Бензиний жижиглэнгийн үнэ буурчээ
Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 компанид хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан 3.8 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай 222.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар олгосон нийт санхүүжилтийн үлдэгдэл 177.5 тэрбум төгрөг байна.
Уг нөхцөлөөр санхүүжилт олгосноор газрын тосны бүтээгдэхүүний өртгийг литр тутамд 27 төгрөгөөр бууруулсан байна. Валютын ханшийн эрсдлийг бууруулах зорилгоор 2-6 сарын хугацаатай форвард хэлцлийг хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийж байгаа бөгөөд хөтөлбөр эхэлснээс хойш нийт 892.4 сая ам.долларын форвард хэлцлийн төлбөр тооцоо хийгдээд байна.
Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц тус бүр 30 хоног нийт 60 хоног болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Тус тогтоолын үр дүнд компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байна. Шатахууны нийлүүлэлтийн хараат байдлыг бууруулах, гэрээний үнийг олон улсын биржийн үнэтэй нийцүүлэх зорилгоор дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд 2012 онд 92% байсан нийт импортод эзлэх ОХУ-ын хувийн жин дэд хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 77% болж 15 нэгж хувиар буурсан.
Түүнчлэн “Роснефть” ХХК-аас авах импортын хувийн жинг 2-3 дахин бууруулж 30%-д хүргээд байна. Мөн а/ гадаад үнийг газрын тосны олон улсын биржийн үнэд суурилан тооцдог болсон, б/ шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийн дутагдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ өсөх эрсдлийг бууруулсан, в/ Хөтөлбөр эхлэхээс өмнө /2010-2012 он/ шатахууны жижиглэнгийн үнэ дунджаар 100-200 төгрөгөөр нэмэгдэж байсан. 2012 оны 8 сараас 2014 он хүртэлх хугацаанд буюу Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд валютын ханш дунджаар 400 төгрөгөөр өссөн ч дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурч, 40-50 төгрөгөөр өссөн буюу зөрүү 10 төгрөгөөр буурсан.