52 байршилд газар өмчлүүлэх ажил ирэх наймдугаар сараас эхэлнэ

2014 оны 6 сарын 27

Нийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг өмчлүүлэхээр төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа.

Тэгвэл  төлөвлөлтийн ажил дуусч НИТХ-аар батлуулахад бэлэн болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг төлөвлөлтийн ажилтай НИТХ-ын тэргүүлэгчид өчигдрийн хуралдааныхаа үеэр танилцаж, эхний ээлжинд 20 байршил, зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын хаягийн зургийг баталлаа.

Уг 20 байршлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргаж хаягийн зургийг бэлэн болгоод байгаа юм.

 

Ингэснээр иргэд ирэх наймдугаар сараас эхлэн газар өмчлөх эрхээ баталгаажуулах бүртгэлд оролцох эрх эдлэх талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар мэдэгдсэн байна.

 

Уг байршлуудад газар олгох бүртгэлийн ажлыг олон нийтэд албан ёсоор 14 хоногийн өмнө мэдээлж, цахим программаар иргэдийн мэдээллийг хүлээж авах аж. Цахим программын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтын шугамаар ажиллуулж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил, доголдол илрээгүй байна. Өөрөөр хэлбэл, программ нь өнгөрсөн хугацаанд туршилтын хэлбэрээр ажиллаж байсан тул  бүртгүүлсэн иргэдийн материалыг хүчингүйд тооцох юм.

 

Түүнчлэн анх 52 байршилд иргэнд газар өмчлүүлэх тухай асуудал яригдаж эхэлж байхад газрын хэмжээг 0.7 га гэж тооцоолж байсан ч олгогдох газрын талбайн хэмжээнээс хамаарч 0.5 га болгон өөрчилсөн байна.

 

Дашрамд дурдахад, уг газар өмчлүүлэх мэдээлэл түгсэнтэй холбогдуулан товлогдсон байршлуудад иргэд хашаа хатгаж эхлээд байгаа. Иргэдийн энэ үйлдэлд хязгаарлалт хийх үүднээс тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар, газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулж эхлээд байгаа юм.

 

Ингээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон  Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн эхний 5 амны хаягийн зургийг дэлгэрэнгүй танилцуулж байна.

  

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг
 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Их цуурайн ам, 71 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га
Баянзүрх дүүргийн 9, 24 дүгээр хороонд Баруун цагаан давааны урд ам, 25 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хадатын ам, 87 га

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд Эрдэнэтолгой, 155 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлт уулын баруун хоолой, 565 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлтийн дөрөлж, 180 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Шар хөв, 76 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Түрүүний хөндий, 227 га
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Тахилтын хөндий, 184 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Долоон худгийн хөндий, 71 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Соёондын ам, 517 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Өндөр хаан уул, 69 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Цагаан чулуут, 576 га

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хожуулын ам, 166 га

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 1-р хэсэг, 64 га
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 2-р хэсэг, 64 га

Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 1-р хэсэг, 526 га
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 2-р хэсэг, 376 га
Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Бор үзүүр,160 га  
 

Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний 5 амны хаягийн зураг
 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цолмон,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайт,

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5049
0 эможи
keyboard_arrow_up