НИТХ баасан гарагт хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдрийн Баасан гарагт 09:00 цагт хуралдуулахаар тогтоол баталж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай, НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдаа, үйлчилгээний газруудыг нэгтгэж шинэ төлөвлөлтийн дагуу авто худалдааны цогцолбор байгуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хоёрдугаар сарын 20-ны хуралдаанаар цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Харин энэхүү төвийг барьж байгуулах, үйл ажиллагааг нь хэрхэн тогтмолжуулах талаар НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх юм.
2012 оны 02/05 дугаар тогтоолоор НИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн дэгээр НИТХ сар бүр тогтмол хуралдаж байгаа юм. НИТХ-ын хуралдаан байнгын ажиллагаатай болсноор НИТХ-ын хуралдаанд асуудал өргөн барих, санал авах, өгөх зэрэг зарим үйл ажиллагааг тодорхой болгох шаардлагатай болсон байна. Тиймээс НИТХ-ын даргын тушаалаар НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах санал авах, боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь НИТХ-ын ажлын алба, НИТХ-ын хуралдаанд суудалтай намын төлөөллөөс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй юм. НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар ажлын хэсгээс оруулсан саналын дагуу НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.









