Үндэсний музей ӨНӨӨДӨР үнэ төлбөргүй үйлчлэнэ
Монголын үндэсний музей энэ сарын 29-нд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тодруулбал, Монголчууд 1911 оны Цагаагчин гахай жилийн 12 дугаар сарын 29-ны өдөр Үндэсний тусгаар тогтнолоо зарлан, Монгол Улсын эзэн хаанаар VIII Богд Жавзандамба хутагтыг өргөмжилж байсан түүхт өдөр үзмэрээ олон нийтэд үнэ төлбөргүй сонирхуулах аж.
Монголын үндэсний музейд монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай билээ.
Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг байна.