ТАНСАГ хэрэглээний зах зээл рүү орж, НООС, НООЛУУРАА үнэтэй бүтээгдэхүүн болгож борлуулах нь чухал

2017 оны 12 сарын 12

Arslan.mn

“Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын шинэ боломж” сургалт-семинар өнөөдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн байранд эхэллээ.Тус сургалтыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс зохион байгуулж байна. 

Манай улс 2015 оны байдлаар 61 сая толгой малтай бөгөөд үүний 27 сая нь хонь, 27 сая нь ямаа, 0.4 сая нь тэмээ байна. 

Ноос ноолуурын үйлдвэрийн гол түүхий эдээс 36.3 мянган тонныг үйлдвэрлэж байгаагийн 71 хувь нь ноос, 24 хувь нь тэмээний ноос, 5 хувь нь ямааны ноолуур байгаа аж. 

Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улс эдийн засгаа төрөлжүүлэх, ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал байдаг. Гэхдээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхээсээ илүү дизайн, өнгө, брэндингийн асуудал чухал болохыг ШУТИС-ийн профессор Л.Оюунцэцэг онцолж байв. 

Arslan.mn

Тэрбээр “CBI олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай багш нарын баг европын зах зээлийг судалсан. Ноос, ноолууран бүтээгдэхүүний түүхий эд нь animal friendly буюу амьтны амийг бүрэлгэдэггүй гэдгээрээ том давуу талтай. Орчин цагт амьтны амийг бүрэлгэдэг түүхий эдийг “sustainable” биш гэж үздэг болж байна. Тийм учраас манай ноос, ноолуур бол эко бүтээгдэхүүн юм. Хоёрдугаарт бэлчээрийн мал ахуйгаас гарч буй гэдгээрээ онцлогтой. 

Тийм учраас ийм түүхий эдээр өргөн хэрэглээний бараа, БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх масс бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах нь хайран. Тийм учраас Европын зах зээлийг судалсан. Бид дундаас дээшээ буюу тансаг хэрэглээний зах зээл рүү орж, ноос, ноолуураа үнэтэй бүтээгдэхүүн болгож борлуулах нь чухал байна гэж харж байна. 

Монголд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 орчим үйлдвэр бий. Үүний 10 нь том, бусад нь жижиг үйлдвэрлэгчид. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гүйцэтгэх технологийн хувьд манайх дэлхийн түвшинд хүрсэн. Гагцхүү дизайн, өнгөний тал дээр үнэхээр манайх дутагдалтай. Европын зах зээлийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн өнгө, загвартай бүтээгдхүүнийг манайх үйлдвэрлэж чадахгүй байна. 

Хоёрдугаарт брэндинг, маркетингийн асуудал чухал. Манай бүтээгдэхүүнийг Европын хэрэглэгчид яагаад авах ёстой вэ, ямар үнэ цэнэтэй вэ, сэтгэлд нь юу хоногшуулах вэ гэдэг асуудал чухал. Уг нь бидэнд байгаа зүйл боловч түүнийгээ брэнд болгож чадахгүй байна.

Гуравдугаарт, “Монгол” гэдэг брэндийг төр нь нэгдсэн бодлогоор бий болгох чухал. Яг л Япон чанар гэдэг шиг. Байгаа сайн зүйлээ малгай болгож, үүнийхээ доор жижиг үйлдвэрлэгчид нь олон улсын зах зээлд гардаг нэгдсэн концепциор хөгжихгүй бол болохгүй гэсэн үндсэн асуудлыг өнөөдөр бид ярьж байна” гэсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51009
1 эможи
keyboard_arrow_up