Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг хүчингүй болгов

2017 оны 12 сарын 07

   Үндсэн хуулийн цэц өчигдөр Их суудлын хуралдаан хийж, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоорхүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөхэд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмжээ. Энэ нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн мөн хуулийн  заалтыг агуулгаар нь дахин сэргээснийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас тогтоов.

Түүнчлэн Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.”гэж өөрчлөн найруулсан нь дээрх тогтоолоор хүчингүй болсон“... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...” гэсэн өмнөх заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

 Тиймээс Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн эдгээр заалтыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50801
0 эможи
keyboard_arrow_up