Д.СОСОРБАРАМ: Наадмын нээлтийн үйл ажиллагааг “Босоо заяатай Монгол” агуулгаар найруулна
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ажиллаж байна. Энэ жилийн наадмын урлагийн тогтолт хэрхэн болох талаар Ерөнхий найруулагч Д.Сосорбарам тодруулга өглөө.
-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны урлагийн тоглолт ямар онцлогтой болох вэ?
-Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Соёлын төв өргөөнд болох Төрийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн баяр наадмын тоглолтыг найруулан, зохион байгуулсан баг энэ жил ч ажиллаж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт, хаалтын ажиллагаанд 5000 орчим уран бүтээлч оролцох бол Соёлын төв өргөөнд болох Төрийн хүндэтгэлийн тоглолтод 1000 гаруй уран бүтээлч оролцох юм. Манай багийн бүрэлдэхүүнд бүжиг дэглээч Д.Баярбаатар, Д.Энхгэрэл, н.Ариунболд зэрэг монголын үндэсний урлагийн шилдгүүд багтсан байгаа. Энэ жилийн наадмын урлагийн тоглолтыг бүхэлд нь “Босоо заяатай Монгол” агуулгаар найруулна. Нүүдэлчин ард түмний түүх, философи, гайхамшгийг бид харуулах болно. Жишээ нь 21 эмэгтэй уртын дуучин, 21 эрэгтэй хөөмийч, 33 бие биелээч өмнө нь тавигдаж байгаа шинэ цомирлог үзүүлбэр үзүүлнэ. Үндэсний бахархал, үлгэр дууриаллыг харуулах 60 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжмийн баг тоглоно гээд олон онцлог, шинэлэг үзүүлбэрийг бид бэлтгэж байна. Мөн энэ удаад шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж, залуу хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг дэлхийн сонгодог бүтээлүүдтэй хамт эгшиглүүлнэ.
-Үндэсний их баяр наадмын урлагийн тоглолт, Соёлын төв өргөөнд болох Төрийн хүндэтгэлийн тоглолтод хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Энэ жил хаа хаанаа төсөв хүндрэлтэй, эдийн засгийн хямралтай байгаа тул бидэнд хангалттай төсөв шийдэж өгөөгүй. Баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн тоглолт гээд 3 үйл ажиллагаанд 300 сая төгрөг төсөвлөсөн. Төв цэнгэлдэхийн тоглолтод 250 сая, Соёлын төв өргөөний тоглолтод 50 сая төгрөг зарцуулахаар тооцоо гаргасан. Үндсэндээ 6000 гаруй уран бүтээлчдэд төсөвлөсөн хөрөнгийг хүргэхээр ажиллаж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа өвөрмөц, онцлогтой, сайхан болно гэдгийг амлаж чадах байна.