ХҮҮХДИЙН ЭРХТЭЙ холбоотойгоор гаргасан шийдвэрээсээ УХРАХГҮЙ байхыг зөвлөлөө
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг өнөөдөр дэлхий даяар анх удаа тэмдэглэж байна.
Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд энэ жилээс эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар тус сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Хүүхдрийн өдрийг тохиолдуулан 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн дүгнэлт зөвлөмжийг өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын Засгийн Газар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын хэрэгжилтийн 5 дугаар тайлан илтгэлээ 2015 оны 4 дүгээр сард НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээн хэлэлцүүлсэн билээ. Энэхүү тайлантай холбогдуулан Монгол Улсад хүүхдийн эрхийн хэрэгжилт ямар байдалд байгаа талаар нэмэлт мэдээлэл өгөх ТББ-уудын болон хүүхдийн сүүдрийн илтгэл гарсан юм.
2017 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос тус илтгэлийг хэлэлцэж, конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт дүгнэлт зөвлөмжөө ирүүлснийг танилцууллаа.
Хүүхдийн засаглалын хөтөлбөрийн менежер Э.Цолмон "Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой олон төрийн бус байгууллага /ТББ/ үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар тайланд нийтдээ 50 ТББ байгууллага бүхий 5 үндэсний сүлжээ байгууллага оролцож байна.
Мөн "Дэлхийн Зөн Монгол" хүүхдийг ивээх олон улсын байгууллага оролцож байгаа. Хүүхдийн эрхтэй холбоотой олон асуудал байна. Тухайлбал, хүүхдийг хурдан морь унуулах асуудал юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээний талаар 138 дугаар конвенц, мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай 138 дугаар конвенц байдаг.
Манайх эдгээр конвенцийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна. Мөн Засгийн Газар хүүхдийн эрхтэй холбоотойгоор өмнө нь гаргасан шийдвэрээсээ ухрахгүй байхыг зөвлөмжид тусгасан. Өөрөө хэлбэл, хөдөлмөрийн сайдын насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад заасанчлан жил бүр 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний хооронд хурдан морь, уяа сунгаа, үсэргээ, уралдаанд хүүхдийг оруулахгүй гэдэг зүйл заалтаа барихыг хүсч байгаа юм. Ийнхүү хүүхдийн амь насанд аюул учруулсан этгээдэд хариуцлага тооцохыг хорооноос зөвлөсөн" гэлээ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрыг энэхүү дүгнэлт зөвлөмжийн ач холбогдлыг ойлгон, конвенцын бүх зүйл заалтын уялдаа бүхий, салшгүй, харилцан хамааралт байдлыг анхааран ажиллахыг сануулж байгаа юм.