Мэдэгдэл

2014 оны 6 сарын 26

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ умартсанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнлийн зүгээс харамсаж байна.

НҮБ-аас 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийг баталсан бөгөөд Монгол Улс 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсноос хойш 14 жилийн хугацаа өнгөрч байгаа билээ.

2005 онд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тусгай илтгэгч Манфред Новак Монгол Улсад ажилласан бөгөөд түүний зөвлөмжид Монгол Улсын Засгийн газарт түүний өгсөн тайлан зөвлөмжид Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэд хуулийн байгууллагын ажилтныг шалгах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байгуулсныг сайшаагаад цаашид тус байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлж, эрүү шүүлтийг мөрдөн шалгах чадавхыг нэмэгдүүлэх талаар дурдсан байдаг.

Мөн НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 2010 оны 11 дүгээр сарын 01-19-ний өдрийн 49 дүгээр хуралдаанаар Монгол Улсын эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаарх илтгэлийг хэлэлцсэн билээ. Тус хуралдаанаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн 9 дэх заалтад "Ял завших явдлыг зогсоож, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргасан төрийн албан хаагчийг буруушааж, ийм үйлдэл хийсэн хэнийг ч бай мөрдөн шалгаж, шаардлагатай бол яллах, шүүх, үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд, хөнгөнд нь тохирсон ял ногдуулж байхыг оролцогч улсаас хүсэж байна. Оролцогч улс нь эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах асуудал гаргагчдыг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах хэрэгтэй байна” гэж тусгажээ. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 2797 дахь хэлэлцүүлгээс Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн 13 дахь заалтад "Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд цагдаагийн ажилтны үйлдсэн бүх гэмт үйлдлийг мөрдөн шалгах бүрэн эрх, хараат бус байдал, хангалттай хөрөнгө хүч олгоход оролцогч улс анхаарна уу” гэсэн байна.

Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэйгээр мөрдөн шалгах, эрүүдэн шүүгчдэд ял завших боломж олгохгүй байх механизмыг дахин сэргээхийг шаардаж байна.

2014 оны 12 дугаар сард ЭШЭК батлагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ үед "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт Протокол”-ыг соёрхон баталж, хууль хяналтын ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих үр дүнтэй механизмыг нэвтрүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд хандан уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5010
0 эможи
keyboard_arrow_up