Унаж амиа алдсан дөрвөн иргэн хамгаалах бүс зүүгээгүй байжээ
Одоогоос 14 хоногийн өмнө буюу энэ сарын 9-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хороонд байрлах 204 дүгээр байрны гадна дулаалгын ажил хийж байсан дөрвөн иргэн 8 давхраас унаж амь насаа алдсан билээ. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг хэргийн талаар шинжилж үзээд ослын шалтгааныг дараах байдлаар тодорхойлжээ.
Ажилчид орон сууцны 7, 8, 9 давхрын айлын гадна дулаалгын ажил хийхээр гурван залгаас бүхий дүүжинт өргүүр ашиглан цонхны гадна амлагааны хуучин шаврыг авч байсан бөгөөд энэ үед дүүжинт өргүүрийн залгаасны боолт шувтарч унасны улмаас осол гарчээ.
Өөрөөр хэлбэл,
-Ажил гүйцэтгэж байсан дүүжинт өргүүр нь техникийн аюулгүй байдал хангагдаагүй,
-Өргүүр дээр ажиллаж байсан дөрвөн иргэн хувийн хамгаалах хэрэгсэл /өндрийн хамгаалах бүс/ хэрэглээгүйгээс осол гарч амь насаа алдсан байна.
Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.