Зэсийн үнэ гозойж, олборлогч годройтсоор...

2017 оны 11 сарын 06

-Сүүлийн 15 сарын хугацаанд зах зээл дээр зэсийн үнэ 40 хувиар өсөж ,2016 онд тонн нь 4,870 ам.доллар хүрч байна. Энэ нь зэсийн үнэ өссөн үеийг ашиглаж, ирэх онд олборлолтоо, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дохио юм. Гэвч сүүлийн хоёр жилд Оюутолгойн олборлолт дараалан буурсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг тойрсон тэмцэл шүүх дамжсаар хоёр дахь жил рүүгээ орох гэж байна-

Монгол Улс гадаад зах зээл дээрээс валют татдаг бараг ганц суваг нь уул уурхайн түүхий эдийн экспорт. Хэрэв сүүлийн жилүүдэд шилээ шилээ даран гарах болсон бондыг ирээдүйд төлөх “өр” хэмээн үзэж эс тоовол уул уурхайн экспортоос өөр найдвартай эс үүсвэр үгүй. Энэ дундаа экспортын голлох хоёр бүтээгдэхүүн нь нүүрс, зэс хоёр.

Энэ онд экспортын хэмжээ 40-өөд хувь өссөн бөгөөд үүний 98 хувийг нь нүүрсний экспорт эзэлж буй. Нүүрсний экспорт нэмэгдсэн ч худалдан авагч талаас хамаарах нэгэн хүндрэл бийг энд сануулах нь зүй. Хил дээр дугаарлах нүүрс ачсан том оврын машины урт цуваа! Харагдах дүр нь тэрхүү урт дараалал боловч цаад шалтгаан нь Хятадын талын дүрэм журам буюу нутаг дэвсгэр дээгүүрээ өдөрт 500-аас илүүгүй автомашин нэвтрүүлнэ гэсэн нөхцөл юм. Үр дагаварт нь Монголын нүүрсний экспорт өдөрт дөрвөн сая ам.долларын орлого алдаж буй.

Хэрэв бид энэ нөхцөлийг хөнгөвчлүүлж чадахгүй бол 2018 онд 800-аад сая ам.долларын орлогоо алдах болно. Хөрштэйгөө хэл амаа ололцох, харилцан ярилцах ажлыг хэн хариуцах нь тодорхойгүй. Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрхтэй Ерөнхийлөгч маань төсвийн тодотголд хориг тавихынхаа хажуугаар өөрийн улсад тавиулсан "хориг”-т анхаарлаа хандуулах болов уу гэж найдан хүлээж байна.

Нүүрсний экспорт маань гол худалдан авагч Хятадын эдийн засгийн төлөв байдлаас хамаарах тул тэнд юу болж байгааг судалгааны байгууллага, экспертүүдийн дүгнэлтээс дамжуулан харж болно. Хятадын улсын аж үйлдвэрийн салбарын индикаторууд өсөлттэй гарч байгаа нь цаашид тэнд гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрс ойрын хэдэн жилдээ эрэлттэй байх таамгийг бий болгож байгаа юм.

Нүүрсний үнэ өсөж, дунд хугацаанд 70-90 ам.долларт хүрэх таамаг байгаа ч Хятадад Монголоос авч буй нүүрсний үнэ бусад импортлогчдынхоос багаар тогтдог. Энэ хоёр өөр үнийн зөрүү 2013 оноос хойш холдсоор ирсэн юм. Нүүрсэн дээрх найдвар маань иймэрхүү төсөөлөлтэй харагдаж байгаа бол зэсэн дээр харин аз шовойх үе айсуй.

Сүүлийн 15 сарын хугацаанд зах зээл дээр зэсийн үнэ 40 хувиар өсөж, 2016 онд тонн нь 4,870 ам.доллар хүрч байна. Энэ нь зэсийн үнэ өссөн үеийг ашиглаж, ирэх онд олборлолтоо, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дохио юм.

Харин зэсийн үнэ гозойж, аз шовойж буй ийм үед зэс олборлогчдоо улстөрчид маань “годройтуулсаар" байх уу гэж асуумаар болж буй. Сүүлийн хоёр жилд Оюутолгойн олборлолт дараалан буурсан бол “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг тойрсон тэмцэл шүүх дамжсаар хоёр дахь жил рүүгээ орох гэж байна. Энэ сэдэв улс төрийн хүрээнийхний амны зугаа, сүүлдээ зажлаад хаядаг бохь болж байгааг саяхны Хууль зүйн сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга хоёрын биесдээ чулуудсан үгс харуулсан. Үнэндээ иргэдэд “Эрдэнэт”-ийн хувь биш зэс л хэрэгтэй.

“Эрдэнэт” үйлдвэр 2015 оноос хойш өөрийн цахим хуудастаа зэсийн олборлолт, үйлдвэрлэлийн мэдээллээ шинэчлэн оруулаагүй байх бол Ашигт малтмалын газрын цахим хуудаснаа зэсийн болон түүхий эдийн үнэ ханшийн талаарх мэдээ мөн л 2015 он дээр зогсжээ. Энэ улс оронд улстөржихөөс өөр ажил байгаа юм уу гэмээр. Уг ирэх онд экспортын хэмжээг үнийн өсөлт дээр нэмэх замаар нүүрсэн дээр алдаж болзошгүй 800 сая ам.доллараа зэсэн дээрээс олох боломж байгаа гэж эдийн засагчид, банкирууд тооцоолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49140
0 эможи
keyboard_arrow_up