Үндэсний баярыг Хонконгт тэмдэглэв

2014 оны 6 сарын 26

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсүүд Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газар Азийн санхүүгийн томоохон төв Хонконгийн Конрад зочид буудалд Монголын үндэсний баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Уг ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улс, БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглүүлж, Монгол Улсын Ерөнхий консул Ц.Ганболд, Хонконгийн Засгийн газрыг төлөөлж Хууль зүйн нарийн бичгийн дарга (сайд) Римски Юэн нар мэндчилгээ дэвшүүлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар үг хэллээ.

Ерөнхий консул Ц.Ганболд хэлсэн үгэндээ Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол, Хонконгийн иргэд 14 хоног хүртэл хугацаагаар харилцан визгүй 2 талдаа зорчиж, агаарын тээврийн шууд нислэгийн давтамж нэмэгдэн, 2 талын худалдаа, эдийн засгийн харилцаа өсөн нэмэгдэж байгааг дурдаад Хонконг болон бүс нутгийн санхүүгийн нөөц боломж, хөрөнгө оруулалтыг ашигт малтмал, дэд бүтцийн салбарт татах боломжтой нэн таатай газар бол Монгол Улс юм гэж онцлон тэмдэглэв.

Хууль зүйн нарийн бичгийн дарга Римски Юэн Хонконгийн Засгийн газар Хонконг, Монголын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг илүү өргөтгөхийн төлөө байгааг хэлсэн үгэндээ дурдлаа.

Ардын уртын дууны түрлэгээр эхлүүлж уран нугаралт, хөөмий, морин хуурын аялгуугаар хөг нэмж Монгол наадмын дүрс бичлэгээс толилуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад ОХУ, АНУ, Япон, БНСУ, БНАСАУ, БНЧУ, Саудын Араб, Кувэйт, Филиппин, Сингапур, Казахстан зэрэг 30 гаруй орны ерөнхий консул, Европын холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Хонконг, Макаогийн Засгийн газрын Ёслолын албадын дарга зэрэг төрийн болон бизнесийн хүрээний 150 орчим зочин оролцсоны дотор эдгээр бүсүүдэд оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл цөөнгүй ирсэн байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4988
0 эможи
keyboard_arrow_up