Сүүлийн 10 жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болно
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хойд туйлын хүйтэн агаар Сибирээр дамжин энэ сарын 25-ныг хүртэл манай орны нутагт байрлах тул сүүлийн 10 жилд ажиглагдаагүй хүйтэн болно хэмээн сэрэмжлүүлжээ.
Тус газрын дарга С.Энхтүвшин энэ талаар хэлэхдээ, "16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртлэх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Үүний улмаас сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт 12-р сард болох төлөвтэй байна.
Үүнтэй холбоотойгоор 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, халтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх үед хөлдөж осгож болзошгүйг анхааруулж байна.
Мөн 17-ноос хойш нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-аас -40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна" гэв.