Төсөлд хамрагдах айл өрхүүдийг сонгон шалгаруулна
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд гэр хорооллын тодорхой бүсэд амьдардаг 50 гаруй айлын халаалтын хэрэгслийг нүүрсний бус технологиор шийдэх туршилтын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа ажээ. Төслийн шаардлагыг хангаж уг төсөлд хамрагдах хүсэлтэй айлуудад халаалтын хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр борлуулах юм байна.
Нүүрсний бус халаалтын систем хөнгөлөлттэй нөхцөлөөр авах гэр хорооллын байшин сууцанд тавигдах шалгуур үзүүлэлтүүд нь цахилгааны хүчдэл хэвийн байх ёстой юм байна. Тухайлбал цахилгааны хэлбэлзлээс болж гэрэл бүдгэрч тодордог, цахилгаан хэрэгслүүд доголддог, плитка сайн халдаггүй зэрэг асуудлууд үүсдэггүй байх ёстой гэнэ. Түүнчлэн оройн цагаар хүчдэлийн хэмжээг хэмжиж тодорхойлох боломжтой байх шалгуур тавих юм байна. Сонгон шалгаруулалтад хамрагдах айл өрхийн оршин байгаа газар нь агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд байх ёстой аж.
Үүнээс гадна дараахь шаардлагуудын хангасан тохиолдолд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр халаалтын төхөөрөмж авах юм байна. Үүнд:
1. Халаалтын үндсэн түлш нь зөвхөн нүүрс байх. Гал асаах зориулалтаар л мод ашигладаг байж болно. Ямар нэгэн цахилгаан болон өөр төрлийн түлш ашигладаггүй байх.
2. Сууцны талбай 45м2 аас бага байх. Ханын гадна хэмжээсийг 0,9 –ээр үржүүлж сууцны талбайг тодорхойлно.
3. Халаалтын системийн чадал нь 5кВт–аас бага байна. Барилга бүр дээр дулаан алдагдлын тооцоог асуулгын маягтад тулгуурлан тодорхойлох бөгөөд аль болох бага байх нь сонголтод үзүүлэх гол шалгуур байна.
4. Гадна цахилгаан кабелийн хэмжээ 2х4мм2 аас багагүй байна. Цахилгаан халаагуур ашиглахад гадна шонгоос хэрэглэгч рүү татсан шугам хангалттай даацтай, гадна ашиглах зориулалтын байх ёстой. Мөн дотор цахилгааны утас разеткийг хэрэв цахилгаан халаагуурт холбох бол тоолуураас автомат салгагчаар дамжуулан тусад шинээр суурилуулах ёстой.
5. Тоолуур нь 220В-ийн ялгаатай тарифтай байх. 220 байгаа шалтгаан нь хэрэглээ хязгаартай байх ёстойд оршино. Шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой байх ёстой.
6. Барилгын хана болон хучилт нь 10 см-ээс багагүй дулаалгатай байх. Барилгын дулаан алдагдал нь халаалтын эх үүсвэрийн хүчин чадлын гол хүчин зүйл нь тул хангалттай дулаалгатай байхыг шаардана. Дулаалгын материалд хөөсөнцөр (EPS, XPS), шилэн хөвөн, эрдэс хөвөн, чулуун хөвөн, ноос, полиуретан буюу шахдаг хөөс орно. Үртэс, үнс, керамзит болон хөнгөн блокийг энд тооцохгүй болно. Эсвэл БНбД 23-02-09–д заасан хөрвүүлсэн эсэргүүцлийг хангасан болохыг баталгаажуулсан хөндлөнгийн этгээдийн тооцоо бүхий дүгнэлттэй байж болно.
7. Дулаан алдагдал багатай цонхтой байх. 2 эсвэл 3 давхар шилтэй цонхтой, түүнийгээ зай завсаргүйгээр зөв суурилуулсан байх. 3 давхар шилтэй цонхтой нөхцөлд сонголтод тэргүүн ээлжид хамрагдах боломжтой. Зөв, зай завсаргүй суурилуулсныг дулааны зургаар баталгаажуулах боломжтой.
8. Санхүүгийн боломжтой байх. Нүүрсний бус халаалтын төхөөрөмжийн үнийн тодорхой хувийг сууц эзэмшигч өөрөө гаргах бөгөөд энэ хөрөнгийг гаргах санхүүгийн боломжтой байх. Иргэн өөрөө бичгээр баталгаажуулсан хүсэлтдээ үнийгээ дурдаж өгөх ёстой.