Facebook-ээр МӨНГӨ ГУЙДАГ ЛУЙВРААС хэрхэн сэргийлэх вэ?

2017 оны 11 сарын 08

Facebook-ийн найз мөнгө гуйх луйвар хэдэн жилийн өмнөөс эхтэй. Нэг л өдөр таны зөвхөн Facebook-ээр нь мэдэх нэгнээс эсвэл бүр таньдаг хүнээс хүртэл “Найз аа, хэдэн төгрөг зээлээч” гэсэн зурвас ирнэ.

Магадгүй тэр хүнд ямар нэгэн асуудал гарсан байх. Өвчин туссан, хөдөө яваад мөнгөгүй болсон гэх мэт. Ямар ч асуудал байж болно. Зөвхөн интернет л орох боломжтой гэж итгүүлнэ.

Итгээд мөнгө шилжүүлмэгц өнөөх хүн усанд хаясан чулуу мэт алга болж, таны мөнгө ч мөн түүнтэй хамт замхран одох аж. Эсвэл дараа нь таныг мөнгөө асуухад “Би аваагүй шүү дээ” гэсэн хариу хэлнэ.

Энэ бол хамгийн энгийн луйврын арга бөгөөд маш олон хүн үүнээс болж хохирч үлджээ. Хамгийн гол асуудал нь мөнгө луйвардсан этгээд нэг бол хуурамч хаяг ашигласан, эсвэл таны найзын нэрийг зээлдсэн байх аж.

Ийм төрлийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ, ялангуяа хэн нэгэн этгээд таны нэрийг барьж мөнгө зээлэх гэсэн үйлдлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Баталгаажуулж байх

Хэрвээ таны дотнын хүн, таньдаг хүн Facebook-ээр мөнгө асууж байвал утасдаад лавшруулж болно. Ихэнх тохиолдолд ийм луйвар хийдэг хүмүүс “Өөр хүний данс байгаа юм, манай ажлын хүнийх, манай ангийн хүүхдийнх” гэх мэтээр өөр данс өгдөг.

Гадуур явж буй зарим мэдээллийг та харсан бол хүмүүс “Миний хаягийг хакдчихлаа” гэж бичсэн байхтай таарна. Гэхдээ тухайн хэрэглэгчээс өөр хэн ч Facebook хаяг руу “нэвтрэх” боломжгүй гэдгийг эхлээд санах хэрэгтэй.

Учир нь ямар нэгэн кинон дээр гардаг шиг гайхамшигтай, ид шидтэй хакерууд хэн нэгний хаягийг хакдаад байдаг юм биш. Угаасаа ч кинон дээр гардаг шиг хакдах боломжгүй. Тэд зөвхөн хэрэглэгчийн хайнга байдал, зарим нэг зүйлсийг мэддэггүй байдлыг л ашигладаг.

Хэн нэгний нээгээд орхичихсон хаягаар нэвтрэх, бүр ижил нэрээр шинэ хаяг нээдэг арга ч бий. Тэгэхээр гаднын этгээд зөвхөн таны “тусламжтайгаар” таны хаяг руу нэвтрэх боломжтой. Мэдээж хэрэг сэргийлэх аргууд бас байна. Тиймээс ямар замаар хүмүүс таны нэрийг ашиглаж болохыг мэдэж байх нь танд хэрэгтэй.

Нууц үг шинэчлэх

Хамгийн хялбар арга нь энэ юм. Ялангуяа тухайн хүнтэйгээ найз бол бүр ч амархан. Гэхдээ үүний тулд таны Facebook-т бүртгүүлсэн цахим шууданг мэдэж байх хэрэгтэй.
 
Хэрэглэгчдийн хамгийн түгээмэл алдаа нь цахим шуудангийн хаягийг тэр бүр анхаарч үздэггүй явдал. Тиймээс нууц үгээ бусадтай хуваалцах нь элбэг. Таны цахим шуудангийн нууц үгийг мэддэг хүнд бол facebook мөн л нээлттэй гэсэн үг.
 
Хэрхэн сэргийлэх вэ? 

  • Facebook өнөөдөр бидний цахим орчин дахь илэрхийлэл болсон гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тиймээс зөвхөн Facebook-т зориулсан, өөр хэн ч мэдэхгүй цахим шуудантай байх нь эрсдэлээс сэргийлэх нэг арга.
  •  Аюулгүй асуултууд болон хариултыг нь сонгохдоо тун хянуур байж, мартахгүй байх хэрэгтэй. Хүмүүс шинэ хаяг нээх бүрт тааралддаг нууц асуултыг төдийлөн ойшоодоггүй.
  •  Эсвэл ойшоосон ч гэсэн тэжээвэр амьтны нэр, гуравдугаар ангийн багш гэх мэт хэтэрхий хялбар асуултыг сонгодог.
  •  Нэг зүйлийг сануулахад хүмүүс нууц үгээ шууд хэн нэгэнд хэлэхээс татгалздаг боловч

 “Таны нууц үг юу вэ?
- Хэлэхгүй
Таны нууц үг төрсөн өдрөөс бүтдэг үү?
- Тийм
Таны төрсөн өдөр хэзээ вэ?
- 1988 оны есдүгээр сарын 5” гээд хэлэх жишээтэй. Үүнийг хайнга байдал гэх бөгөөд ийм төрлийн хялбархан нууц үг ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд үргэлж зөвлөдөг.
 
Нэг сонирхолтой жишээ дурдахад манай найзын цахим шуудангийн хаяг нь “HugshinUvuu18” байж билээ. Ийм нууц үгийг хэрэглэгч өөрөө ч мартахгүй, өөр хэн нэгэн хялбархан таах ч боломжгүй.

Тусгай программ хангамж

 

Хэрэглэгч компьютерын кейбоард дээр бичиж буй үсэг бүрийг дарааллын дагуу тэмдэглэж авдаг, түүнийгээ тухайн хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр өөр этгээд рүү дамжуулдаг программ бий.
 
Тусгай төхөөрөмж
 
Яг үүнтэй ижил зарчмаар ажилладаг, USB оролт бүхий төхөөрөмж бий. Ердөө залгаад л хангалттай. Таны бичиж буй үсэг, тоо бүрийг тэмдэглэж авна.
 
Хэрхэн сэргийлэх вэ?

  • Хамгийн хялбар арга нь Firewall-аа идэвхжүүлэх юм. Энэ төрлийн программ ихэвчлэн интернетээр дамжуулан мэдээллээ илгээдэг учраас ямар нэгэн сэжигтэй үйлдлийг компьютер өөрөө зогсооно.
  •  Үйлдлийн системээ шинэчлэх, вирусийн эсрэг программ ашиглах, нууц үгээ солих зэрэг нь зайлшгүй хийх зүйлсийн нэг юм.

Phishing


 
Англи хэлний загасчлах гэдэг үгнээс үүсэлтэй, гэхдээ цахим орчинд бусдын мэдээллийг хулгайлах аргыг ингэж нэрлэдэг. Ялангуяа хэн нэгний цахим хаягийг олохыг хүсвэл хамгийн түгээмэл ашигладаг арга энэ.
 
Энэ төрлийн аргыг ашиглаж буй этгээд хуурамч цахим хуудас үүсгэж, түүн рүү орох холбоосыг цахим шуудангаар илгээнэ. /АНХААРУУЛГА: Үл таних хаягаас ирсэн, мөнгө, төгрөг, урамшуулал амласан цахим шууданг нээж үзэхгүй байх нь цахим хэрэглээний соёлын хамгийн энгийн зарчим юм/
 
Тухайн холбоос руу ороод харахад яг л тухайн сайт шиг, энэ тохиолдолд Facebook шиг харагдана. Гэхдээ сайтын хаяг нь өөр гэдгийг сайтар харвал анзаарч болно.
 
Хэрхэн сэргийлэх вэ?
 

  • Цахим шуудангаар ирсэн баталгаагүй холбоос руу хэзээ ч битгий орж байгаарай. Ялангуяа Facebook-тээ нэвтрэх, өөр ямар нэг хаяг руу орохыг асуувал бүр ч оролдож болохгүй.
  •  Phishing зөвхөн цахим шуудангаар дамждаггүй. Ямар ч веб сайт дээр байгаа, ямар ч зурвас дээр байх холбоос байж болох бөгөөд сэжигтэй санагдсан холбоос дээр ерөөс битгий дар.
  •  Тэгээд вирусийн эсрэг программ ашиглаж хэвших.

Өөр нэг арга
 
Хэрвээ халдагч этгээд танд хангалттай ойрхон байгаа бол хуурамч Wi-Fi сүлжээ цацаж, таны нууц үг, гар утас, компьютер дээрх мэдээллийг хулгайлж чадна.
 
Үүнээс сэргийлэхийн тулд хаа хамаагүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байхад л хангалттай.
 
ХЭРЭГЛЭЭНИЙ СОЁЛ


 

Цахим орчин гэдэг нэг л хөндий, оргүй зүйл мэт санагдаж болох хэдий ч өнөөдөр энд бүх зүйл оршин байж, таны амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
 
Тиймээс наад захын хэрэглээний соёлыг өөртөө хэвшүүлээрэй. Хаа хамаагүй компьютер, бусдын гар утсаар дамжиж цахим шуудан, нийгмийн сүлжээ ашиглахаас зайлсхийж, үргэлж салгаж байх хэрэгтэй.
 
Түүнчлэн өөрийн үйлдлийг давхар хянаж байхад илүүдэхгүй. Жишээлбэл Facebook-т “Activity Log”, “Security and Login” гэсэн хоёр цэс бий. Эхнийх нь буюу Activity Log нь таны хийсэн үйлдэл бүрийг бүртгэж байдаг.


 
Санаа зоволтгүй зөвхөн та л энд хийсэн үйлдлүүдээ харах боломжтой. Тэгэхээр ямар нэгэн таны өөрийн хийгээгүй үйлдэл, хэн нэгний зураг дээр лайк дарсан гэх мэт үйлдэл гарсан эсэхийг тогтмол шалгаж байгаарай.


 
Харин Security and Login цэснээс та ямар, ямар төхөөрөмжөөр сүлжээнд холбогдсон болон одоо идэвхтэй байгаа төхөөрөмжүүдийн жагсаалтыг харж болно. Хэрвээ таны ашигладаггүй эсвэл ямар нэгэн сэжигтэй төхөөрөмжөөс холбогдсон байвал бүгдийг нь салгаад нууц үгээ солих хэрэгтэй.
 
Эцэст нь хэлэхэд ашиглаад дууссан бол үргэлж Logout хийж занших нь хэн нэгэн этгээд ашиглахаас сэргийлэх хамгийн найдвартай арга юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49313
0 эможи
keyboard_arrow_up