Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн?, Юу? хэлсэн талаар хүргэж байна. /2014.06.18- 2014.06.23/
БҮТ-ийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан хэлтсийн ахлагч Л.Ганбат: Монгол хэл бичгийн шалгалт дахин авах эсэхийг ЭЕШ-ын дараа шийднэ
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтанд 38332 хүүхдээс 1567 нь монгол хэл бичгийн шалгалтанд харагдаагүй. Монгол хэл бичгийн шалгалт дахин авах уу, үгүй юу гэдгийг элсэлтийн шалгалт дуусны дараа шийдвэрлэнэ. Шалгалтад ороогүй шалгаан нь цөөн тооны хүүхдүүдээс бусад нь цагаа баримтлаагүй хоцорсон ялангуяа өмнөх жил төгссөн дахин шалгалт өгч байгаа хүүхдүүд юм. Шар хуудас буюу суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш цахим хуудаст байршуулсан. /Ардчилал 2014.06.17/
БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяа: Шалгалт дуусмагц дүнг нэгтгэх ажил эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалтын ирц нийслэл болон орон нутагт 95-аас дээш хувьтай үргэлжилж байна. Ирц харьцангуй өндөр буюу сайн гэж дүгнэж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дуусна. Шалгалтын явцад ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй байна. Гэвч зарим сургууль дээр гар утас хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв шалгуулагч үүргээ биелүүлэхгүй зөрчил гаргасан нь илэрвэл шалгуулагчийн дүн оноо хүчингүй болно. Гар утастай оруулахгүй байх үүднээс зарим сургууль дээр металл илрүүлэгч ажиллуулж байгаа. ЭЕШ-ын журамд заасны дагуу ирэх сарын 1-нд дүнг бэлэн болгохоор заасан. Гэхдээ бид энэ хугацааг хүлээлгүй наана нь дүнг нэгтгэхээр төлөвлөж байна. /Үндэсний шуудан 2014.06.19/
МУБИС-ийн сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор , дэд профессор Х.Тамир: МУБИС-ийн төлбөр 15 хувиар нэмэгдэнэ
Монголд бакалаврын сургалтын төлбөр дэндүү бага байгаагаас манай бүх их дээд сургууль чанарын хойноос явахаас илүү тооны хойноос хөөцөлдөж амь зууж ирсэн. Улсын сургуулиудаас манайх хамгийн бага төлбөртэй. Өнгөрсөн жил хамгийн бага төлбөр нэг сая 260 мянган төгрөг байсан бол энэ жилээс нэг дүгээр курсын төлбөрөө 15 хувиар нэмэхээр болсон. Энэ нь кридетийн системд шилжиж байгаад холбоотой. Нэгдүгээр курсын оюутнууд энэ жилээс хичээлээ өөрсдөө сонгоод кредитийн тогтолцоогоор сурна. Нэг кредитийн төлбөр 49-60 орчим мянган төгрөг гэж тооцож байгаа. Энэ нь бусад сургуулиас доогуур байгаа. /Ардчилал 2014.06.23/
ШУТИС-ийн хичээлийн 2 байрны шалгалтын төвийн ахлагч Д.Ганболд: Монгол хэл, бичгийн шалгалтыг дахин авахаар болсон
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нд монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шалгалт хоёр дахь өдөртөө үргэлжилж байна. Манай хэсгийн хувьд өнөөдөр Монголын түүхийн шалгалтаар эхэлсэн. Одоогийн байдлаар математикийн хичээлийн шалгалт эхлэх гээд элсэлтийн шалгалт өгөгсөд суудлаа эзэлж байна. Одоогийн байдлаар манай хэсэгт зөрчил гэх зүйл гаргаагүй байна. Энэ жил шалгалтын журамд Монгол хэл , бичгийн шалгалтыг сурагчид бүгд өгөх ёстой гэсэн журам орсон. Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа Монгол хэл ,бичгийн шалгалтыг дахин шалгалт авахаар болсон. /Монголын үнэн 2014.06.18/
Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн бага ангийн багш С.Жаргалсайхан: Шинэ арга барилын үр дүн маш сайн байгаа
Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа. Нийслэлийн 40 лаборатори сургуульд явуулж байгаагийн нэг манай сургууль. Хүүхэд бүрийн авъяас сонирхол дээр нь тулгуурлаж хичээл сургалтаа олон янзаар явуулж туршлаа. Маш сайн үр дүнд хүрч байна. Үүнээс харахад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж итгэлтэйгээр дүгнэж байна. Би сүүлийн хоёр жил зураг урлалын аргаар хүүхэд бүрийг хөгжүүлж байна. Зураг наамал хайчилбарыг хүүхдүүдээр бүтээл хийлгэж байна. Хүүхдүүд маань их дуртай. Манай ангид одоо хайчилбар хийдэггүй хүүхэд гэж байхгүй. /Улс төрийн тойм 2014.06.18/