Төрөөс хямд орон сууцыг худалдан авч, иргэдэд бага үнээр түрээслүүлнэ
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гэр хорооллыг орон сууцжуулах, зээл, түрээсийн орон сууцны үнийг хэрхэн зохицуулах талаар ярилцлага өгчээ.
Тэрбээр энэ талаар "Урьдчилгааг бууруулах боломжийг бид хайж байгаа. Түүнээс гадна 4000 айлын түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байгаа. Нийслэл, орон нутагт 1500 айл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Түрээсийн орон сууц нь урьдчилгаа төлбөргүй, сар бүр тодорхой төлбөрийг түрээс маягаар төлж байгаа. Түрээсээ төлж дууссаны дараа тухайн орон сууцаа өөрийн эзэмшилд авах боломжтой. Энэ боломжийн хувилбар гэж бодож байгаа ч түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тодорхой барьцаа хэрэгтэй. Тухайлбал, төрийн албан хаагч бол төрийн албанд ажилладаг, ийм төгрөгийн цалинтай, орлоготой гэсэн баталгаа гаргаж өгч болно. Гэтэл нөгөө талдаа барьцаатай, байнгын орлоготой гэдгээ нотолж чадахгүй зорилтот бүлэгт бас ямар боломж олгох вэ гэдгийг судалж байна. Түүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газрыг нь орон сууцаар солих ажил хийгдэж буй. Газар чөлөөлөх явцад тухайн айлын газрыг чөлөөлсөн ч түр байрлуулах байрны хангамж байхгүй байгаа. Тиймээс газар чөлөөлөлтөд зориулж Дэнжийн 1000-ын ойролцоо 1000 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газарт саналаа өгсөн. Энэ орон сууц ашиглалтад орвол газраа чөлөөлсөн айлууд байраа ашиглалтад ортол түр амьдрах боломжтой. Зээлийг өргөн хүрээтэй болгох, урьдчилгааг бууруулах эсвэл түрээсээр орон сууцжуулах гэсэн чиглэлээр ажиллаж байна. Хамгийн чухал нь хөрөнгө босгох.
Гадны орнуудын туршлагаас харахад Төрийн санхүүжилтийн корпораци эсвэл Төрийн орон сууцны корпораци гэж төрийн ямар нэг байгууллагаар дамжуулан хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах шалгарсан аргыг ашигладаг. ТОСК одоогоор 300 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Энэ өрийн асуудлыг шийдэж, ТОСК-ийн хэвийн үйл ажиллагаанд оруулах ажлыг бид судалж байгаа. Тухайлбал, ТОСК-д Буянт-Ухаад 60 хувийг нь бариад, хөрөнгө оруулалтаас үүдэж гацсан 972 айлын орон сууц хүлээгдэж байна. Одоогоор 32 тэрбум төгрөг шаардлагатай байгаа учраас бид эхний ээлжинд энэ мөнгийг Хөгжлийн банк, 2018 оны төсөв зэрэг хөрөнгө оруулалтаас шийднэ гэж бодож байгаа. Цаашид тодорхой ажил эрхэлж буй залуу гэр бүл, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах шаардлагатай.
Түүнээс гадна урьдчилгаа 30 хувьтай тэнцэх мөнгийг нь төр өгөх хувилбар байж болно. Хамгийн гол нь хөрөнгийн асуудал. Энэ мөнгийг Монголбанк, улсын төсөв гаргах боломжгүй учраас барилгын салбарыг эргэлтэд оруулахын тулд гадны хөнгөлөлттэй зээл, тусламж байж болно. Мөн орон сууцны бондыг зах зээлд гаргаж, мөнгө босгох боломж бас бий. Ажлын хэсгийн зүгээс бэлэн байгаа орон сууцны үнийг бууруулахын тулд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үнийг нь бууруулж худалдаж авах асуудлыг судалж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдэд хэрэгцээтэй метр квадраттай орон сууцыг үнийг нь буулгаж, төр өөрийн хөрөнгөөр худалдаж авч, ТОСК-оор дамжуулан түрээсийн орон сууц хэлбэрээр олгох боломжийг судалж байна. Төр тендерээр шалгаруулж авахын тулд үнийг нь бууруулах боломжтой." гэжээ.