"СҮҮ" ХХК-ийн Cool жүүснээс хөгц гарчээ
“Сүү” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Сool” олон жимст шүүснээс хөгц, мөөгөнцөр гарч иржээ. Шүүсийг худалдаж авсан иргэн Х.Доржханд фейсбүүк хуудсандаа энэ тухай бичсэн бөгөөд өчигдөр орой “Модны-2”-ын Еlegance town-ий 1-дүгээр байрны Jumbo дэлгүүрээс авсан байна. Хэрэглэгч шүүсийг задлан аягалах үед өнгө нь хувирсан, хөгц шиг зүйлс гарч ирсэн аж. Шүүсний хадгалах хугацааны тэмдэглэгээ ч ойлгомжгүй байгаа юм.
Шүүснээс ийм зүйл гарсан талаар хэрэглэгч дэлгүүрээс тодруулахад “Сүү” ХХК-иас бүтээгдэхүүнийг шууд авдаг гэсэн бол “Сүү” ХХК-ийн зүгээс тус дэлгүүрт очиж нөхцөл байдалтай танилцахаа мэдэгдсэн байна.
Шүүсний хадгалалтын горим алдагдсанаас ийм байдалд хүрэв үү, бүтээгдэхүүний найрлагаас шалтгаалав уу гэдгийг мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр эцэслэн тогтооно.
Ийм тохиолдолд иргэд мэргэжлийн байгууллагад хэрхэн хандаж, асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Хоролмаагаас тодруулсан юм.
“Бүтээгдэхүүн нь бэлэн байгаа, авсан дэлгүүр нь тодорхой бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 тусгай дугаарт хандаж, даруй гомдол гаргах хэрэгтэй. Иргэний гомдлын мөрөөр тухайн дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч дэлгүүрт шалгалт явуулдаг. Ямар учраас ийм бүтээгдэхүүн хэрэглэгчид очсоныг тодруулна. Тэгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар гомдол гаргагчид эргэн мэдээллэдэг.
Гэхдээ жүүс, ундаанд хөгц мөөгөнцөр үүсэх нь ихэнхдээ хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас үүсдэг. Үйлдвэрийн тухайд олон улсын стандартын шаардлага хангасан, дотоод хяналтыг нэвтрүүлсэн манай томоохон үйлдвэрүүдийн нэг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн үйлдвэрээс хэдийд гарч, ямар байдлаар тээвэрлэгдэж хүрсэн, дэлгүүр ямар нөхцөлд, хэр удаан хадгалсан, хугацаа нь хүчинтэй эсэхийг нягтлах шаардлагатай” гэсэн юм.
Ямартаа ч ийм бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр шууд хүрсэн нь хамгийн аюултай. Энэ бол хүнсний аюулгүй байдал ноцтой зөрчигдөж, хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэнийг харуулсан тохиолдол. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг болох үүднээс мэдээг бэлтгэлээ.