АСЕМ Монголчуудыг мандуулах биш дордуулав

2017 оны 12 сарын 06

Arslan.mn

АСЕМ БИДЭНД ЮУ ҮЛДЭЭВ?

АСЕМ-ын дээд хэмжээний XI дэх удаагийн уулзалтыг эх орондоо зохион байгуулаад жил өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа. Гэтэл түүнээс хойш ямар үр дүн гарав, улс төдийгүй иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөв. Тухайн үед төр, засгийн удирдлагуудын хэлж ярьж байснаар бидний амьдрал одоогийнхоос арай өөр, халаас маань илүү зузаан байх байсан. АСЕМ манай улс, ард түмэнд сайнаар нөлөөлж, үр өгөөжөө өгөхөөс илүү муугаар нөлөөлсөн нь саяхан ил болж олныг цочирдуулав. Тодруулбал, Үндэсний аудитын газраас АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудитын шалгалт хийж 14.8 тэрбум төгрөгийн ноцтой зөрчил илрүүлсэн. Дээд хэмжээний энэхүү уулзалтаар далимдуулан хэн нэгэн этгээд ийм их хэмжээний мөнгийг хувьдаа, хамаарал бүхий хүмүүстээ тараасан байх нь. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын гол зорилго үүнийг зохион байгуулснаар ямар ач холбогдол, үр дүн гарах талаар холбогдох албаныхан ам булаалдан өгүүлж байсныг эргэн сануулъя.

Ардчилал зах зээлд шилжиж, гадаад бодлогын үзэл баримтлалаа өөрчлөн шинэчилснээс хойшх 25 жилийн хугацаанд гадаад харилцаа, дипломат үйл ажиллагаанд манай улсын олж буй ололт, амжилтын оргил нь АСЕМ-ын дээд хэмжээний XI дэх удаагийн уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүнд, хариуцлагатай эрхийг авсан явдал гэж тодорхойлж байсан цаг саяхан.

Энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулснаар улс төр, эдийн засаг, нийгэм соёл төдийгүй хүмүүс хоорондын өндөр ач холбогдолтой талаар ч тодотгож байлаа. Монгол Улсын нэр хүнд улам өсөн бэхжиж, гадаад үйл ажиллагааг олон улсын хэмжээнд дэмжих, хамтран ажиллах үндэс батжиж, уулзалтад оролцож буй тухайн улс орон, олон улсын байгууллага нэлээд хөрөнгө оруулалт төдийгүй бүтээн байгуулалтын ажлыг хийдэг талаар мэдэгдэж байсан удаатай. Цаашлаад АСЕМ-ын хүрээний төдийгүй олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган болон бусад арга хэмжээг эх орондоо зохион байгуулах туршлагатай болно хэмээн дуулиан тарьж байсныг хэн ч мартаагүй.

Харин тухайн үед манай улсын зарим  эдийн засагч “АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бидэнд хэдий хэмжээний өр үлдээх бол” хэмээн анхааруулж байлаа. Гэтэл ингэж хэлснийхээ төлөө тэд аливаа зүйлийг “харлуулагч” гэдэг нэр зүүж байв. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд Монгол Улс байдаг хөрөнгө мөнгө, сайн сайхан бүхнээ урдаа барьсан. Тодруулбал, улсын төсвөөс АСЕМ-д зориулж Гадаад харилцааны сайдын багцад 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум нийтдээ 23.6 тэрбум төгрөг баталжээ. Үүнээс 20.8 тэрбумыг нь тухайн арга хэмжээнд зарцуулсан. АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд Үндэсний аудитын газраас шалгалт хийж, нийт зарцуулсан мөнгөнөөс 14.8 тэрбум төгрөгийн ноцтой зөрчил илрүүлсэн нь АСЕМ-ыг эргэн сануулав. Албаныхны хэлж буйгаар, энэ нь зөвхөн цаасан дээрх тайлан тооцоог шалгаж үзэхэд илэрсэн зөрчил гэхээр цаана нь дахиад ч хууль бус асуудал бий гэдэг нь тодорхой байна.

НОЦТОЙ ЗӨРЧИЛ УЧИР ХЭРЭГ ҮҮСГЭХ МАГАДЛАЛТАЙ

Ч.Сайханбилэгийн тэргүүлж байсан Засгийн газар 20.8 тэрбум төгрөгт юунд зарцуулсан, түүнийг эргээд хэрхэн ашигласан байдлыг хүргэе.

-Зочид хүлээн авах буудалд 150 тэрбум төгрөгийгэргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан.

-“АСЕМ вилла” хотхонд байгуулсан 52 байшинг таван угаалгын өрөө, хажуудаа гольфийн талбай, цанын баазтайгаар тус бүр 360, 500 ам метр талбайтайгаар барьсан ч одоо “сүнстэй байшин” болжээ. Учир нь, тухайн хотхоны ус, дулааны шугамыг гүйцэтгэгч байгууллага Монголд байхгүй өндөр үнээр тавьсан бөгөөд тэд хотхоны нэг орон сууцыг 4-6 тэрбум төгрөгөөр босгожээ.

-Тус бүр нь 32 мянган ам.долларын үнэтэй 52 ширхэг приус-30 автомашин худалдан авсан нь одоогийн ханшаар 70 орчим сая төгрөг гэж тооцохоор 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

-290 мянган ам.долларын үнэтэй бага оврын Бенз автомашин хоёрыг 581 сая төгрөгөөр худалдан авчээ.

-АСЕМ-ын логотой бал, үзгийг 15 сая, тэмдэг, алчуурыг 30 сая төгрөгөөр хийлгэсэн байна.

-АСЕМ-д үйлчлэх автомашин түүний шатахуун болон нэг удаагийн хэрэглэл, хоол хүнс гэх зэрэгт арав гаруй тэрбум төгрөг зарцуулжээ.

-45 хүний суудалтай 43 автобусыг 13.7 тэрбум төгрөгөөр БНСУ-ын “Хьюндай” компанид тусгай захиалга өгч худалдан авсан. Эдгээр автобусыг Солонгосын “Экзим” банкнаас хөнгөлөлттэй зээлээр худалдаж авахаар гэрээлсэн бөгөөд баримтаар есөн тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй аж. Учир нь, 65 сая төгрөгөөр худалдаж авах боломжтой автобусанд 300 гаруй сая төгрөгөөр авч илүү хэн ч ийм их зардал гаргахыг хүсэхгүй. АСЕМ-ын дараа эдгээр автобусыг парк шинэчлэл хийх замаар ашиглах талаар тухайн үед ярьж байсан ч өнгөрсөн хугацаанд Засгийн газрын авто баазын хашаанд тоосонд дарагдан “хэвтэж” байна.

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гаргаагүй байхад Ази, Европын дээд төвшний дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн зочид буудлын 578 иж бүрдэл тавилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалджээ.

-Буцалтгүй тусламжаар БНХАУ-аас олгосон 5572 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж буюу сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдлээс 4787-г нь төрийн 33 байгууллагад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан цохолтоор үнэ төлбөргүй шилжүүлсэн байна. Иргэн, аж ахуйн нэгжид 785 ширхэг тавилгыг 103 сая төгрөгөөр худалдаалснаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, худалдан борлуулсан тавилгаас зургаан сая төгрөгийг л авсан гэсэн үг.

-Өнгөрсөн оны долоодугаар сарын 19-ний өдөр Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах “Нью терравокс” ХХК-тай тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ  байгуулсан байна. Тодруулбал, буцалтгүй тусламжаар БНХАУ-аас олгосон орчуулгын 1.9 тэрбум төгрөгийн / гаалийн үнэлгээгээр/ үнэтэй 6955 тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаатай түрээслүүлсэн байна. Гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг түрээслэгч хариуцан өөрийн зардлаар ажиллах, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмжийг түрээслэгчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцжээ.

-АСЕМ-д зарцуулах төсвөөс Гадаад харилцааны сайд 70.4 сая төгрөгийг ажилтнуудын гадаад томилолт, 117.9 сая төгрөгийг яамныхаа байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулсан байна.

-12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж шууд худалдан авалт хийсэн зэрэг олон ноцтой зөрчлийг илрүүлсэн байна.

ЭНЭ БҮХНИЙ ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ?

АСЕМ-д зарцуулсан нийт хөрөнгийг улс болон нийслэлийн төсөв, гадаадын хандив тусламж, Хөгжлийн банкны хөрөнгө болон бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байдаг. Төрийн аудитын тухай хуулиар тухайн төсөв захирагчийн үйл ажиллагаа, санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчилд ноцтой гэсэн дүгнэлт өгвөл эрсдэлийн аудит нэмж хийдэг. Үүний дагуу цаашид эрсдэлийн аудитын шалгалт хийж дээр дурдсан зөрчил батлагдвал холбогдох хүмүүст хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэх аж. Учир нь, дээр дурдсан зөрчил нь гэмт хэргийн шинж чанартай байх магадлал өндөртэй. Урьдчилсан байдлаар АСЕМ зохион байгуулах явцад хамгийн багадаа 40 гаруй тэрбум төгрөгийн зөрчил гаргасан гэж Үндэсний аудитын газрынхан үзэж байна. Гэхдээ үүнээс гадна татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн, том хотхон барьсан, хуралд зориулж оруулж ирсэн өмч хөрөнгийн эзэмшлийн байдал, мөн хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй оньсого шиг маш олон асуудал байгаа тул аудитын шалгалт хийж дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхээр болсон юм. Мөн Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах албаныхан АСЕМ-ыг зохион байгуулсан тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын томоохон албан тушаалтан, Гадаад харилцааны сайд болон холбогдох албан тушаалтныг шалгах болсноо дуулгасан. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан хүмүүс нь тухайн үед эрх барьж байсан АН-ынхан. Тэд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаа олон улсын бодлогын төвшинд ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж дүгнэж байгаа ч Монгол Улсын хувьд ямар ч үр ашиггүйн зэрэгцээ багагүй хэмжээний мөнгө хэн нэгэн, хэсэг эрх мэдэлтний халаасанд орсон нь харамсалтай.

Монгол Улсын эдийн засгийг өөд татах, өрийн тодорхой хувийг дарах, томоохон бүтээн байгуулалт хийх, цөөнгүй хүний жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох, нийгэмд дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг олноор нь барих их хэмжээний мөнгө хаачив. Хэн гэдэг эрхэм өөрийн болон хамаарал бүхий хэн нэгнийхээ халаасанд оруулсныг хугацаа алдахгүй ил болгож, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг олон нийт хүсч бас шаардаж байна.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50734
0 эможи
keyboard_arrow_up