ИХ ХЯНГАНЫ даваанд чуулсан ХЭВЛЭЛИЙНХНИЙ цугларалт
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Рашаант хот.
Монгол, Хятадын сэтгүүлчдийн YIII форум арваннэгдүгээр сарын 21-23 ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотод амжилттай болж өндөрлөлөө.Рашаант хот нь Хянган аймаг, Шилийн гол аймаг, Хөлөнбуйр хотын уулзварт байрладаг. Тус хотын хамгийн алдартай нь халуун рашаан ажээ. Хятадын ӨМӨЗО-ны зүүн хойд хэсэгт Их хянган давааны баруун өмнөд бэлд байрлана. Баруун талаараа Монгол Улсын Дорнод аймагтай хөршилж, хилийн шугам нь 93.4 км, Өвөрмонголын Эрээн, Манжуур хотын дараа жагсдаг гуравдахь хилийн боомт юм. Дайны үед япон цэргүүд энэ хотод ирж алжаал ядаргаагаа тайлдаг байжээ. Энэ хотод европ загварын байшин олон байх бөгөөд цаг агаарын хувьд хүйтэн сэрүүн бүсийнх аж. Хүн амын хувьд 68 мянга, хятад үндэстэн голдуу амьдарч үүнээс монгол,хотон, хятад манж зэрэг 13 үндэстэн оршин суудаг байна. Гудамж талбайгаар нь явахад хүний хөл цөөхөн шинэ орон сууцанд нь хүн амьдардаг юм болов уу гэлтэй. Рашаант хотыг бодлогоор экологийн хамгаалалт болон эдийн засгийн шилжилтийн газар нутаг, төрийн аялал жуулчлал аялал ядуурлыг бууруулах туршилтын бүс болгохоор төлөвлөж байгаа ажээ. Тиймээс энэ удаагийн форумыг Рашаантад зохион байгуулахын зэрэгцээ тус хотыг давхар танилцуулж байгаа нь энэ юм. Монгол, Хятадын сэтгүүлчдийн YIII форумд Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга Жөү Чүньжегийн илтгэл сэтгүүлчдийн анхаарлыг багагүй татсан юм. Тэрбээр, “ Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагаа хамтаар хожсон шинэ байдлыг бий болгоё. Ажил хэрэгч хамтын ажиллагаа мөр зэрэгцэж урагшаа ахицгаая. Иргэд хоорондын ойлголцолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүүр тавья. Ингэхдээ гурван саналыг үндэслэн ажил хэрэг болгохыг уриалсан юм. Үүнд хамгийн эхлээд улс хоорондын харилцаанын гол тулгуур нь иргэдийн ойлголцлын асуудал. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 68 жилийн түүхийг эргэцүүлж харахад найрамдал хамтын ажиллагааны үйл явцтай юм. Ялангуяа 1990 оноос хойш хоёр улсын харилцаа сайжирч хөгжлийн замдаа орсон гэж үзэж болно. Хоёр улсын дээд хэмжээний айлчлал тогтмолжилж, улс төрийн итгэлцэл гүнзгийрсэн төдийгүй бүх салбарт хамтын ажиллагаа өргөжих байдалтай байна. 2014 онд Си Жиньпин дарга Монгол Улсад айлчилснаас хойш Хятад Монголын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминг хүлээн авч уулзаад Хятадын талын “ Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “ Хөгжлийн зам”-ын санаачилгатай стратегийн асуудлыг дэмжсэн билээ. Хятад Монголын дээд хэмжээнд иймэрхүү харилцан итгэлцэл болон нэгдмэл ойлголт нь “ Иргэд хоорондын ойлголцолд” суурь тавьж өгсөн төдийгүй мэдэгдэм стратегийг дагуулах үүрэгтэй гэж харж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятад Монголын ажил хэрэгч хамтын ажиллагаа амжилттай, худалдааны цар хүрээ 50 дахин өссөн, худалдааны түнш хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдгийг онцолмоор байна. Үүнээс Хятадын талаас хариуцан байгуулсан Улаанбаатарын шинэ онгоцны буудлын хурдны замын төсөл нь амжилттай хэрэгжлээ. Мөн Монгол Улсын “ Говь” брэндийн бүтээгдэхүүн Хятад оронд борлуулалт сайтай байна. Энэ нь хоёр улсын эдийн засагт харилцан ашигтай байгааг харуулж байгаа юм. Эдийн засгийн нягтын үйл ажиллагаа нь хоёр улсын ард иргэдийг холбож үүнээс улбаалан Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулахад мөр зэрэгцэн урагшлахад шинэ хуудас нээлээ. Энэ бүхэнд хэвлэл мэдээллийнхэн иргэд хоорондын ойлголцлын хэрэгжүүлэгч гүүр нь байх ёстой. Мянган газрын аян гараанаас эхэлдэг гэж үг бий. Бид нэг мэдээг өрөөндөө сууж байгаад олох биш гүйж гарч олдог. Энэ нь мэдээний бодит үнэнг нүдээр харж чихээрээ сонсоход оршиж буй юм. Тиймээс бидний хамтран зохион байгуулж байгаа энэхүү форум бол бодит үнэнийг бусдад хүргэхийг хүсч байгаа хэрэг. Хоёр улс уул, усаар холбогдсон төдийгүй жаргал зовлонгоо хамтатгасан эдийн засгийн хэлхээ холбоотой билээ. Иргэдийн ойлголцлыг бий болгохын тулд хэвлэлийн салбарынхан алсын хараатай байх ёстой. Ингэснээр Хятад Монгол хоорондын ашиг сонирхлын хамтын цэг болон хөгжлийн огтлолцлын цэгийг хамтдаа босгох юм. Хятадын эртний нэг үгэнд бий. “ Хүчээ төвлөрүүлж өргөхөд ялахгүй зүйлгүй, нийтийн оюун ухаанаар ажиллахад бүтэхгүй зүйлгүй” гэж. Иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэхэд Хятад, Монгол хоёр талын хэвлэл мэдээллийнхэн нэгдэж, хамтран ажиллах, мөр зэрэгцэж явахад ирээдүй хойч үеийн хэтийн төлөв бодит үйл ажиллагаа болно. Монгол ардын нэг зүйр үг бий. “ Айраг удах тусам амттай болдог, найз найзлах тусам итгэлтэй болдог”. Хятад Монгол хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд хоёр улсын хөгжил цэцэглэлтэд хамтран хөгжихөд хэвлэл мэдээллийнхний энэхүү форум ач холбогдлоо өгнө гэдэгт итгэж байна гэсэн юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хэвлэлийн форумын илтгэлийг монгол хэлний халх аялгаар орчуулах нь зүйтэй
Монгол Хятадын YIII форумд Монголын талаас МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Сэтгүүл зүйн академийн Ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, МХХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, “ Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдорж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү нар болон бусад хэвлэл мэдээллийн салбарын удирдлагууд оролцсон юм. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан “ Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өчигдөр, өнөөдөр, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, “ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Монгол, Хятадын мэдээллийн харилцаанд гүйцэтгэж буй үүрэг”, “ Гүүр”, “ Монгол Хятадын харилцаанд өдөр тутмын сонинуудын гүйцэтгэх үүрэг, чиглэл”, “ Бид Хятад түнштэйгээ хэрхэн ажиллаж байна вэ” зэрэг илтгэлүүдийг тавьсан юм. Эдгээр илтгэлд Монголын хэвлэл мэдээллийн салбарт ямар өөрчлөлт гарсан, төрийн бодлого хэвлэлд хэрхэн нөлөөллөө үзүүлж байгаа болон Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаа тусган хэлэлцсэн билээ. Үүнээс МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын илтгэлээс тоймлон хүргэж байна.
Монгол Улс, БНХАУ нь өөр өөрийнхөөрөө хөгжлийн замаа сонгосон, нийгмийн өөр өөр тогтолцоотой. Энэ нь бидний найрамдал, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйг бид сайн мэднэ. Гэхдээ заримдаа санамсаргүйгээр үл ойлголцол үүсэх нь бий. Жишээ нь танай монгол хүмүүс нийгмийн сүлжээнд , эсвэл хэвлэлээр бидний тухай таагүй мэдээлэл түгээсэн байна гэсэн гомдол ирдэг. Яагаад тийм явдал гарч болох вэ гэдгийг би тайлбарлая. Монгол Улс иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиараа хангаж хамгаалсан учраас төр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хуулиар хориглодог. Хүн бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулж чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэн хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа нь хувь хүний бодол болохоос Монгол төрийн бодлого биш юм. Төрийн бодлого байр суурийг албан ёсны мэдэгдэл, албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээс харж болно. Гэхдээ төрийн ажилтан нь хувь хүний байр сууриас илэрхийлэв үү, Монгол Улс төрийн нэрийн өмнөөс мэдэгдэл хийв үү гэдэг нь ялгаатай. Ер нь бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь юу хүссэнээ чалчих хязгааргүй эрх чөлөө биш, бусдын өмнө хүлээх хариуцлага, ёс зүйгээр хязгаарлагдсан хэмжээт эрх чөлөө юм. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн тогтолцооны тухай өнгөрсөн хорь гаруй жилд баримталсан зарчим, ойлголт, хандлагаа эргэн харж хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн хариуцлага, ёс зүйн асуудалд илүү анхаарч ажиллаж байна. БНХАУ-тай харилцах харилцааны талаархи албан ёсны байр суурь зарчмаа Монголын төр тодорхой илэрхийлсээр ирсэн. Энэ нь “ Монгол Улс БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д заасанчлан “ Бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” явдал юм. БНХАУ-ын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэнэ, дотоод хэрэгт нь үл оролцоно гэдгээ Монголын төр удаа дараа мэдэгдсэн билээ. Саяхан шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар ч Монгол, Хятадын харилцааг өндрөөр чухалчилж, хоёр улсын харилцааг цаашид Монгол Улсын гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл болгоно гэдгээ мэдэгдээд байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарын албан ёсны бодлого ч мөн л энэхүү үзэл баримтлалын хүрээнд байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Хятад улс хөш орнуудтайгаа найрсгаар харилцах түншлэх бодлого тууштай баримталж, тэдний хамтаар энхтайван, аюулгүй, хамтдаа хожиж, хамтдаа хөгжсөн бүс нутгийг бүтээн байгуулах бодлого баримталж байгааг Монголын тал сайн мэддэг, талархдаг. Ази, Европыг холбосон нэгэн том гүүр болох, Хятад-Монгол-ОХУ гурван орныг холбосон эдийн засгийн хонгил бий болгох хөтөлбөрийг өөрийн хөгжлийн бодлоготой уялдуулсны үндсэн дээр идэвхтэй оролцох Монгол Улсын хүсэл сонирхол аль ч Засгийн газрын үед өөрчлөгдөөгүйг та бүхэн анзаарч байгаа байх. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан Монгол Улстай харилцах БНХАУ-ын албан ёсны байр суурийг сайн мэдэж байгаа билээ. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагынхан БНХАУ-ын өнөөгийн байдал, хөгжил дэвшил, ололт амжилт, зан заншил, соёл, аж амьдралын талаархи мэдээллийг Монголчууддаа үнэн бодитоор нь хангалттай хүргэж байгаа гэж үзэж байгаа. Гэтэл БНХАУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын талаар гарч буй мэдээ мэдээллийг үүнтэй хувь тэнцүүлэн харьцуулбал харьцангуй бага гэдгийг мэргэжил нэгт нөхөд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Мөн цаашдаа Монгол, Хятадын хэвлэлийн форумын илтгэл, материал болон хоёр улсын хамтын ажиллагааны арга хэмжээний орчуулгыг монгол хэлний халх аялгаар орчуулах нь зүйтэй. Ингэхгүй бол зарим тохиолдолд ойлголтын зөрүү гарч болохоор байгаа нь ажиглагдлаа. Мэдээлэл бол улс орон, ард түмнүүдийн найрамдалт харилцааны нэгэн том гүүр билээ. Ирэх жил Монгол, Хятадын IХ форум Монгол Улсад зохион байгуулагдана. Энэхүү хариуцлагатай ажлыг МСНЭ-ээс зохион байгуулахаар болсон. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа улам бүр хөгжих болтугай.
Шинэ эриний Хятад Монголын хэвлэлийн салбарт сэтгэлийн гүүр тавив
Энэ удаагийн форумын гол онцлог нь хоёр орны хоорондын иргэдийн ойлголцлыг илүүтэйгээр чухалчлан үзэж байв. Иргэдэд зөв ойлголт өгөхийн тулд сэтгүүлчдийн оролцоо өндөр төдийгүй үүнийг дагасан хөгжлийн түлхүүр хоёр талд хоёуланд нь байгаа гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, Ардын өдрийн сонины Гадаад харилцааны газрын дэд дарга Шюй Бөгийн хэлснээр, сүүлийн жилүүдэд “ Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг хурдацтай хөгжүүлж, контент солилцох, мэргэжилтэн солилцож байгаа нь гадаад харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Ардын өдрийн сонин бол 70 гаруй жилийн түүхтэй хэвлэл мэдээллийн нөлөө бүхий байгууллага юм. Манайх 10 гаруй төрлийн мэдээллийн хэрэгсэлтэй, Ардын өдрийн сонины дэргэд 30 төрлийн сонин, сэтгүүл, 40 сайт ойролцоогоор 200 блог, вичат, клиент, хилийн чанадад 42 салбартай. Хүлээн авагчид давхардсан тоогоороо нийт 650 саяд хүрсэн. Тус сонин Монгол Улсын тухай мэдээлэх сонирхол их байдаг төдийгүй үүнээс улбаалан Улаанбаатар хотод Ардын өдрийн сонины төлөөгчийн газрыг байгуулаад монгол хэлний суваг нээж, монгол хэлний мэдээ цацаж байна. Өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд IY аж үйлдвэрийн хувьсгалын авч ирсэн асар их өөрчлөлтийг даган хөгжиж байна. Шинэ түүхийн нөхцөлд Хятад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийг бүтээж, ажил хэрэгч хамтын ажиллагааг хамтран хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэсэн юм.
МҮОНР, Хятадын хэвлэлтэй хэрхэн хамтрах вэ
Монголын радио гадаад харилцааны чухал гүүр барьж, жилээс жилд түүнээ өргөтгөн бэхжүүлж байгаа ажээ. Олон улстай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон түүхийг бий болгожээ. МҮОНР-ийн захирал Б.Баярсайханы ярьснаар, “Монголын радио 1992 онд ХОУР-той мэргэжилтэн солилцох нэг урсгалтай нарийхан гүүр барьсан. Дараа нь ӨМӨЗО-ны Радиотой хамтын ажиллагааны жижиг гүүр барьсан. Үндэсний телевиз ССТҮ-тэй хамтын ажиллагааны түүхтэй байв. Эдгээр нь бидний хамтын ажиллагааны эхлэл байсан гэж ойлгож байгаа. 2017 оны хувьд МҮОНРТ болон ХУОР, ССТҮ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хоорондын харилцаанд чухал алхам хийсэн. Тухайлбал, “ Хятадын театр” төслийг хамтран хэрэгжүүлж үүний үр дүнд Хятадын “ Ухаарч амьдрах хорвоо, “ Миний жаахан нар” зэрэг кинонууд нь Монголын үзэгчдийн талархлыг хүлээж чадсан. Энэхүү төсөл кинонууд цаашдаа үргэлжилнэ. Ирэх онд ХОУР, МҮОНР хамтарч нэгэн шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ бол бидний хувьд харьцангуй шинэ зам, шинэ гүүр байх болно. Бээжин, Улаанбаатар хотод “ Монгол, Хятад дууш хэн сайн дуулах вэ” уралдаан зохион байгуулна. Уралдааныг зохион байгуулахдаа хоёр улсад бүсчилсэн хэлбэрээр анхан шатны шалгаруулалт хийж, улмаар шалгарсан дуучдын Гала тоглотыг Улаанбаатар, Бээжин зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хоёр орны сонсогчдын хувьд илүү нээлттэй ойлголцох шинэ гарц, шинэ боломж гэж харж байна.
Өдөр тутмын сонинуудын гүйцэтгэх оролцоо ямар байх вэ
Энэ талаар “ Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч Б.Төмөртогоогийн илтгэлд дурдсанаар , “ Хоёр улсын үндэсний өдөр тутмын сонины үйл ажиллагааны харилцаа хамтын ажиллагааг нэгэн зүгт зангидаж чадвал тодорхой үр дүн гарна гэж харж байгаа. Өнөөдөр Монгол Улсад өдөр тутмын найман сонин тогтмол хэвлэгдэж уншигчдад хүргэж буй. Хэдийгээр цаг үеэ дагаад цахим мэдээллийн хэрэгслийн урсгал хүчтэй орж ирж байгаа ч өдөр тутмын сонинууд мэдээллийн чухал эх сурвалж гэдэг байр суурь нөлөөгөө хадгалсаар байгаа нь судалгаагаар нотлогддог. Монгол Улсын өдөр тутмын сонинуудыг нэгтгэдэг Өдөр тутмын сонины форум зохион байгуулж, өдөр тутмын сонинуудын тунхагийг батлан гаргасан. Мөн өдөр тутмын сонины сэтгүүлчдийн мөрдөх ёс зүйн хэм хэмжээний зарчмаа тодорхойлсон. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах алхам болсон гэж судлаачид үзэж байгаа. Цаашдаа Монголын үндэсний өдөр тутмын сонинууд Монгол Хятадын харилцаан дах улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухааны чиглэлээр бие даасан мэдээ, нийтлэл бэлтгэж олон нийтэд хүргэвэл үр дүн гарна гэж найдаж байна.
Ажил хэрэгч брэндийг хамтдаа бий болгоё
Рашаант хотод мөнгөн өвлийн улиралд чуулсан Монгол, Хятадын сэтгүүлчдийн форумын үйл ажиллагаа өмнөх жилүүдээсээ үр бүтээлтэй, оновчтой саналтай, өргөн хүрээтэй болсон билээ. Дараа жилийн форумын үйл ажиллагааг Монгол Улсад зохион байгуулахаар болсон юм. Мөнхийн хоёр хөршүүд уул усаар холбогдож, иргэд хоорондоо ойлголцож, давуу талаа харилцан нөхөж, хамтран ажиллаж брэнд бүтээж, харилцан суралцах ойлголтоор явж чадвал хоёр орны ард түмэнд алс хэтийн ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байсан юм. Цаашдаа “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум”-ын тавцангаар дамжуулж найрамдлын харилцааг бэхжүүлэн ажиллахад бэрхшээлгүй гэж байлаа. Бид дэлхийн эдийн засгийн интеграци, интернетийн эрин, радио телевизийн хэрэгслүүдийн өрсөлдөөний эринд оршиж байгаа билээ. Тиймээс бид хамтдаа сонгодог брэнд бий болгож, хамтдаа амьдралаа дээшлүүлж, хамтдаа хожиж, хамтдаа цэцэглэн хөгжихийг уриалсан форум болж чадлаа.
Үргэлжлэл дараагийн дугаарт...
В.САРАНТУЯА