Малчдаа халамжилсан хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

2017 оны 12 сарын 04

Хахир өвөл, халуун зун ч хэдэн малынхаа хойноос нойр, хоолоо умартан борив бохисхийлгүй ажилладаг хүмүүс бол малчид. Мал хувийн өмч хэдий ч улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж баршгүй. Хэрэв малчид үгүй бол адаглаад л хотын бид хоолны махгүй хэцүүднэ. Малчдын хөдөлмөр хүндийн зэрэгцээ залгамж халаагүй болох, нийгмийн баталгаагүй нөхцөлд амьдардаг гээд тэдэнд асуудал мундахгүй.

Малчид хэнээс ч гуйдаггүй, бас гомдоллодоггүй амьдардаг ч тэдний нийгмийн баталгааг сайжруулахад төрөөс анхаарах цаг хэдийнэ болсон. Малчдын олонх нь банкинд зээлтэйгээс гадна, тогтмол орлогогүй учраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж чаддаггүй. Энэ хэрээр нийгмийн бүхий л хувь хишгээс гадуур үлддэг гэсэн үг.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.15-д Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна гэсэн заалт тусгасан. Өөрөөр хэлбэл, нийт 20, үүнээс 15-аас доошгүй жилд нь мал маллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55, нийтдээ 20, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөл бүрдээд буй.

Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль олны дунд хүлээлт үүсгээд байсан бол одоо сар ч хүрэхгүй хугацааны дараа биеллээ олох нь. Одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурин газрын бид өдөрт найман цаг, нар, салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг. Харин малчин хүний хөдөлмөр цагаар хязгаарлагддаггүй.

Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий болтол тасралтгүй үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж байгаа тэдний дундаж наслалт төв суурин газрын хүмүүсийнхээс доогуур. Энэ нөхцөлийг харгалзан малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулж байгаа юм” гэж хэлсэн билээ. Хэдийгээр монголчуудын дундаж наслалт нэмэгдэж, 69.9 болсон ч хүнд ширүүн нөхцөлд ажиллаж амьдарч буй малчид ингэж урт наслахгүй байгаа нь нууц биш. Тиймдээ ч тэдний тэтгэвэрт гарах насыг биднээс таван жилээр наашлуулж буй. Энэ талаар малчид мэдээлэл хэр авч байна вэ.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд амьдарч буй малчин залуу “Зурагтаар л энэ тухай бага сага мэдээлэл авсан. Би мал маллаад 20-иод жил болж байна. Тэтгэврийн даатгалын шимтгэл огт төлж байгаагүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна” гэж ярив. Түүнтэй адил учраа олохгүй яваа залуус хөдөө орон нутагт олон бий.

Өвлийг малын хорогдол багатай давах нь тэдний зорилго болохоос тэтгэвэр авах тухай бодох ч сөхөөгүй яваа. Гэвч баян хүн нэг шуурганд гэгчээр ган гачиг, зуд турхан гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө малчид хүчин мөхөстөж, хотоо харлуулах нь бий. Банкинд хэдэн төгрөг хадгалуулж эсвэл сайн дураараа нийгмийн даатгалаа төлж байсан бол гэж амаа барих тохиолдол цөөнгүй. Нэг үеэ бодвол малчид телевизийн олон суваг үзэж, интернэт ашиглан мэдээллээс хоцрохгүй болсон.

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 2-ны нэгдсэн чуулганаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж тэтгэвэрт гарах насыг наашлуулах тодорхой заалтын талаар хашир малчид бол сонссон нь лавтай. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах амлалт нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан гэдгийг ч маниас илүү мэдэж буй нь цөөнгүй.

Манай улсад 300 гаруй мянган малчин бий. Энэ нь нийт ажиллах хүчний 30 орчим хувийг бүрдүүлдэг. Тэдний ердөө 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэнэ. Малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулан тогтоохтой холбоотой уг арга хэмжээнд ирэх онд 13.5 мянган малчин хамрагдахаар тооцож, 44.6 тэрбум төгрөг зарцуулахаар нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуульд тусган батлуулаад байна. Үүнтэй холбогдуулан даатгуулагч, иргэд, малчдын зүгээс хэдэн насандаа хэзээ тэтгэвэрт гарах, мал малласан хугацааг хэрхэн тооцох зэрэг асуулт ХНХЯ-нд ихээр ирж буй гэнэ.

Тиймээс хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор тус яам журмын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, малчдын тэтгэврийн дундаж хэмжээ энэ оны байдлаар 258.2 мянган төгрөг байна. Гэхдээ дээрх хууль хэрэгжиж эхэллээ ч малчдын олонх нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас хувь хишгийг нь хүртэж чадахааргүй байгаа юм.

Тиймээс шимтгэл төлөөгүй бол нөхөн төлүүлэх хуулийг УИХ-аар батлуулсан. 35-аас дээш насны малчид бүгд үүнд хамрагдана гэж үзвэл 280 орчим тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд төвлөрөх аж. Ингэснээр малчдын тэтгэврийн насыг наашлуулснаар нэмэгдэх зардлыг энэ мөнгөнөөс гаргаж, төсөвт нэг их ачаалал болохгүй гэж тооцсоныг төсөл боловсруулсан ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг ярьсан юм. Мөн малчнаар ажилласан нэг жилийг 1.2 жилээр тооцохоор болсон нь тэдэнд бодит дэмжлэг болж байна. Малын өвчнийг бууруулах, ямаанд мөнгө олгох тухай л ярьдаг байсан бол хүнийхээ, малчныхаа нийгмийн хамгааллын тухай дуугарч, ажил хэрэг болгож буй нь сайшаалтай.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль батлуулсан нь тэдэнд олгосон боломж. Ингэхдээ өнөөдрийн бус, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцох аж. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой бөгөөд нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийжээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг ухаж ойлгохгүй өдий хүрсэн нэгэн байхад, төлье гэсэн чин сэтгэл байвч, сар бүр орлогогүйн улмаас чаддаггүй нь олонх юм. Малчид ноолуур, идэшний цагаар буюу жилдээ 2-3 удаа л орлого олдог. Тэр үед нь нийгмийн даатгалын шимтгэл авах бололцоог нь нээсэн нь дээрх хуулийн гол ололт гэхэд буруудахгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50629
0 эможи
keyboard_arrow_up