Ипотекийн зээлийн журмыг шинэчлэн, төсөвт 120 тэрбумыг суулгажээ

2017 оны 12 сарын 04

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдаж, энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох болсон.  ОУВС-д хамрагдснаар  төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 

Хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг ОУВС-гийнхан сануулсан.  Гэхдээ "Ипотекийн зээлийг хариуцах эзэн нь Монгол банк биш Засгийн газар" гэж зөвлөсөн юм. Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр  2018 оны төсөвт 120 тэрбумыг  суулгажээ.

 Харин одоогийн хэрэгжиж буй журмаар ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.  Тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийнэ, тэр хэмжээгээр санхүүжнэ гэсэн үг юм. Энэ нь орон сууцны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцны борлуулалтыг дэмжих замаар барилгын салбарт үүссэн зээлийн түгжрэлийг арилгахад томоохон дэмжлэг болж байгаа. 

Цаашид ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн журмыг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.  Учир нь "Одоогийн мөрдөж байгаа ипотекийн зээлийн журам нь арилжааны банк талдаа илүү их ашигтай байгааг өөрчлөх болно" гэж БХБ-ын сайд Х.Баделхан хэлж буй.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хоёрдахь зах зээлд гарган арилжаалж хөрөнгө босгох, гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг ажлын хэсгийнхэн онцолсон юм.Түүнчлэн төрийн оролцоотой түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд, төрийн албан хаагчдыг түлхүү хамруулахаар төлөвлөжээ.

2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны 11 банкаар дамжуулан олгосон. Өнгөрсөн хугацаанд нийт 92,6  мянган хүн ипотекийн зээлд хамрагдаж, 4,2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүний 95,7 хувь нь эргэн төлөлт хэвийн, 2,4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1,9 хувь нь чанаргүй зээлд бүртгэгдсэн байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангаж чадахгүй иргэд зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа. Иймд энэ тал дээр төрийн бодлого зайлшгүй үгүйлэгдэж буй. Үүнээс гарах гарц нь түрээсийн орон сууц хөтөлбөрийг өргөжүүлэх явдал гэдгийг ч зарим эдийн засагчид хэлж буй.

Өөрөөр хэлбэл,  зах зээл дээр илүүдээд байгаа тэдгээр орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх нь салбараа дэмжих бодлогоос гадна иргэдээ орон сууцуулах боломж бүрдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50641
0 эможи
keyboard_arrow_up