Хүүхдүүд яагаад амьдралаас уйдах болов
Өнгөрсөн жил цэцэг цэврүү шиг хоёр жаахан охин барилгаас үсэрч амиа хорлосон. Зайсанд байрлах, өндөр үнэтэй барилгаас унасан тэр хоёр охины цус цементэд шингэж хатсан байж билээ. Тэд яагаад ийм аргаар амьдралаа дуусгах болсны шалтгааныг өнөө хэр тогтоогоогүй ч өсвөр насны хайр дурлал, ар гэрийн байдлаас болсон гэж олон нийт үзэж байв.
Тэгтэл дараахан нь мөн л хоёр охин хамтдаа барилгаас үсэрснийг эсрэг талын байшинд байсан залуу утсаараа бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан. Үзээд цочирдох байтугай, хэд хоног хар дарж зүүдлэм энэ явдлаас болж хоёр охины нэг нь газар дээрээ амиа алдах, нөгөөх нь эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан.
Хоорондоо тун ойрхон хугацаанд болсон эдгээр харамсам явдлаас болж олон нийтийн дунд хүүхдээ анхаарах сөхөө орсон гэхэд буруудахгүй.
Гэвч энэ анхаарал халамж хэтэрхий оройтсон юм биш биз гэх хардлага төрөх аж. Учир нь, ДЭМБ улс орнуудын амиа хорлолтын түвшинг харуулсан тайланг 2015 оны байдлаар гаргажээ. Тус тайланд дурдсанаар, 100 мянган хүн тутамд ногдох дэлхийн дундаж амиа хорлолтын тоо 10.8 байдаг юм байна.
Харин бүс нутгаар нь харьцуулбал Европчууд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 14.1 гэсэн үзүүлэлттэй гарсан бол Зүүн Азийн (Номхон далайн баруун хэсэг) бүсэд Монгол Улс 100 мянган хүн амд 28.3 амиа хорлолт ногддог гэсэн үзүүлэлтээр дэд байрт бичигджээ. Бидний өмнө Өмнөд Солонгос 32 гэсэн үзүүлэлттэйгээр бүс нутгаа тэргүүлж байна.
НҮБ-ын хүүхдийн сангаас сургуулийн хүүхдүүдэд суурилсан эрүүл мэндийн судалгааг явуулахад хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байна гэсэн дүгнэлт гарсан байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг доорх судалгаанаас харж болох юм.
Судалгааны дүнгээр:
6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай.
10 сурагч тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй.
Таван сурагч тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг.
Таван сурагч тутмын нэг нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, нэг ба түүнээс олон удаа “Амиа хорлохыг оролдсон" гэж хариулжээ.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэддэг. Гэхдээ хэрэглэх нь бага гэсэн байна. 15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг хоёр дахин өсжээ.
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18,316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4,228 байна. Бэлгийн замаар халдах халдварт өвчнөөр өвчлөгсдийн 11.9 хувь нь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзэлж байгаа юм. Эдгээр тоо баримт нь өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх боловсрол, мэдээлэл дутмаг байгаа гэдгийг харуулж буй гэдгийг уг судалгаанд дурджээ.
2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд “Эрүүл мэндийн хичээл”-ийг “Хүн ба Орчин”, “Хүн ба Байгаль”, “Хүн ба Нийгэм” хичээлд интеграци байдлаар тусган оруулах болсон. Энэ хугацаанд эрүүл мэндийн хичээлийг голд нь тасалсан удаа байхгүй ч, мэргэжлийн бус багш нар орж байсан нь өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн хичээлийн агуулгыг бүрэн хүргэж чадаагүйтэй холбоотой гэж судлаачид үзжээ.
Харин эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв /НЭМҮТ/,НҮБ-ын хүүхдийн сангаас Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамдын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалтын хүрээнд эрүүл мэндийн хичээлийг 2018 оноос эхлэн интеграци аргаар биш, тусад нь бие даасан хичээл хэлбэрээр, сэтгэц заслын хамт орохоор болсныг мэдэгдсэн юм.
Сэтгэлзүйчдийн зөвлөснөөр, амиа хорломоор байна гэж ярьж байгаа бага насны хүүхэд өсвөр насанд хүрэхээрээ амиа хорлох магадлал өндөр байдаг бөгөөд эрэгтэй хүүхдүүдийн хувьд амиа хорлох магадлал илүү байгаа нь ажиглагджээ. Ер нь цочрол, сэтгэл гутрал, анхаарал халамж шаардах, бусдад дорд үзэгдэх, доромжлуулан, гутаалгах гэх мэт асуудлуудаас болж амиа хорлох шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Судлаачдын хэлж байгаагаар хүүхэд өөртөө тохиолдож буй хүндрэлтэй асуудлаас болж амиа хорлодог. Тэд энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусаж, бүх зүйл сайхан болно гэдгийг ойлгох насанд хүрээгүй байдаг хэмээн тайлбарлаж байна. Тэдэнд юмс өөрчлөгддөг гэх ойлголт хараахан суугаагүй байдаг учраас асуудал нь хэзээ ч дуусахгүй мэт санагддаг. Ингэснээр асуудлыг дуусгахыг хүсэх нь амиа хорлох үйлдэлд хүргэдэг байх юм.
Дээр дурдсанчлан, бидний үр хүүхэд яг хаана, юу хийж, ямар мөрөөдөл тээж явааг эцэг, эхчүүд хэр их хайхардаг бол. Өмсөж зүүлгэх, идэж уухаар нь хангаж, үнэтэй утас бариулснаа хайр халамжид тооцож, үр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг хөсөр хаяж байгаагаа анзаарахгүй яваа хүн олон. Гэтэл амиа хорлосон хүүхдүүдийн дийлэнх нь хангалуун гэр бүлд төрж өссөн байдаг аж.
Ингээд харахад, нийгэм хөгжих хэрээр бид амьдралын үнэ цэнтэй зүйлсээ хөсөр хаях болжээ.