Шүлхий өвчний үеэр гарсан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв
Засгийн газрын хуралдаанаар Дорноговь, Хэнтий , Сүхбаатар аймгуудад гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг устгах, халдварыг зогсоох үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ашигласан материалын шууд зардалд шаардагдах нийт 430.903.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсөн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган явуулахад дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхэд зориулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт 528.7 сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрчээ.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч, зээлийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосон байна.