Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

2017 оны 11 сарын 30

 Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1273 авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Түүнчлэн зам дагуух жижиг дэлгүүр болон тос масло зардаг цэгүүд, дугуй худалдааны нийт 506 цэгт авто машины сэлбэг хэрэгсэл, тосолгооны хийгээд ашиглалтын бусад материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж байна. Харин дээрх авто сэлбэгийн худалдаа эрхлэгчдийн ажлын байрны байдлаар нь үзвэл 58 хувь нь ил задгай захын худалдаа, 24 хувь нь худалдааны төв /павилон/, найман хувь нь зам дагуух жижиг дэлгүүр, зургаан хувь нь зам дагуу тос, маслын цэг, үлдсэн дөрвөн хувь нь зам дагуух дугуйн худалдаа, томоохон авто машины сэлбэгийн худалдаа эзэлдэг аж.

Харин дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Хамгийн харамсалтай нь, 5-29 насны хүүхэд, залуусын үхлийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осолтой ямар нэгэн байдлаар холбогдож байгаа аж. Тэгвэл манай улсын хувьд зам тээврийн осол, зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдэж, түүнээс шалтгаалах нас баралт өсөх хандлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт осол, гэмтлийн 18.9 хувийг зам тээврийн осол эзэлж байгаа нь яах аргагүй анхаарах асуудал юм.

-Баталгаагүй сэлбэг хэрэгслийн хор хөнөөлийг олон нийтэд таниулна-

 Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

Тэгвэл Зам тээвэр, хөгжлийн яам болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас өнөөдөр “Авто машины сэлбэг, импорт, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын төлөөлөл оролцлоо. Тэд гарал үүслийн гэрчилгээтэй авто машины сэлбэг хэрэгслийн давуу тал, эсрэгээрээ баталгаагүй сэлбэг хэрэгслийн хор хөнөөлийг олон нийтэд таниулахыг зорьсон юм. Хэлэлцүүлгийн үр дүнд авто машины сэлбэг хэрэгслийн импорт, борлуулалтын чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах төлөвлөгөө гаргахаар болсон юм.  

-Б.Очирбат: Осолдсон тээврийн хэрэгслийн 92.3 хувийг суудлын авто машин эзэлж байна-

 Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Очирбат “Авто машины сэлбэг хэрэгсэл, импорт, хэрэглээ” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл суудлын авто машин 92.3 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд зам, тээврийн осолд холбогдсон авто машины төрлийг өмнөх оныг нв үзүүлэлттэй харьцуулахад автобус 19.2 хувь, механизм 38.7 хувиар буурсан. Харин ачааны авто машинаар үйлдэгдсэн осол 17.5 хувиар өссөн байна” хэмээн ярилаа.  

-Гарал үүслийн бичиггүй сэлбэг, хэрэгслийг ашиглаж байна-

 Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

Өнөөдөр автотээврийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал байгаа аж. Тухайлбал, холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг судалж үйл ажиллагаандаа дагаж мөрддөггүй, авто үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ чанарын баталгаагүй, үйлчилгээний ажилтнууд нь мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэшүүлэх сургалтад хамрагддаггүй. Түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгсэл, тос тослох материал худалдах, засвар үйлчилгээндээ ашигладаг, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжгүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуй, ажиллах орчин нөхцөл муу зэрэг шалтгааны дурдаж болно. Иймээс цаашид хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэхээс гадна олон ажлыг шийдвэрлэх шаардлагатай гэж хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50496
0 эможи
keyboard_arrow_up