Ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн ихэнх нь бэлгийн дарамтад өртжээ

2017 оны 12 сарын 21

-Ажлын байрны бэлгийн дарамтыг хуулиар зохицуулах тодорхой заалт байхгүй, хэрэг мөрдөх явц нь ч хохирогчийн сэтгэл санаанд асар том дарамт учруулдаг гэдгийг хүний эрхийн байгууллагууд онцолдог-

эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт зурган илэрцүүд

Энэ онд АНУ-ын улстөрчид бусдад ажлын байрны бэлгийн дарамт учруулсныхаа төлөө татвар төлөгчдийн 170 сая ам.доллараар тохиролцоо хийсэн тухай асуудал дуулиан дэгдээж байна. Үүний тухай мэдээллийг анх олон нийтийн сүлжээгээр цацсан бөгөөд одоо иргэдийн эсэргүүцлээс болж Конгрессын нэр бүхий гишүүд, Засгийн газрын зарим өндөр албан тушаалтан албан үүргээсээ огцрох тухай яригдаж байгаа билээ.

Хууль хяналт чанга, өндөр хөгжилтэй улсад байдал ийм хэмжээнд хүрсэн байх юм. Харин манайд хэр түвшинд байгаа бол. 2017 оны Монголын Эмэгтэйчүүдийн сангаас нэгэн судалгаа танилцуулсан. Уг судалгаанд “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвсэл”-ээс Монгол Улсын нийт хүн амын 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа тухай судалгаа танилцуулав. Тус байгууллагаас ажлын байрны бэлгийн дарамтын талаар 705 эмэгтэйн дунд судалгаа явуулахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг" гэжээ.

Тиймээс Монголын Эмэгтэйчүүдийн сангаас Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, . хэрэгтэнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалт оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн эмэгтэйг хамгаалах, хохирол барагдуулах талаар нэгдсэн дүрэм, журамтай болох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна. Харин судалгаанд хамрагдсан хүмүүс хэрхэн хариулсныг жишээлье.

Жишээ 1. Иргэн Н хотын төвд байрлалтай, нэр хүнд бүхий байгууллагад ажилладаг байсан. Түүнтэй хамт олон эмэгтэй ажилладаг тул бэлгийн дарамтын талаар бодож ч байгаагүй аж. Харин нэг өдөр тус компанийн толгой группийн эзэн гэгдэх хижээл насны эр Н-д мөнгө санал болгож, хаяадаа өрөөнийх нь арын амралтын хэсэгт уулзаж байх санал тавьжээ. Н үүнийг хүлээж аваагүй ба тухайн үедээ маш их цочирджээ.

Гэтэл мөнөөх захирал нь нэг орой албан шугамаар Н-ийг өрөөндөө дуудаж оруулмагц үүдээ түгжиж, хүч хэрэглэхийг завдсан байна. Хэдийгээр Н бүсгүй түүнээс зугтаж чадсан ч дахин хэд хэдэн удаа ийм явдал давтагдсан бөгөөд удалгүй түүнтэй ажилладаг эмэгтэйчүүд ч ийм дарамтад орж байсан нь илэрчээ. Захирлынх нь хувьд Н-ийг элдвээр дарамталж, ажлаас нь халах зэргээр сүрдүүлээгүй ч тэрбээр цаашид ийм хүнтэй цуг ажиллаж чадахгүй гээд сайн дураараа халагдах өргөдлөө өгсөн байна.

Жишээ 2. Инженер мэргэжилтэй 3 гэх бүсгүй мөн л томоохон байгууллагад удирдах түвшний ажилд оржээ. Тэрбээр нөхөр, хоёр хүүхэдтэй. Уг нь энэ ажил түүнд маш их таалагдаж байсан тул сэтгэл гаргаж ажиллаж, шинэ жилээр Шилдэг ажилтан болсон аж. Түүний энэ баярыг хамт олон нь тэмдэглэсэн ба захирал нь 3-г архиар шахаж, нэлээд согтоожээ. Гэтэл захирал нь 3-г гэрт нь жолоочоороо хүргүүлэх нэрээр авч гараад шуудхан зочид буудал руу явах санал тавьсан.

Харин 3 үүнийг эсэргүүцэхэд шуудхан нүүр рүү нь цохиж, зоджээ. Яг энэ үед захирлын жолооч дэргэд нь байсан ч хамгаалж өмгөөлөөгүй гэнэ. Үүний дараагаас захирал нь З-r элдвээр шахаж, дарамтлах болсон. 3 ч гэр бүл, нэр хүндээ бодоод энэ тухай хэнд ч хэлэлгүй байсаар ажлаасаа гарсан байна.

Жишээ 3. Маркетингийн менежер мэргэжилтэй Т дөнгөж сургуулиа төгсмөгц нэгэн компанид ажилд оржээ. Т-ийн ар гэр боломж тааруу тул энэ ажилд орсондоо маш баяртай байсан. Гэхдээ ажилд ороод 14 ч хоноогүй байхад нь хамт олны зугаалгын үеэр ахлах менежер нь түүнийг хүчирхийлсэн аж. Одоо тэрбээр мөнөөх ажилдаа байгаа, чамгүй ажилттай ажиллаж, бусдаас дутахааргүй амьдарч байгаа ч сэтгэлдээ байнгын хар толботой хоцорчээ. Менежер нь түүнийг дахин дарамтлаагүй, тэр явдлаас хойш удалгүй ажлаасаа гарсан ч Т энэ тухай хэнд ч яриагүй ажээ.

Энэ бол бодит жишээнүүд. Гэхдээ охид бүсгүйчүүдийн дотроо нуусан жишээнүүд гэхэд болно. Учир нь ажлын байрны бэлгийн дарамтыг хуулиар зохицуулах тодорхой заалт байхгүй, хэрэг мөрдөх явц нь ч хохирогчийн сэтгэл санаанд асар том дарамт учруулдаг гэдгийг хүний эрхийн байгууллагууд онцолдог.

Тэгвэл нийтэд түгсэн жишээнээс дурдахад, өнгөрсөн зургаадугаар сард ажлын байрны бэлгийн дарамтаас болж 22-хон настай бүсгүй амиа хорлосон хэрэг гарсан. Тухайн үед энэ хэргийг “Сохо мебель” компанийн захирал Жадамбаа гэгчээс болсон гэдгийг маш олон эх сурвалж мэдээлж хэвлэлээр шуугиан тарьж байв. Гэхдээ энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоо ч тодорхойгүй. Талийгаачийн эгчийн хэлснээр, Жадамбаа гэгч этгээд хохирогчийг өмнө нь зодож байсан ба архи уухаараа дарамталж, айлгадаг байсан аж.

Тэрбээр согтуу байхдаа хохирогч бүсгүйгээр ерөөгөө цэвэрлүүлэхдээ даашинзных нь хормойг сөхөж, хэл амаар доромжилсныг эгчдээ ярьсан байсан. Харин одоо хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, “Сохо мебель” компани хэвийн ажиллаж байгаа. Бас Төв аймгийн Баянчандмань суманд дарга нь ажилтнаа хүчирхийлж, хэрцгийгээр зэрэмдэглэж гэмтээсэн хэрэг гарсан. Хэргийг үйлдэгч этгээд яллуулсан ч хохирогч бүсгүй сэтгэл санаа, бие махбодын хувьд насан туршийн хар толботой хоцорч, үр хүүхэд төрүүлэх чадваргүй болсон байна.

Манайд энэ төрлийн хохирол амссан хүмүүс Хүний эрхийн үндэсний комисст л ханддаг гэнэ. Гэтэл ХЭҮК-т шууд хариуцлага тооцох эрх хэмжээ байдаггүй учраас хэрэгтэн дуудахаар ирдэггүй, энэ үйлдлээ зогсоох, арилгах зөвлөмж шаардлага хүргүүлэхээр биелүүлдэггүй. Хамт олон нь ч мэддэг хэр нь ажилгүй болохоос айснаас ихэвчлэн хэлдэггүй байна. Хуулийн хүрээнд хэдийгээр өргөдөл, гомдлыг нь хүлээн авч байгаач үйлдсэн этгээдийг торгох, шийтгэх эрх ХЭҮК-т байдаггүй учраас энэ хэрэг шийдэгдэж чадахгүй байсаар байна.

Хамгийн гол нь, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч амиа алдах, эрүүл мэнд, сэтгэл санаагаар мөн эдийн засгаар хохирох, ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа орон нутагтаа ч нэр хүндгүй болох зэрэг олон эрсдэлийг үүрч байдаг.

Хэрвээ хүчингийн гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгүүлэх ч ажлын байр дахь бэлгийн дарамтыг үзүүлж байна гэх, мөн бэлгийн харьцаанд орсныг нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй байдаг тул үйлдэгч этгээдийг шийтгэх хууль эрхзүйн зохицуулалт байдаггүй

Мөн нийгмийн хандлага хохирогчийг буруутгадаг байдал зонхилж байгаа нь энэ талаар иргэдийн ойлголт, мэдээлэл хангалтгүй мөн жендерийн тогтсон хэвшмэл ойлголтууд ч нөлөөтэй байгааг гэдгийг дурдлаа. Мөн үүний цаана эрх мэдлийн тэнцвэргүй байдал бас давхар нөлөөлж байна. Хохирогч дарамтаас болоод тухайн ажлаасаа гарсан ч ажил олгогч дахин өөрийн тааллаар шинээр ажилтан авч байдаг тул энэ эрх мэдэлтэн этгээд энэхүү бусармаг, эмэгтэйчүүдийг дорд үзсэн үйлдлээ үргэлжлүүлсээр байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
51347
6 эможи
keyboard_arrow_up