Ц.Амарсанаа: Газар хөдлөлт нэг баллын зөрүүтэй байхад барилгын төсөвт өртөгт өөрчлөлт гардаг

2017 оны 12 сарын 22

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаатай ярилцлаа.

-2017 оныг ажлын ямар үр дүнтэйгээр үдэж байгааг тань сонирхоё?

-Бид төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг барилгын салбарынханд түргэн шуурхай, хүндрэлгүй үзүүлэх зорилго тавьж ажиллаа. Тодруулбал, Барилгын хөгжлийн төвөөс үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт оруулах зорилго тавьж, барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтэс захиалагчийн техникийн хяналт хийх ажлаа цахим хэлбэрт шилжүүллээ. Холбогдох эрх бүхий яамд, газруудад нэвтрэх эрхийг нээж өгч, Барилгын хөгжлийн төвийн хяналт тавьж байгаа барилга, байгууламжийн үйл ажиллагааны угсралтын явц, зураг, төсөвт өртөг, захиалагч, инженерүүдийн тайлан мэдээг тухай бүрт нь хянаад явах боломжтой болсон гэсэн үг. Мөн барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлснээр илүү нээлттэй, ил тод, түргэн шуурхай болсон.

-Төрийн байгууллагуудыг хүнд суртлын үүр уурхай гэх шүүмжлэл их гардаг. Зарим тодорхой үйлчилгээг цахимд шилжүүлснээр үйлчлүүлэгчдийн бухимдал нэлээн багасах юм байна, тийм үү?

-Зураг төсөлд магадлал хийх ажлыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж шинэчлэн зохион байгууллаа. Товчхондоо, экспертүүдийг нэг дор төвлөрүүлснээр зураг төслөө хянуулж байгаа компаниудын хувьд  нэлээд нааштай ажил болсон. Цахимжуулалтын тухайд хэд хэдэн хэлтэст нэвтрүүлж байна. Норм нормативын хэлтэс шинээр батлагдаж байгаа норм, дүрмийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж, оноос өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөөд ажиллаж байгаа. Инженерүүдийн хувьд ч  барилгын салбарт хэрэгжиж байгаа норм, дүрэм гээд цаас авч явахаар хүссэн үедээ манай цахим сайт руу орж шинэчилсэн норм дүрмээ үзэх боломжтой болох юм.

-2017 оны хувьд ажлын амжилт дүүрэн байж, ирэх онд мэдээж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээс гадна шинээр хийх төлөвлөгөө зорилтоо тодорхойлчихсон байх.

-Маш их ажилтай байхаар байна. 2018 оны Улсын төсөв дээр бүтээн байгуулалтын ажил нэлээд олныг хийхээр төлөвлөсөн. Одоо үргэлжилж байгаа ажил дээр нэмэгдээд давхардсан тоогоор 320 гаруй  обьектын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэр утгаараа зураг төслөө баталгаажуулах ажлаас гадна захиалагчийн техникийн  хяналт ч нэмэгдэнэ.

-Сүүлийн үед ижил барилгын төсөвт өртөг зөрүүтэй байгаа тухай шүүмжлэл их гарч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Төсөвт өртөгийн зөрүүний асуудалд нухацтай хандах хэрэгтэй. УИХ-ын чуулган болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа асуудлуудад зөрүүтэй ойлголт их байна. Улсын төсөв дээр тавигдсан мөнгөн дүнг хараад яг ижил хоёр барилга өөр өөр өртөгөөр босч байна гээд яриад байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, барилгын бүтэц, зураг төсөл нь ямар байгааг нягтлах хэрэгтэй. 320 хүүхдийн багтаамжай хоёр ижил сургуулийн зураг төсөл нь магадлалаар ороод явсан бол зөрүүтэй гарах ёсгүй. Жишээ болгоод тайлбарласан хоёр сургуулийн хувьд нэг нь усан сантай нөгөөх нь усан сангүй байсан. Ийм тохиолдолд зөрүү гарна шүү дээ. Мөн газар хөдлөлтийн бичил мужаасаа шалтгаалан зөрүү гарах тохиолдол бий.

-Зураг төсөл нь магадлалаар ороогүй байхдаа төсөвт мөнгө нь суудаг гэсэн үг үү?

-Уг нь зураг төсөл нь магадлалаар ороод дараа нь төсөвт суух ёстой. Гэтэл УИХ-ын хэн нэгэн гишүүн тойрогтоо бүтээн байгуулалт хийнэ гэж гэнэтийн шийдвэр гаргах, эсвэл нэг орон нутгийн захиалгаар сургууль цэцэрлэг барина гээд зураг төсөл нь бэлэн болоогүй байхад жишиг зургаа оруулаад ирдэг. Түүнийхээ дагуу мөнгө суулгах асуудал гардаг. Мөнгөө тусгачихаад хойноос нь зураг төслийг нь хийлгээд магадлалаар оруулдаг. Ийм тохиолдолд зөрнө. Нөгөө талаар барилга барих төлөвлөлт гэдэг зүйл маш чухал. Тухайн орон нутагт 1-2 жилийн өмнө энэ аймагт ийм сургууль цэцэрлэг хэрэгтэй. Энэ сум газар зүйн хувьд сургууль барихад газар хөдлөлтийн балл нь тэд гээд бүгдийг нь  судлах нь хэрэгтэй. Нэг баллын зөрүүтэй байхад хоёр яг ижил барилгын угсралтын төсөвт 15 хувийн зөрүү гардаг. Жишээ нь Өмнөговь аймагт газар хөдлөлтийн балл бага байдаг гэж бодоход Хөвсгөл аймагт түүнээс хоёр баллаар  их байж болно. Энэ тохиололд  барилгын угсралтын төсөвт өртөг 30 хувийн зөрүүтэй гарна. Тиймдээ ч  төлөвлөлтийг маш сайн гаргаж, зураг төслийг нь магадлалаар оруулж бэлэн болгосны дараа  улсын төсөв дээр хэлэлцэх шаардлагатай гээд байгаа юм. Тэгж гэмээнэ асуудал гарахгүй.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51429
0 эможи
keyboard_arrow_up