Arslan.mn

Авлигатай тэмцэх газар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “Олон нийтийн төв” байгуулжээ.

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Олон нийтийн төв”-ийн нээлтийг хийв. Төвийн нээлтэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон 21 аймагт байгуулагдсан авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүд оролцов.

Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв” нь иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулан эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, мэдээллийг чөлөөтэй, нээлттэй өгөх бөгөөд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авах аж.