Маргааш "Тэврэлтийн өдөр" төв талбай дээр цугларцгаая
Гоолингоо.мн дэргэдэх холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбоо нь өнгөрсөн жил байгуулагдсан ба энэ жил 7-р сарын 1-н буюу маргааш 19.00 цагаас Чингисийн талбайд тэврэлтийн байрыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм байна. Тус хуралд хөдөлгөөнийг санаачлагч Э.Энхзул, Г.Амгаланбаатар, Т.Аззаяа нар оролцлоо.
Тэрээр 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдал бүх ард иргэдийн сэтгэлд хар толбо болон үлдсэн. Энэ бол Монгол хүн Монголынхоо эсрэг боссон, бидний бие биесийнхээ өмнө том алдаа гаргаж, эв найрамдлаа эвдсэн өдөр. Гэвч 7-р сарын 1-ний талаарх ойлголтыг энэ хэвээр нь үлдээх үү, өөрчлөх үү гэдэг сонголт бидэнд бий.
Өнгөрсөн 6 жилийн турш, жил бүрийн яг энэ өдрөөр хүмүүс болон хэвлэлийн мэдээллийн хар толбыг нэхэн сануулахаас өөр юуг ч хийж байсангүй. Өнгөрсөний тухайн байн байн дурслаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин нэг алдааг ахин гаргахгүйн тулд үүссэн учиг шалтгааныг нь арилгаж, түүнээс олж авсан сургамжаа л ахин дахин санах, сануулах учиртай юм.
"Тэврэлтийн өдөр"-7 сарын 1-нийг эв түнжин муудсан ахан дүүс, амраг садан, хэнтэй ч болов эвлэрч, урьдын харилцааг халуун тэврэлтээр цайруулан сэргээх өдөр болгохыг уриалж байгаа юм байна.
Мөн бидний үлдээж буй мэдээллээр ирээдүй минь хүмүүжнэ. Бид болж байгаа үйл явдал бүрийг 50 жилийн дараах түүхийн хичээл дээр юу гэж заадаг болохыг одоо л тодорхойлно гэж тус хэвлэлийн бага хурлын санаачлагч нар хэлж байлаа.
Дашрамд хэлэхэд дэлхийн олон оронд 1-р сарын 21-нийг Тэврэлтийн өдөр болгон тэмдэглэдэг байна. Ёс журам, нэр төр зэргээс болж сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахаа больсон нийгмийг анагаахын тулд энэ өдрийг анх санаачилсан ажээ.