Д.Догсомын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дансранбилэгийн Догсомын мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Ойн хүрээнд “Стратеги” академи, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ.
Хурлыг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, “Стратеги” академийн захирал, доктор Я.Төмөрбаатар үг хэлсэн юм.
Мөн Д.Догсом агсаны 1921 оны Монголын хувьсгалд гүйцэтгэсэн үүрэг амьдрал, үйл ажиллагаа, түүхэн гавъяа төдийгүй уран бүтээлийн талаар ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Түүх соёл судлалын багийн багш, дэд профессор Д.Наранцацрал, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Орчин үеийн Монголын түүхийн салбарын эрхлэгч Түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Хишигт нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хуралд урилгаар УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямба, Хэнтий нутгийн төлөөлөл, Д.Догсомын аавын дүү Төртогтохын зээ Б.Батмөнх, МУ-ын Ардын жүжигчин П.Цэрэндагва, МАН-ын үе үеийн төрийн түшээд байсан ахмадуудад оролцож өөрдсийн санал бодлоо илэрхийлсэн юм.
Д.Догсом 1884 оны долдугаар сарын хорьдоор Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг Шинэ булаг буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төржээ.
Тэрээр Богд хаант Монгол улсын үед Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллахын сацуу Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлаар 1915 онд Хиагт хотноо болсон Монгол, Орос, Хятад гурван этгээдийн бага хуралд монголын төлөөлөгчдийн эх зохиох түшмэлээр, 1915-1916 онд Засгийн газраас томилсон газар дэлхийн баялагийг шинжлэх комисст тус тус ажиллаж байжээ.
1921 оны Ардын хувьсгал, болон зүүн хүрээний нууц бүлгэм байгуулагдахад түүний гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд ном зохиолд тэр бүр дурдагдаагүй байдаг байна.
Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн түүнийг 1962 оны нэгдүгээр сарын 25-нд цагаатгасан аж.