Монгол орон "Улаанбурхан" өвчнийг таслан зогсоосон дөрөв дэх орон боллоо
Өнөөдөр Blue Sky Tower-т Монгол улсын засгийн газар “Улаанбурхан өвчнийг таслан зогсоосон” батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гардан авах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Mark Jacobs, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч M.Malack Fall болон хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагын ажилчдын төлөөлөл оролцлоо. Манай орны хувьд 1973 оноос улаанбурханы эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулсан бөгөөд үр дүн нь өнөөдөр тус батламжийг авснаар харагдаж байна. Арга хэмжээг нээсэн Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Манай орон энэ батламжийг гардаж авч байгаа нь нэр төрийн хэрэг. Номхон далайн баруун бүсийн 37 орноос Монгол орон энэхүү өвчнийг таслан зогсоосон дөрөв дэх орон болж байгаа нь их бахархууштай үйл явдал. Яагаад гэвэл энэ өвчнийг Солонгос, Макао, Австрали гэх өндөр хөгжилтэй орнууд таслан зогсоосон байна. Харин манай Монгол орны хувьд таслан зогсоосон байдал нь хөгжлийн түвшин хамаарахгүй, сайн зохион байгуулаад зөв хийж чадвал ийм зүйлийг хийж чаддаг гэдгийг харуулж чадлаа. Энэ бол шинэчлэлийн засгийн газар ганцаараа хийсэн зүйл биш харин Монголын бүх эмнэлгийн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хамтарч хийсэн ажил юм.” гэлээ.
Монгол улсын Засгийн газар анх 1993 оноос Дархлаажуулалтыг үндэсний хөтөлбөр, 2001 Дархлаажуулалтын дэд хөтөлбөрийн зохион байгуулсан бөгөөд дархлаажуулалтын хамралтыг үндэсний түвшинд вакцин тус бүрээр 95-97 хувьд хүргэх дархлаажуулалт бүхий халдварт өвчний лабораторид суурилсан тандалт, бүртгэл мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох, шинэ болон хавсарсан вакциныг нэвтрүүлэх зэрэг олон зорилтыг нэвтрүүлж “Улаанбурхан өвчнийг таслан зогсоох стратеги”-ийг хэрэгжүүлж тус ажлын хүрээнд хүүхэд бүрийг есөн сартай болон хоёр настайд нь уг вакцинд хамруулж, давтан дархлаажуулснаар улаанбурхан өвчнөөр өвдөх магадлалыг таслан зогсоосон байна.