Г.Гантөмөр: Б.Ариунаа Стандарт хэмжил зүйн газрын удирдлагуудыг илт гүжирдэж байна
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, түүний удирдлагуудыг илтэд гүжирдсэн худал мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаатай холбогдуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр "Стандарт хэмжил зүйн газарт ажиллаж байсан Б.Ариунаа нь ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан.
Гэтэл тэрбээр биднийг илт гүжирдсэн мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байна. Манай байгууллагын удирдлагууд Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад шалгагдаад байгаа зүйл огт байхгүй.
Тиймээс бид энэхүү мэдээллүүдийг тараасан хэлбэрээр нь няцаахыг шаардаж байна. СХЗГ-ын нэр бүхий 6 албан хаагчийг илтэд гүжирдсэн Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийг зохих журмын дагуу хариуцлага тооцуулж нэр төрөө сэргээлгэхээр хууль хяналтын хандаад байна" гэлээ.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРААС ГАРГАЖ БУЙ НЯЦААЛТ, ШААРДЛАГА
"Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 7-нд гарсан “Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагууд хууль зөрчсөн үү”,“СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг шалгаж байна” гэх гарчигтай мэдээнд дурдагдаад байгаа мэдээлэл нь ор үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй байна.
Тухайлбал:
1. Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ариунааг хууль бусаар гэнэт ажлаас халсан гэжээ...
Б.Ариунаа нь Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журам, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, өөрийн шууд удирдлагад ажилладаг албан хаагчидтай эелдэг тэгш бус харьцдаг нь Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хороо болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад тогтоогдсон, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны хууль, бусад хууль тогтоомжийн дагуу ажлаас халах шийдвэрийг гаргасан.
2. Европын холбооны төслийн шугамаар хэвлэгдэн гарсан Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага, “Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар Стандартын товхимлыг борлуулж, орлогыг бэлэн мөнгөөр авдаг, хувьдаа завшсан гэжээ...
Монгол Улсын стандартын тухай “Чанарын Менежментийн Тогтолцоо-Шаардлага, “Менежментийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” гэсэн дээрх хоёр номыг 2016 Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөлтэй хамтран хэвлүүлсэн улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байгаа түүнээс олсон орлогыг хувьдаа нэг ч төгрөг завшсан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
3. Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй нөхөд сүүлийн жилүүдэд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг шударга бусаар зохион байгуулсан гэжээ...
Стандарт хэмжил зүйн газар ажлын байрны сул орон тоог нөхөхдөө төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон нөхдөг. Хамгийн сүүлд Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын ажлын байрны сул орон тоог нөхөхөөр 2017 оны 10 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү сонгон шалгаруулалтын талаар нэг албан хаагч хууль бус явагдсан гэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 1269 тоот албан бичгээр сонгон шалгаруулалт хууль тогтоомжийн хүрээнд явагдсан байна гэж хариу хүргүүлсэн тухай хуулбарыг СХЗГ-т ирүүлсэн.
4. 2017-10-14-нд Дэлхийн Стандартын өдрийн бүх зардлыг уул уурхайн нэгэн компаниас гаргуулсан гэжээ...
Дэлхийн Стандартын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аж ахуйн нэгж байгууллагаас гаргуулсан гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй гүтгэлэг байна.
Иймд бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй, илтэд худал гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх заасны дагуу уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг шаардаж байна" гэжээ.