“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй“-н сургалт болж байна
Төв аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Ололт-Амжилт сургалтын төвтэй хамтран аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийн дарга, гишүүд болон үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын дарга, гишүүдэд зориулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт”-ыг зохион байгуулж байна.
Сургалтад Төв аймгийн 27 сумын Засаг даргын орлогч болон Хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Эдгээр хүмүүс нь сумандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тус сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ сумынхаа аж ахуй нэгж байгууллагуудад зохион байгуулах үүрэг чиглэлтэй юм.
Төв аймгийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр ИТХ-аар дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэ онд тус хөтөлбөрийн хүрээндээ “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэе” сарын аян өрнүүлж, 27 суманд болон аймгийнхаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийг сурталчилж, мөн хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт тавин ажилласан байна.
Мөн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-тай хамтран аж ахуйн нэгж байгууллагуудынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүдийн хүрээнд үзүүлэх сургалтуудыг зохион байгуулсан байна.
Эх сурвалж: MNB.mn