“Татварын бүртгэл 2017” улсын олимпиадын ШИЛДГҮҮД тодорлоо
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс аж ахуйн нэгжийн нягтлан бодогчид болон татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг оюутан, залуусын дунд “Татварын бүртгэл 2017” улсын олимпиадыг 11 дүгээр сарын 16, 23-ны өдүрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн улсын олимпиадыг Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч, татварын итгэмжит зөвлөх Я.Мишиглүндэнгийн нэрэмжит болгосноороо онцлог байлаа.
Олимпиадын хамтран зохион байгуулагчаар “Новасофт” ХХК ажиллаж нэгдүгээр шатны шалгаруулалтыг улс даяар цахим хэлбэрээр нээлттэй явууллаа. Мөн Сангийн яам, Татварын ерөнхий газар тус олимпиадыг дэмжиж хамтран ажилласан байна.
Нэгдүгээр шатанд нийт 400 оролцогч бүртгүүлэн өрсөлдөж, мэдлэг чадвараа сорисноос бүлэг тус бүрээс шилдэг 20 оролцогч дараагийн шатанд шалгарсан юм.
Тус олимпиадын шилдэг 6 оролцогчийн шагналыг өчигдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд гардуулсан байна. Тус арга хэмжээнд ТМЗН-ийн хүндэт ерөнхийлөгч Я.Мишиглүндэн, Сангийн яамны НБББГ-ын дарга Б.Болормаа, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, ТМЗН-ийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, гүйцэтгэх захирал Ц.Болормаа, Новасофт ХХК-ийн захирал Э.Тогтуун нар оролцлоо.
Нягтлан бодогч бүлгээс тэргүүн байрт “БДО Такс ТМЗ” ХХК-ийн татварын мэргэжилтэн С.Отгонжаргал, дэд байрт “Ургах жигүүр ХХК-ийн нягтлан бодогч А.Нандин-Эрдэнэ, тусгай байрт “Аплас Монгол” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Тамир, Оюутны бүлгээс тэргүүн байрт Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Эгшиглэн, дэд байрт Монгол улсын их сургуулийн оюутан Г.Гүнсэлмаа, тусгай байрт Мандах бүртгэл их сургуулийн Дархан салбарын оюутан Х.Цэрэнпил нар шалгарчээ.