ЦАЛИНТАЙ ЭЭЖҮҮД хүн амын ЦАГИЙГ зогсоохгүй
Манай улсын хүн амын дундаж өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Энэ бол сайхан мэдээ. Үндэсний статистикийн хорооны тооцооллоор долоон минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж, 30 минут 36 секунд тутамд нэг хүн нас барж, манай улсын хүн ам найман минут 36 секунт тутамд нэг хүнээр нэмэгдэж байгаа ажээ. Энэ тооцооллыг олон улсад хүн ам зүйн цаг гэж нэрлэдэг.
Өнөөгийнх шиг хүн амын өсөлт эрчимтэй байсан үе бол 1975-1990 он. Энэ 15 жил манай улсын хүн амын дунд төрөлт хамгийн их нэмэгдсэн оргил үе байжээ. Тиймээс Монголыг хүүхэд залуучуудын орон гэдэг байлаа. Тухайн үед төрсөн хүүхдүүд эдүгээ нөхөн үржихүйн насанд хүрсэн учир төрөлт нэмэгдэж байгаа гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг юм билээ. Гэхдээ үүнийг цонх үе гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлбэл ийм өсөлт түр зуурынх. Хүн ам зүйн энэхүү таатай үе буюу цонх эргээд хаагдах нь тодорхой. Одоогоор манай улсын хүн амын жилийн дундаж өсөлт 2.1 байгаа нь таатай үзүүлэлт боловч 2025 он гэхэд энэ нь 0.99 болж хоёр дахин буурна гэж судлаачид тооцжээ. Тэгэхээр долоон жилийн дараанаас төрөлт буурч, ахмад настнуудын асуудал төр засгийн нуруун дээр илүү ачаалал нэмнэ гэсэн үг.
Үүлэн чөлөөний нар шиг энэ таатай хугацааг ашиглан хүн амын өсөлтийг дэмжихгүй бол цаашид төрөлт буурах хандлагатай байгаа юм. Үүнийг мэргэжлийн байгууллагуудын судалгаа ч харуулж байна. Тухайлбал, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээс харахад, хүүхэдтэй өрхийн тоо 531,1 мянга байна. Эдгээр өрхийн 38 хувь нь 0-18 насны хүүхэдгүй байгаа бөгөөд 0-18 насны хүүхэдтэй өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй, 16 орчим хувь нь өрх толгойлсон ганц бие эх, эцэгтэй өрх байгаа ажээ. Энэ нь айл өрхүүд цөөн хүүхэдтэй байх хандлагатай болж байгааг илэрхийлж байна гэж судлаачид дүгнэжээ. Тэгэхээр нөхөн үржихүйн насныхан хүн амд жин дарж байгаа энэ үед л төрөлтийг дэмжихгүй бол оройтож мэднэ. Ирээдүйд хүн амын дунд ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, насжилт ихэсч, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан хойно төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй.
Өнөөгийн парламент үүнийг олж харж тодорхой бодлого, шийдвэр гаргаад байгаа юм. Үүний нэг нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль. Энэ оны зургадугаар сарын 30-ны өдөр УИХ-аар батлагдсан энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нэрнээс нь хараад ч юм уу уг хуулийг зүгээр л нэг халамж, тэтгэмжийн хууль гэж ойлгож мэднэ. Халамж, тэтгэмжийн тухай хууль мөн нь мөн. Гэхдээ нийгэмд үзүүлэх нөлөө, үр дагаврын хувьд, нөгөө талаас нь харвал хуулийн үзэл санаа, агуулга нь асар том юм. Ингэж хэлсний учир нь дээр өгүүлсэн хүн ам зүйн цонх үетэй холбоотой. Яагаад гэвэл төрөлтийг дэмжих, хүн амын өсөлтийг тогтвортой удаан хугацаанд хадгалах нь төрийн оновчтой бодлогоос шалтгаална.
Юутай ч УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хам-гааллын сайд С.Чинзориг нарын гишүүдийн санаачлан батлуулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн агуулга жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ. Тухайлбал, энэ хуулийн дагуу 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг олгоно. Энэ тэтгэмжид 135 мянган ээж хамрагдах судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл хүүхдээ асарч байгаа ээжүүд цалинтай болж байгаа гэсэн үг. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох зохицуулалт хуульд бий. Энэ дагуу 165 мянган өрх толгойлсон эцэг, эх дээрх тэтгэмжид хамрагдахаар болсон байна. Эдгээр тэтгэмжид зориулж ирэх оны төсөвт нийт 96.8 тэрбум төгрөг тусгаад байгаа. Үүнээс 81 тэрбум төгрөгийг нь 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд олгох ажээ. Харин 15.8 тэрбум төгрөгийг өрх толгойлсон эцэг эхчүүдэд зарцуулахаар 2018 оны улсын төсөвт суулгасан байна.
Хууль хэрэгжиж эхэлснээр гарах шууд үр дүн нь мэдээж хүүхдээ асарч байгаа эхчүүд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн орлого эрс нэмэгдэнэ. Хүүхэдтэй айл өрхүүдийн амьжиргааны түвшин сайжирна. Үүнийг дагаад бяцхан хүүхдүүд эхийнхээ хайр халамж, асаргаанд эрүүл энх бойжих таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Хүүхдийг төрснөөс нь хойш эхний 1000 хоногт эхийн сүү болон шимт хоол тэжээл, сайн асаргаагаар хангах нь тархины үйл ажиллагаа болон биеийн өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдгийг анагаах ухаан нотолсон. Тиймээс ч барууны өндөр хөгжилтэй улс орнуудад ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асардаг. Бидэнд хамгийн ойрын жишээ гэвэл япончууд байна. Япон ээжүүд хүүхдээ эрүүл чийрэг бойжуулах, улмаар зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх л үүрэгтэй. Тиймээс бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Тэдний гол үүрэг нь нийгэмдээ эрүүл чийрэг, зөв сайн хүн бэлдэж өгөх явдал л байдаг.
Сар гаруйхны дараанаас хэрэгжиж эхлэх Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үзэл баримтлал үүнд л чиглэж байгаа юм. Одоогоор манай улсад хүүхэдтэй ээжүүд ажил хөдөлмөр эрхлэх нь түгээмэл байгаа. Энэ нь нийгэм, эдийн засгийн олон шалтгаантай. Наад зах нь ажил олгогч 0-3 хүртэл насны хүүхэдтэй эх, эцэгт хүүхдээ асрах чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалах үүрэг хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан боловч хүүхэд асарч байх хугацаанд нь ямар нэг цалин эсхүл амьжиргааг дэмжих тэтгэмж олгодоггүй. Тиймээс бага насны хүүхэдтэй ээжүүд аль болох хурдан ажилдаа орохыг боддог. Ажлын байраа алдахгүй байх, бас өрхийн амьжиргаагаа өөд татах, айл гэрийнхээ орлогод хувь нэмэр оруулах гэсэн эрмэлзэл нь тэднийг ийм сонголтод хүргэдэг.
Гэтэл ээжийнхээ хөхнөөс гараагүй бяцхан үрсийг нь хэн асарч халамжлах вэ гэдэг нь хамгийн том асуудал. Манай улсад төлбөр өндөртэй хувийн цэцэрлэгүүдийг эс тооцвол 0-2 хүртэлх насны хүүхдийг асран халамжлах цэцэрлэг, ясли үндсэндээ байдаггүй. Тийм учраас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ гэртээ асарч ажил хийхгүй байх тохиолдол элбэг байдаг. Ийм тохиолдолд тухайн өрх орлогын хомсдолд орно. Нэг хүний цалингаар амьдарч байгаа айл хүүхэддээ шим тэжээлтэй хоол өгч, хөгжлийг нь хангаж чаддаггүй. Түүнчлэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ хангалтгүй. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй учраас хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдаг.
Энэ бол нэг өрхийн өмнө тулгарч байгаа бэрхшээл биш төр засаг, эрх баригчид, бодлого шийдвэр гаргачдын заавал шийдэх ёстой асуудал юм. Тиймээс УИХ-ын гишүүд олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих, хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн баталгааг дээшлүүлж, хүн амаа өсгөх бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа өнөө үед хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Энэ мэт амьдрал дээр нүүр тулсан олон бодит нөхцөл, хэрэгцээг үндэслэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас батлан гаргаад байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр, “Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг тус тус батлан хэрэгжүүлнэ” гэсэн зорилт ийнхүү ажил хэрэг болж байна. Цаашид “Цалинтай ээжүүд” улам олон болно. Хүн ам зүйн цагийн зүү ч илүү хурдан эргэх биз ээ.