ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ НИЙГЭМ
Амьдралын наана, цааныг мэдэх болсон 15 настай хүү ээжийгээ хаалгаар оронгуут гэрийн шаахайг нь авчирч өглөө. Юм мөргөөд уначихвий гэсэндээ гараас нь хөтлөн алхах. Энэ бол Г.Батсайхан гэдэг айлын амьдралын нэг өдөр. Өдөр бүр энэ үйлдэл давтагдана. Харахад сэтгэл өвдөм. Гэхдээ энэ зэрэгтэй амьдарч, ажиллаж явааг нь харахад бахархам. Ч.Дэлгэрмаа төрөлхийн хараагүй төржээ. Тэрээр 10 хүүхэдтэй айлын зургаа дахь охин болж аав, ээжийнхээ өвлүүлж өгсөн байранд амьдарч байгаа нь энэ. Харин түүний нөхөр Г.Батсайхан 21 насандаа харааны бэрхшээлтэй болсон байна. Гэвч тэд өнөөдрийн амьдралыг хамтдаа босгож хоёр сайхан үрийн ижий, аав болжээ. Бие биеэ харж чадахгүй ч сэтгэл зүрхээрээ нэгнээ мэдэрч, жаргал зовлонгоо хуваалцсаар 15 жилийн түүхийг хамтдаа бичиж. Энэ амьдрал мэдээж дардан байсангүй.
Өнөөдөр бидний дунд статистик мэдээгээр 16 мянган хараагүй иргэн амьдарч байна. Харин хараагүйчүүдийн Үндэсний холбоонд 9700 хүн бүртгэлтэй. Энэ нь зөвхөн 16-аас дээш насныхан. Монголд хэдэн хараагүй хүүхэд байгаа тухай нарийн судалгаа байдаггүй. Тиймээс энэ иргэдийн нийгмийн асуудлыг өнөөдөр хөндөхөөс өөр аргагүй сэдвийн нэг болоод байна. Хором бүрт хүмүүсээс туслалцаа авч, бие даан ажиллаж чадахгүй эдгээр хүний ихэнх нь нийгэмд эзлэх байр суурьгүй, мэргэжилгүй, ажилгүй. Эцэг эх, ах дүүгийнхээ тусламжтайгаар амьдарч байна. Сарын халамжийн мөнгө нь 140 мянга. Харин ажил эрхэлдэг бол хувь тэнцүүлээд 216 болон 251 мянган төгрөгийн тэтгэмж авдаг юм байна. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд сар бүр харилцаа холбооны зардлын хөнгөлөлт гэж 20 мянган төгрөг. Жилд нэг удаа түлш нүүрсний хөнгөлөлт гэж 140 мянга, гурван жилд нэг удаа туслах хэрэгсэл авна гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр мөнгө өгөөд эдгээр хүний нийгмийн асуудал шийдэгдэх үү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн нийгэмшүүлэх вэ. Харааны бэрхшээлтэй болсондоо гутарч суухгүй, илүү сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөх боломж бололцоог нь яаж хангах вэ. Энэ асуултад гарц хайхаар Хараагүйчүүдийн үндэсний холбоог зорилоо.
/Хараагүйчүүдийн Үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ Б.Болдбаатар: ХАРААГҮЙ ИРГЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХ НЬ ИХ ЭЛБЭГ
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн дэд бүтэц манай оронд хангалтгүй байна. Хамгийн ойрхон жишээ нь авто зам. Замын дунд хараагүй хүнийг зүг чигээ олоход нь зориулсан товруутай шар өнгөтэй тавцан байдаг. Энэ бол стандартынх биш. Мөн гэрээсээ гараад ажилдаа ирэх замд олон бэрхшээл таарна. Үүний нэг нь дуут дохио. Манай нийтийн тээврүүд буудлаа зарладаггүй байсан. Тиймээс хараагүй иргэд яаж суух вэ. Энэ талаар манай холбооноос хоёр жил хүсэлт тавьсны эцэст одоо цөөн чиглэлийн автобус буудлаа зарладаг болсон. Гэвч зогсоол дээр ямар чиглэлийн унаа ирж байгаа нь тодорхойгүй. Миний суух ёстой автобус ард нь зогссон тохиолдолд би яаж мэдэх вэ. Суусныхаа дараа дараагийн буудлыг зарлахад өөр чиглэлийн тээврийн хэрэгсэлд суусан байх жишээний. Улаанбаатар хотын хэмжээнд ганцхан дуут дохио байгаа нь манай холбооны урд бий. Харин Хан-Уул дүүргийн захиргаанд хүсэлт тавьж байж замаа камержуулсан. Учир нь харааны бэрхшээлтэй иргэд зам тээврийн осолд өртөх нь их.Саяхан Дундговь аймагт хараагүй иргэн зам хөндлөн гарч байгаад нас барсан тохиолдол гарсан. Мөн таягаа дайруулна, шүргүүлнэ, амь насаа алдах эрсдэл өндөр байдаг.
ХАРААГҮЙ ИРГЭДИЙН 3-4 ХУВЬ НЬ АЖИЛ ЭРХЭЛДЭГ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмших хамгийн чухал түлхүүр нь боловсрол. Гэвч одоогийн байдлаар хараагүй иргэдийн 3-4 хувь нь л ажил эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ. Гэвч төрийн байгууллагад ажиллах нь хомс. Боловсролтой болсон ч ажил олдохгүйгээс гэж эргээд холбоондоо ханддаг гэнэ. Одоогоор Хараагүйчүүдийн үндэсний холбоонд 86 ажилтан байгаагийн 50 нь харааны бэрхшээлтэй юм. Мөн тус холбооны дэргэдэх “Best massage” төвд хараагүй иргэд бариа хийдэг. Үүнээс өөр албан байгууллагад харааны бэрхшээлтэй иргэд ажилладаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-т албан байгууллагууд заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт бий. Гэвч энэ эрх зөрчигдөж байна. Төрөлхийн 70 хувь хараагүй гэсэн оноштой иргэн Х багшийн сургууль төгсөөд, ажилд орох сонгон шалгаруулалтад оржээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу харааны бэрхшээлтэй учир шалгалт өгөх материал тохируулгатай, хугацааны хувьд эрүүл иргэдээс арай урт байх ёстой гэсэн шаардлагаа тавьсан ч шалгалтын комисс хүлээж аваагүй. Энэ асуудлаар Хүний эрхийн байгууллагууд болон Хараагүйчүүдийн үндэсний холбооноос шаардлага тавьснаар тухайн сургуулийн захирал ажлаас халагджээ. Гэхдээ энэ нь нэг багш ажлаас халагдаад намжих асуудал биш юм. Хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал билээ.
Ө.Мөнхтөр: “ХААН” БАНК АЖЛЫН УРИЛГА ӨГСӨН Ч ХАРААГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭЭД БУЦААСАН
-Би 70 хувийн харааны бэрхшээлтэй. Гэгээ мэдрэх хэмжээний хардаг. Залуу хүний хувьд цаг алдахгүй мэдээлэл авахыг хүсдэг. Хэдийгээр утсаараа мэдээлэл авч болох ч яг харааны бэрхшээлтэй хүнд зориулсан, мэдээлэл түгээх стандартын цахим сүлжээ алга. Би МУИС-ийн “Орхон” сургуулийн Санхүү эдийн засгийн ангийг төгссөн. Төгсөхдөө ХААН банкнаас ажлын урилга авсан юм. Урилга өгөхдөө намайг харааны бэрхшээлтэй гэдгийг мэдээгүй юм билээ. Надтай уулзаад хамтарч ажиллах саналаа буцаасан. Одоогоор холбооны дэргэдэх Мэргэжил сургалтын төвдөө компьютерийн чиглэлээр дахин сурч байна. Сургуулиа төгсөөд хараагүй иргэддээ сурсан мэдсэнээ заахын төлөө хичээнэ.
Эдгээр хүмүүстэй ярилцах болсон шалтгаан нь дээр дурдсан Г.Батсайхан гэдэг айлд очиж сурвалжлага хийсэнтэй холбоотой билээ. Гэрийн эзэгтэй Ч.Дэлгэрмаа хорвоо ертөнцийг хараагүй. Бяцхан үрсээ төрүүлэхдээ ч үнэрлэхээс цааш хэтрээгүй. Төрөхийн орноос буугаад л хамгийн эхний бэрхшээлтэй тулгарчээ. Хараагүй ээжүүдэд зориулсан сургалт байдаггүй учир хүүхдээ хэрхэн усанд оруулах, хумсыг нь яаж авах зэрэг ээж бүхний хийх ёстой зүйлийг хийхэд хүндрэлтэй байж. Хүүхдүүдээ хөлд орох мөчид хамгийн хэцүү байж. Үргэлж ам, гарыг нь шалгана. Жаахан чимээ гарахад юмнаас уначихлаа гэж сандарна. Гэхдээ өнөөдөр хоёр хүүхэд нь эрүүл энх өсч, ээж аавынхаа харах нүд нь болж явна.
Ч.Дэлгэрмаа: ХАРААГҮЙ ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-Анх хүүгээ төрүүлчихээд сандарч, гутарсан. Хүүхдээ гарыг нь уяж байгаад хооллодог байлаа. Сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө ээж аав нь хараагүй гээд мэдчих вий, хүүхдийг минь гадуурхчих вий гэж эмээнэ. Тэгэхээр хүүхэдтэй хараагүй ээжүүдэд зориулсан сургалт зохион байгуулдаг байвал зүгээр. Би гэртээ хамгийн ойрхон ганцхан дэлгүүрээр үйлчлүүлдэг. Өөр том дэлгүүр, супер маркетуудаар орохоор ямар бараа, хаана байгааг нь мэддэггүй. Тэгэхээр дэлгүүрийн барааг хараагүй хүмүүст зориулаад бариал бичгээр тэмдэглэдэг, тэмтэрдэг байвал би хүссэн бараагаа авч чадна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хүний ёсоор амьдарч, ажил эрхлэх эрхтэй. Гэтэл өнөөдөр бид энэ хүмүүстээ хэрхэн ханддаг юм бэ. Энэ хүмүүстэй уулзаж, ярилцахад бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй амьдрах биш нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болчихож гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Үргэлжлэл бий…
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин