэрэгтэй болов уу. “Шарк”-ууд хөдөлмөрлөж чадсан хүн бүхнийг хүндэлж, тэднээр бахархаж, хөдөлмөрлөж хичээж л чадвал сайхан амьдрах боломж буйг нэвтрүүлэг бүрт сануулж буйг анзаарсан гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Ikon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51833
0 эможи
keyboard_arrow_up