Хотын соёлд иргэдийг уриалах самбаруудыг зам дагуу байрлуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сан, Эх орон телевиз хамтран хотын соёлд иргэдийг уриалах, сэтгэхүйг өөрчлөх зорилгоор Цэвэр хот төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд хотын гудамж талбай, зам дагуу “Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан”, “Та шүлсээ битгий хая, таны хүүхэд тоглоно”, “Үүнийг цэвэрлэхэд амархан..., сэтгэхүйг нь л өөрчилмөөр гэсэн сануулга бүхий самбарууд байрлуулах гэж байна. Эдгээр самбарууд нь машины цонхоор тамхины ишээ шидэж, гудамжинд шүлсээ хаядаг хүмүүст нэгийг сануулж байгаа юм. Он гарсаар Азийн сангаас “Та хүүхдийнхээ төлөө хог хаяхгүй байж чадна”, “Эрүүл орчинд амьдрах иргэн танаас шалтгаална” гэсэн сануулга бүхий зурган самбарууд төв зам дагуу байрлуулсан нь үр дүнд хүрсэн юм. Тиймээс цаашид “Цэвэр хот надаас”, “Цэвэрхэн хотын ухаалаг залуус”,”Ажлыг минь хүндэлсэнд баярлалаа” зэрэг хүүхэд, залуус, шар хантаазтанууд иргэдийг хотын соёлд уриалан дуудсан зурагт самбарууд байрлуулна. Дэлхийн бусад хотуудад ч энэхүү зурган самбарыг иргэдийнхээ сэтгэхүйг өөрчлөхөд чиглүүлэн хэрэглэсээр ирсэн юм.