Офшор компаниас санхүүжилт татсан гэх “МИЗУ“ компанитай хөтлөгч П.Анужин, Д.Дагвадорж нар холбоотой юу

2017 оны 11 сарын 07

Монгол Улс офшор бүсэд данстай улстөрч, бизнесменүүдийнхээ  мөнгийг эх орондоо авчрахыг хүлээсээр даруй хоёр сарын хугацаа өнгөрлөө. 

Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнд 49 хоногийн хугацаа егөхөд “НИК”-ийн хувь эзэмшигчдийн нэг болох Ч.Давааням л зөвхөн офшор бүсэд хадгалуулсан 4.3 сая ам.доллараа оруулж ирсэн. Харин бусад нэр бүхий хүмүүсийн хувьд таг чиг байсаар буй.

Тэгвэл өчигдөр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлхий дахинаа улс төрийн эрх мэдэлтнүүд болон урлаг, спортын алдартнуудтай холбоотой офшор дансны тухай “Парадайз пейперс” баримтуудыг ил болгов. Уг баримтыг дэлхийн 70 гаруй орны 200 гаруй сэтгүүлч эрэн сурвалжилж илрүүлсэн бөгөөд Хонконгийн нэр хүндтэй бизнесменүүдийн нэг, хөрөнгө, чансаагаараа зургаадугаарт эрэмбэлэгддэг Лин Гуо хэмээх эрийн тухай мэдээлэл Монгол Улстай холбоотой болж таарав.

Учир нь, Лин Гуо нь Хятадын нэрт жүжигчин болох Жао Вэйний нөхөр Хуанг Юолонгийн Монголд хэрэгжүүлж буй төсөлд 2011 онд 70 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт оруулсан аж. Ингэхдээ офшор компанийнхаа данснаас уг санхүүжилтийг гаргасан нь өчигдөр ил болж буй бөгөөд Монгол дахь компанийн нэр нь “Мизу” компани болж таарлаа.

Тэгвэл “Мизу” компанийн гүйцэтгэх захирлаар А.Бадрах гэх залуу ажилладаг ч өнгөрсөн хугацаанд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужингийн нөхөр А.Эрдэнэбатын компани гэдгээр хэвлэлд олонтоо бичигдэж байсан удаатай. Уг компани уул уурхайн салбарт олон тооны лиценз эзэмшдэг бөгөөд Хонконгийн хэвлэлд 3,941.47 га талбай эзэмшдэг хэмээн мэдээлсэн байна.

Мөн хоёр жилийн өмнө гэхэд Дорноговь аймгийн Айраг суманд Алаг толгой, Цагаан-Өндөр уул, Цагаан-Чулуут зэрэг газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бол Хадан-Ус гэх талбайд 2039 он хүртэл ашиглалтын лиценз эзэмшиж байсныг нь мэдээлжээ.

Дашрамд дурдахад, хөтлөгч П.Анужингийн нөхөр А.Эрдэнэбат нь “Мизу” компанийн хувь эзэмшил болон арван сая ам долларын асуудлаар Асашёрүю аварга Д.Дагвадоржтой шүүхдэлцэж байсан юм. Ямартай ч, шууд утгаар П.Анужин, Д.Дагвадорж нарыг офшор компанийн хөрөнгийг угаасан байж болох уг мэдээлэлд татан оролцуулах боломжгүй ч “Хамаатай юу” хэмээн асуух нь зүйн хэрэг биз ээ.

Ядаж л хөтлөгч П.Анужингийн өнгөрсөн хугацааных нь түүх “Мизу”-тай холбогдож, бүр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг санхүүжүүлж байснаас нь бодоход шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49206
0 эможи
keyboard_arrow_up