Статистикийн “Архив”

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Жижигхэн биед нь томдсон гэмээр зөөврийн компьютерийн цүнх үүрсэн хөнгөн шингэн алхаатай, цав цагаан толгойтой, саарал хослолтой энэ  хүн өглөө бүр  өдөр тутмын сонин асууж “За гялалзаад л байна уу” гэсээр манай өрөөгөөр орж ирдэг юм. Манай өрөө гэдэг нь Засгийн газрын гуравдугаар байранд байрлах Үндэсний статистикийн хорооны номын сан. Өглөө ажилдаа ирж гурван давхрын өрөө рүүгээ орохоос өмнө үргэлж нэг давхрын номын сан буюу 114 тоот өрөөгөөр орно. Хэрэв ажлын цагтаа амжиж ирэхгүй л бол энэ хүнд цагаа бүртгүүлчихлээ гэсэн үг.

Энэ хүн гээд байгаа маань бүхий л насаа статистикт зориулж яваа 1960-аад оны төлөөллүүдийн нэг  болох Монгол Улсын Гавьяат эдийн засагч Рэндэндэвийн Ойдовданзан гуай. Бид дуудахдаа “Ойдов гуай” гэж авгайлдаг юм. Тэрбээр 93 жилийн түүхтэй статистикийн салбар байгуулагдахтай мөр зэрэгцэн ажиллаж байсан одоо ч Зөвлөхөөр ажиллаж байгаа ахмад статистикчийн нэг. Тиймээс хэд хэдэн удаа ярилцлага авъя, ажиллаж байсан үеийнх нь түүхийг яриулъя гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Асууж, тодруулах зүйл ч их байв. 1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл статистикийн салбарт ажиллаж байна гэхээр наад зах нь 60 орчим жилийн түүхийг өөрийн нүдээр үзэж, чихээр сонсож, бас өөрөө бичилцэж явсан гэсэн үг. Ийм хүнээс багагүй баримт, материал гарахаас гадна бас чухал үйл явдлын гэрч, эх сурвалж ч болох юм. Гэтэл миний ярилцлага авах төлөвлөгөөг ер халгаадаггүй. “Үгүй хүүхээ би юу мэдэх вэ дээ, Г.Оюунбатаас (Статистикийн ахмадын холбооны тэргүүн) асуу. Өөр бас тийм хүн байна, ийм хүн байна. Би холбоод өгөх үү” гээд л эвтэйхэн шиг өөрөөсөө зайлуулчихна. Тэгэх тусам “Энэ хүнээс л яриа авдаг юм шүү” гэсэн бодол сүүлийн хэдэн долоо хоног толгойноос гарсангүй. Сүүлдээ ч надаас залхаж байгаа бололтой сониноо аваад л хурдан гэгч нь гараад явчихна. Заавал ярилцлага авмаар байна гэхэд “Үгүй” гээд тас зөрүүдэлж гартаа сонин атгасаар гарч одно. Харин би хамт ажиллаж байсан хүмүүс, ном товхимлоос Р.Ойдов гуайн тухай мэдээлэл цуглуулж хөрөг нийтлэл бичье гэж шийдээд асууж, шалахаа ч байв. Р.Ойдовданзан гуай ч урьдын адил өдөр бүр “За хүүхээ гялалзаад л байна уу” гэж инээмсэглэсээр манай өрөөнд орж ирдэг хэвээрээ.

Хамгийн эхний бэлэн материал нь 2014 онд хэвлэгдсэн “Монголын статистикийнхан дурсамж, сэтгэгдэл” гэсэн ном байв. Зургаар нь шууд олох санаатай номоо эргүүлтэл олсонгүй.  Харин нэрээр нь хайж олсон юм. Учир нь цав цагаан үс нь тас хар, царай нь ч ямар нэг үрчлээ суугаагүй ид хөдөлмөрлөж, бүтээж явсан залуу насныхаа зургийг нийтлүүлжээ. Энэ үед “Эрийг нас, уулыг цас” гэдэг үг л санаанд буув. Залуудаа бас одоогийнх шигээ намхан байсан болов уу, цагийн салхинд идэгдчихсэн юм болов уу гээд л элдвийг бодсоноо нуух юун.

Өөрийнх нь бичсэн сэтгэгдэл, дурсамжийг гүйлгэж унштал хамгийн сүүлд түүний байнга хэлдэг бараг брэнд үг гэж болохоор “За хүүхээ гялалзаад л байна уу” гэдэг үгтэй өгүүлбэрээр сэтгэгдлээ төгсгөжээ. Тус номд орсон өгүүлбэрийг бүтнээр нь дурдвал “Залуучууд та нар үргэлжид цовоо сэргэлэн, баясгалантай, гялалзаж яваарай” гэсэн байв. Тэгэхээр энэ үгийг түүний брэнд үг гэхээс аргагүй. Бас “Ярилцлага өгөхгүй, юугаа мэдэх вэ” гэж зугтааж байсан хүн гурван хуудас гарантай дурсамж, сэтгэгдэл бичсэн байна. Үүнийг хараад “Юугаа ч мэдэхгүй хүн гурван хуудас гаран дурсамж бичих үү” гэж өөртэйгөө ярилцаж суув.

Өөрийнх нь бичсэн дурсамжаас харахад тэрбээр МУИС-д статистикийн анги нээгдэхэд сурч төгсөж байсан анхны төгсөлтийнхний нэг аж. Мөн Москвад МЭСИ-ийн сургууль төгсөж ирсэн залуу статистикчдын нэг. Үүнээс гадна тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Жасрайтай хамт ажиллаж байжээ. Тэгэхээр статистикийн төдийгүй улс орны удирдагчдын үлгэр дуурайлал болсон хүмүүсийн тухай багагүй мэдээллийн сантай байгаа гэсэн үг.

Тэрбээр дурсамждаа “Москвагийн эдийн засаг, статистикийн дээд сургуульд сурч байхдаа 1957 онд П.Жасрай манай сургуульд суралцахаар очиж байж. Стромынко гудамжид байрлалтай 32 дугаар байшин, оюутны дотуур байрны дөрөвдүгээр давхрын нэгэн өрөөнд П.Жасрайтай хамт амьдарч байв. Энэхүү оюутны байрнаас манай сургууль ороход автобус, трамвай, метрогоор цаг гаруй явна. Хичээл 08.00 цагт эхэлдэг болохоор өглөө 06.00 цагт радио нэвтрүүлэг эхлэхэд босохгүй бол хичээлээс хоцрох талтай. Өрөөнд хамт амьдарч байгаа, манай ангийн тажик залуу нэг өглөө сэрчхээд өглөө бүр эрт босоод чимээ гаргаж унтуулахгүй, тайван байдал алдагдуулаад гээд П.Жасрайд маань дарамт үзүүлэх янзтай зан авир гаргадаг байна шүү. Тэгэхэд миний зэвүү их хүрч, чи бид нар эхний хоёр курст байхдаа мөн л эрт босоод хичээлдээ явдаг, заримдаа хичээлээсээ хоцрох шахдаг байснаа мартаа юу, нэгдүгээр ангийн хүүхдийг яагаад зэмлэж, уурлана вэ, дахиад ийм авир гаргавал өөрөөр ярина шүү гээд заамдах шахуу болов. Хэсэг хугацаа өнгөрсөн хойно тажик залуу уучлалт гуйв.

Манай оюутны байр клуб, бүжгийн заалтай, кино байнга гарна, бараг давхар бүр ном уншлагын танхимтай, эмнэлэг, гуанз, хэд хэдэн буфеттэй байв. Манай байрны монгол оюутнууд баяр ёслолыг хамтдаа тэмдэглэнэ, түүнд би бараг оролцохгүй, харин уншлагын танхимд суудаг байлаа. Нэгэн удаа манай сургуулийн монгол оюутнууд шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэхэд сайхан байсан. Миний сэтгэл маш ихэд хөдөлж байсан, ийнхүү тэмдэглэхийг П.Жасрай маань сэдэж зохион байгуулсан юм. П.Жасрай хичээл номдоо их чармайлт, зүтгэлтэй, заасан сэдвийн мөн чанарыг гүнзгий ойлгож эзэмшихийг маш хичээдэг учраас ч онц сурлагатан байлаа. П.Жасрай шиг хичээлдээ идэвх, мэрийлттэй байж онц сурцгаа гэж Москвагийн эдийн засаг, статистикийн дээд сургуулийн багш хэлдэг байсан гэсэн яриа бий. Монголын оюутныг шилдгийн жишээ болгосон нь тэмдэглүүштэй, сэтгэлд хоногшсон, онцгой бахдууштай зүйл шүү” гэж бичсэн байв. Үүнээс харахад статистикийн орлогч даргаас эхлээд Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан П.Жасрай агсантай оюутны байранд хамт амьдарч, өмөөрч гадаад оюутантай гар зөрүүлэхдээ хүрч байснаа ч тэмдэглэжээ. Мөн түүний бичсэн өгүүлбэр бүрээс албан харилцааны хэллэг үнэртэж байгааг уншигч та ч бас анзаарсан байх. Тодруулбал, “Амьдарч байв, уучлалт гуйв, сайхан байсан, заамдах шахуу болов” зэрэг албаны маягаар өгүүлбэрээ төгсгөжээ. Ийм хэлбэрээр бичдэг хүмүүс зөвхөн Р.Ойдовданзан гуай ч биш статистикийнхан, эдийн засгийн эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны салбарынхан гээд олон салбарыг төлөөлүүлж болохоор. Учир нь мэргэжлийн онцлог гэж зүйл тэднийг яг, таг, ямар нэг алдаа, оноогүй, хэвшмэл үг, өгүүлбэр хэрэглэхэд хүргэдэг байж болох.

Р.Ойдовданзан гуай 1960 онд Дорнод аймагт орон сууцны фондын тооллогыг зохион байгуулан ажиллаж байгаад Тоо бүртгэлийн төв газрын Аж үйлдвэрийн тоо бүртгэлийн хэлтэст ахлах эдийн засагчаар ажиллаж эхэлсэн байна. Ажиллах хугацаанд нь Хүн амын тооны хэтийн тооцоог хэд хэдэн удаа хийж, өрхийн төсвийг тодорхойлж, судлахад түүвэр судалгааг ашиглаж байжээ. Мөн мэдээгээ шуурхай цуглуулдаг цорын ганц арга нь утсаар ярих байсан бөгөөд аймаг орон нутгаас утсаар мэдээлэл авахад чих дөжрөх тохиолдол гардаг байсныг дурсамжийн номд тэмдэглэжээ. Тэрбээр 1961-1971 онд Аж үйлдвэрийн статистикийн хэлтсийн дарга, 1972-1975 онд Статистикийн эрдэм шинжилгээний институтын захирал хийж байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан, одоо Үндэсний статистикийн хорооны ахмадын холбооны тэргүүн Г.Оюунбатаас Р.Ойдов гуайн тухай тодруулахад “Р.Ойдовданзан нягт, нямбай, хөдөлмөрч, үүрэг, хариуцлага гээчийг жинхэнэ хэрэгжүүлдэг нэгэн. Статистикчид хариуцсан салбарынхаа мэдээг гаргаад бариад орохоор улаан эрээн болтол нь засварлаад буцаагаад гаргадаг байсан. Тийм ч учраас тухайн үеийн мэргэжилтнүүд аль болох алдаагүй, ямар нэг яагаад гэдэг асуулт асуухгүй болтол нь ажлаа хийж, гүйцэтгэхээр хичээдэг байв” гэсэн юм. Энэ талаар Р.Ойдовданзан гуай дурсамжийн номд тэмдэглэсэн бөгөөд тухайн үеийн Статистикийн төв газрын дарга Б.Сурмаажав, Д.Загасбалдан боловсруулж бичсэн мэдээг нь улаан балын харандаагаар эрээн цоохор болтол нь засдаг байсан аж. Ийм дарга нарын үед ажиллаж байсан хүн өөрөө ч тийм байхаас яах билээ.

Р.Ойдовданзан гуай ямар нэг ажлыг ягштал хийдэг, үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлдэг байсантай нь санал нэгдэхээс ч аргагүй гэж хардаг юм. Учир нь түүний энгийн үйл хөдлөлөөс энэ бүхэн харагддаг. Хамгийн наад захын жишээ. Тэрбээр өдөр тутмын сонинг нэг дугаар дутаалгүй уншиж, хэрвээ дутвал араас нь эрж хайсаар байгаад авсан эзнийг нь олоод сониноо заавал уншина. Мөн авсан бол буцаагаад заавал өгнө. Өгөхдөө яг дугаарынх нь дарааллаар өрнө. Хааяа нэг Я.Цэвлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос үгийн утга харах гэж номын сан руу орж ирнэ, орос монгол хэлээр гарсан статистикийн ном, товхимол ч асууж орж ирнэ. Энэ мэт түүний үйлдэл бүр нь ажилдаа хэрхэн ханддагийг илтгэх мэт.

Arslan.mn

Сонирхуулахад, энэ онд Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо үүсэн байгуулагдсаны 60 жил тохиож байгаа. Үүнийг дурдсаны учир нь Монгол Улсын Гавьяат эдийн засагч, статистикийн салбартай нэр нь салшгүй холбоотой явдаг Рэндэндэвийн Ойдовданзан 1991 оноос волейболын Улсын шүүгч болсон байна. Үүнийг нь тэр бүр мэддэггүй. Мөн тэрбээр шатар, теннис гээд спортоор идэвхтэй хичээллэдэг байсныг статистикийнхан хэлдэг. Одоо ч ширээн дээр нь шатар байдаг юм. Тэтгэвэртээ гарсан ч өглөө ажилдаа ирээд орой ажил тарахтай зэрэгцээд гарч явдаг ийм нэг үлгэр дуурайл болсон хүн статистикийн салбарт бий.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх тоон мэдээллийг гаргадаг Үндэсний статистикийн хороог есөн дарга удирдсан. Арав дахь нь өнөөдөр энэ айлыг удирдаж, авч яваа А.Ариунзаяа дарга. Эдгээр 10 удирдлагын наймтай нь Р.Ойдовданзан гуай хамтарч ажилласан, ажилласаар ч байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээр статистикийн түүхийг мэдэх статистикийн “Архив” гэж хэлж болохоор.

11 дүгээр сарын 11-н. Манай улсад статистикийн салбар үүсэн байгуулагдсан өдөр. 93 жилийн түүхтэй энэ салбарын 60 жилд нь өөрөө ажиллаж байгаа хүнийг одоо л онцолж бичихгүй бол хэзээ бичих билээ. Номоор бол өнөөг хүртэлх статистикийн салбарыг сайн мэдэх түүхийн ном. Одоо ч бас тэр номыг бичсээр л байгаа нэгэн. Түүнээс ярилцлага авах бодол одоо ч хэвээрээ л байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49624
0 эможи
keyboard_arrow_up