Архичдын эцэг, эх байх эрхийг тууштай хасаж байя
Хөхөө өвлийн хүйтэнд хаа нэгтээ балчир хүүхэд даарч чичрэн хар усанд тархиа мэдүүлсэн эцэг, эхээ даган нус нулимсандаа холилдож яваа юм биш биз. Өглөө, үдэш хэзээ ч бай ийм хүүхэд харах л юм бол үтэр түргэн “Хүүхдийн утас 108”-д ханддаг юм шүү. Энэ утсанд 24 цагийн турш иргэдийн мэдээлэл хүлээж авдаг. Хүүхэд хохирч байвал, яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай бол тэднийх цагдаагийн Шуурхай мэдээллийн төв 102-ынхонтой хамтарч арга хэмжээ авна. Эрсдэлт нөхцөлд буй, нэн даруй хамгаалалтад авах хүүхдийг “Хамгаалах байр”-нд 72 цагаас долоо хоног байлгаж эцэг, эх, асран хамгаалагчдад нь буцааж өгдөг.
Одоогоос ердөө арав гаруй хоногийн өмнө өглөө ажил цуглах цагаар Чингэлтэй дүүрэг дэх Урт цагааны өмнөх талбайд хөлчүү аав тэрсхэн хоёр хүү дагуулан гулжганаж явахыг харснаас хойш сэтгэл өвдөн нийслэлд үүнээс өөр хаана хэдэн дүүрсэн толгойтон ингээд явж байгаа бол гэж бодсоор “Хүүхдийн утас 108”-д энэ талаар дуулгахын сацуу мэдээлэл авсан юм.
Тэгэхэд санаанд оромгүй тоо хэлж өгөв. 2015, 2016 онд “Хүүхдийн утас”-нд өдөрт эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн, хамгаалах шаардлагатай, эсвэл зөвлөгөө өгөх хэрэгтэй 400-500 дуудлага буюу мэдээлэл ирж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1,5 дахин ихэсчээ. Эндээс харахад эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхэд олон байна. Хүүхэд ийм байдалд орж байгаагийн шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал, архидалттай гол төлөв холбоотой. Ажилгүй, ядуу ч гэсэн хүүхдийнхээ төлөө амиа өгөх, өөрийгөө гэхээс илүү хүүхдээ гэдэг эцэг, эх дийлэнх байдаг нь ирээдүй гэрэлтэй байхыг илтгэдэг буюу.
Ирээдүй гэрэлтэй байх нэг хэрэг.
Ирээдүй гэрэлтэй байх нэг хэрэг. Өнөөдөр эцэг, эхийн хайр халамж, хараа хяналт байхгүй хүүхэд уйлж, өвдөж, магадгүй өвчин нь хүндэрсээр балчир насандаа нөгөө ертөнцийг зорих бол уучилшгүй асуудал. Яахын аргагүй архинд живсэн, өөрөөр хэлбэл “өвгөнтийн” амьдралтай болсон нөхдөөс үр хүүхдийг нь салган авч асрах шаардлага нэн тулгамджээ. Одоо мөрдөж буй Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, өөрөөр хэлбэл, хүүхдээрээ хулгай хийлгэх, гуйлга гуйлгах, биеийг нь үнэлүүлэх зэрэг үйлдэл хийсэн болон удаа дараа архидан согтуурч хүүхдээ хайхрахгүй хөсөр хаясан хүмүүсийг зохих эрх бүхий субъектын гаргасан хүсэлтийг үндэслэж тухайн харьяа дүүргийн шүүхээс эцэг, эх байх эрхийг нь хасдаг.
Энэ хуулиар эцэг, эх байх эрхийг нь хассан тохиолдол сүүлийн таван жилд 42 удаа гарчээ. Энэ нь өдөрт хүүхдүүдийн зүгээс тусламж эрж утасдаж байгаа тоотой харьцуулахад байж боломгүй бага юм. Энгийн нүдээр харахад нийслэлийн гудамжинд, аймгийн төвүүдэд хүүхдээ нохойноос дор үзэж, үл тоож байгаа эцэг, эх олон таардаг. Тэгэхээр хууль мэдэхгүй, учир мэдэхгүй, хаана хандахаа, хэнээс тусламж эрэхээ мэдэхгүй балчир хүүхдүүдийг хэн хүнгүй, хаа хаанаа авч хэрэгсэхгүй явсаар ирсэн, одоо ч тийм хэвээр байгаа юм биш үү. Монголын ирээдүй болсон, одоохондоо учир мэдэхгүй балчир хүүхдүүд хохирсоор байх уу.
Энэ сэдвээр төрийн болон төрийн бус байгууллагынхантай санал солилцоход Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх гэж байгаа, зүйл, заалтуудыг чангатгах, хэрэгждэг болгох, өргөн хэрэглээтэй хууль болгох талаар шат шатанд хэлэлцэн хуулийн төсөл боловсруулсан, одоо УИХ-аар оруулах шатанд яваа гэж байгаа юм. Тийм байж болно. Гэхдээ хууль байхгүй биш байгаа, гагцхүү түүнийг хүүхдийн эрх ашгийн төлөө, тэднийг чин сэтгэлээсээ хамгаалахын төлөө асран хамгаалагчид нь дорвитой ажиллахгүй, санаачлахгүй, хүүхдийн төлөө гэсэн үнэн сэтгэлээр хандахгүй байгаа юм биш үү гэсэн бодол төрж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 30.1 дэх “. Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, өөрөөр хэлбэл, хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахайн зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно” гэсэн энэ заалт асран хамгаалагчдад хангалттай “зэвсэг” санагдана.
Эцэг, эх нь хайхрахгүй байгаа хүүхдийн асран хамгаалагчид болох, тэдний эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд, хамгаалал шаардлагатай тухайн хүүхдийн оршин суугаа сум, баг, хороо, дүүргийн удирдлага, нийгмийн ажилтнууд, хүүхдийг асарч энэрэх сэтгэлтэй дурын иргэний санал санаачилга, хүсэлтийг харьяа шүүх хүлээж авч шийдвэрлэх, өөрөөр хэлбэл, эцэг, эх байх эрхийг нь хасуулах эрх, зам бол байна.
Энэ хуулиар эцэг, эх байх эрхийг нь хассан тохиолдол сүүлийн таван жилд 42 удаа гарчээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллээр хараа хяналтгүй хүүхэд хаана байна, тэднийг илрүүлж, хамгаалалтад авах ажил тасралтгүй хийсээр байгаа гэх. Тэглээ гээд яах вэ. Олж илрүүлээд, хамгаалах дулаан байранд хоол ундтай хэд хоног байлгаж байгаад эцэг эх, асран хамгаалагчдад нь буцааж өгдөг. Хүүхдээ хүлээж авсан өнөө “өвгөнтийн” нөхөд хэд хоногийн дараа дахиад л балчир үрсээ умартан “өвгөнт”-өө эргүүлнэ. Хүйтэнд хүүхэд ил харагдахгүй байна. Хаана, ямар орц хонгилд хэдүүлээ бүлтийж, өлсөж, цангаж, уйлж, өвдөж хэвтээ бол.
Одоо үйлчилж байгаа ч бай, дахин батлах ч бай хуулийн аль алинаар архаг архичдаас хүүхдийг нь салгаж авч аврах нь жинхэнэ хамгаалал болох болов уу.
Өнгөрсөн зун Америкаас, багадаа америк айлд үрчлүүлсэн арваад монгол хүүхэд ирж төрөлх эх оронтойгоо танилцаад буцсан. Гадаад аав, ээжтэй болсон эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд эсэн мэнд, эрүүл саруул, боловсорч хөгжсөн харагдах нь сайхан байсан.
Хүүхдүүд архаг архичин дагаж хөл, гараа хөлдөөж явснаас харийн нутагт өөр элгийн хүмүүсийн хүүхэд болж, үүрдийн хамгаалалтад орох нь дээр ч юм шиг.
Архичдын эцэг эх байх эрхийг тууштай хасаж байх механизмыг одоо боловсруулж буй хуулинд оновчтой суулгаач. Архичдаас хүүхдийг нь салган авч, аврах талаар хамтдаа бодож, үр дүнтэй шийдэл эрж хайх цаг нэгэнт болжээ.
ТҮҮХЭН ТОВЧООН
Хүүхэд хамгааллын асуудлыг Анхдугаар Үндсэн хуульд анх тусгасан
Дэлхийд болон Монголд хүүхэд хамгааллын тухай ойлголт хэзээ хэрхэн бий болсон түүхээс сонирхуулъя.
- 1874 онд Нью-Йорк хотод “Ан амьтныг харгислалаас хамгаалах нийгэмлэг” байгуулсны дараа жил тус хотод “Хүүхдийг харгислалаас хамгаалах нийгэмлэг”-тэй болсноор хүүхэд хамгааллын тухай ойлголт дэлгэрч, хамгааллын хөдөлгөөн эхэлсэн түүхтэй.
- ХIХ зууны эцсээр хүүхэд хамгааллын асуудлыг Нийгмийн халамжийн хуульд тусгах ажил дэлхий нийтэд эрчимжсэн байна
- 1927 онд Сингапур улс Хүүхдийг хэрцгийллээс хамгаалах хуультай болсон.
- Дэлхийн I, II дайны үед өнчин хүүхдийг асрах, төвлөрүүлэн халамжлах газар олноор бий болов.
- 1960 онд Америкийн хүүхдийн эмч Кемп “Зодуурт өртсөн хүүхдийн хам шинж” асуудал дэвшүүлсэн илтгэл тавьснаар дэлхий нийтэд хүүхэд хамгааллын асуудал хүчээ авсан байна.
- Монгол Улсын хувьд:
- “Монголын нууц товчоо”-ны 114, 119, 135, 138-дугаарт Хүчү, Хөхөчү, Шихихутуг, Борохул нарыг Өэлүн эх асрамжлан өсгөсөн, бусдын нутгаас олж авсан хөвгүүдээ өсгөсөн.
- XIII зууны эхэн үед Монголын хаан төрийн төлөө зүтгэж амь үрэгдсэн хүний ар гэрт тэтгэвэр өгөх хууль үйлчилж байжээ.
- 1924 онд Анхдугаар Үндсэн хуульд хүүхэд хамгааллын асуудлыг тусгасан байна
- 1935 онд МАХН-ын Төв хорооны X тогтоолоор аж үйлдвэрийн комбинатын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулсан аж.
- 1961 онд БНМАУ-ын Ардын боловсролын тухай хууль батлагджээ.
Р.Оюунаа