Бондоос санхүүжсэн зээлүүдээс хамгийн сайн нь Монцемент

2017 оны 10 сарын 31

monnnnn

“Монгол HD”-ийн “Нүүдэл,шийдэл” нэвтрүүлгээр Чингис бондын зээл болон уг зээлээс авсан компаниудын эргэн төлөлт ямархуу байгааг ярилцлаа. Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа,Сангийн яамны Санхүүгийн зах зээл,даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, эдийн засагч Т.Доржханд,МИАТ компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал И.Даваасүрэн, Монцемент билдингс материал компанийн дэд захирал Д.Мөнхбат нар оролцов. Чингис бондыг тухайн үеийн Засгийн газар  эдийн засгийн хөгжлийг сэргээх зорилгоор гаргасан. Дэлхийн эдийн засгийн хямрал болон Монгол Улсын ирээдүйд төлөвлөгдөж буй хөгжлийн гарцын тэнцвэрийг зөв хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Сангийн сайд мэдэгдэж байсан. Дунд хугацааны таван тэр­бум ам.долларын бондын эхний үе шат буюу 1.5 тэрбум ам.долларын бондыг Засгийн газраас гаргаж их бүтээн байгуулалтын ажилд зориулахаар шийдвэрлэсэн билээ. Өмнө нь гаргаж байсан Засгийн газрын баталгаатай бондуудыг халамж, төс­вийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж байсан бол энэ удаад хувийн хэвшлийн секторт байгаа бэлэн төслүүдийг дэмжих, экспортыг дэмжих, арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад чиглэж бай­гаагаараа илүү алсын хараатай том зорилго дэвшүүлсэн.
Макро эдийн засаг гэхээр л мах, гурил, бензин шатахуун ярихаас татгалзаж арай том зургаар улс орны эдийн засгийг тольдон харах болсныг эдийн засагчид онцолж байсан.

Уг нэвтрүүлгийг үзэж байхад Чингис бондоос зээл авч үр бүтээлтэй ажиллаж байгаа Монцемент билдинг материалс компанийн цементийн үйлдвэрийн тухай мэдээлэл эрхгүй сэтгэл хөдөлгөв.  Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт жилд нэг сая тн цемент үйлдвэрлэх орчин үеийн шилдэг технологи бүхий хуурай аргын хүчирхэг үйлдвэрийг барьж байгуулаад 2015 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн тухай сайхан мэдээ олны сонорыг мялааж байсан билээ. Гэтэл “сайны хажуугаар саар”гэгчээр 2016 оны 12 дугаар сард УИХ-ын хуралдаан дээр эрхэм гишүүн З.Нарантуяа тус компанийг Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй бултаж зугтаж яваа  мэт ярьсан. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг хэлтэй амтай болгон нь элдвээр гутаан доромжилж, өр зээлээ төлөхгүй яах гээд байгаа юм бэ гээд л сошиалаар харааж загнаж байсан. Буруу ташаа мэдээллээр бусдын нэр төрийг хугалах,доромжлох дуртай хүмүүс Гарамжав гишүүнийг арай л хатуудуулсан даа. Харин “Нүүдэл,шийдэл”нэвтрүүлэгт З.Нарантуяа гишүүн оролцож, Монполимет групп Монцемент үйлдвэрийн талаархи ташаа мэдээллийг залруулж өгсөн нь сайн хэрэг боллоо. Түүний ярьснаар, тус компани авсан зээлээ хугацаанд нь төлж байгаа,төлөлт дутуу биш илүүдэлтэй байгааг хэлсэн нь Ц.Гарамжав гишүүнийг “харлуулах”,эх орны бүтээн байгуулалтад оруулсан багагүй хувь нэмрийг нь “баллуурдах”-ыг зорилгоо болгодог хүмүүст нэгийг бодогдуулсан байх аа. Ц.Гарамжав гишүүн төрийн хүний зангараг гаргаж,гүтгэлэг доромжлолыг тэвчиж гарсан байх. Үнэндээ зарим үед өмнөөс нь “яс хавталзмаар” байх үе байсан даа. Тус компанийн дэд захирал Д.Мөнхбатын ярьж буйгаар, үндэсний үйлдвэрлэгч “Монполимет” ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамтарсан хөрөнгө оруулалттай “Монцемент Билдинг Материалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хэрэглэгчдэд европ стандарт хангасан шинэлэг бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлсээр байна. Тус компани Хөгжлийн банкнаас авсан 65 сая долларын зээлийн 33.3 сая доларын үндсэн зээл,12.6 сая долларын зээлийн хүүг төлж дуусгажээ. Зээлийг хугацаанд нь хуваарийн дагуу төлж байгаа бөгөөд уг зээлтэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй аж. Шинээр үйлдвэр байгуулж,бүтээгдэхүүн үйлдвэрлэж их ажлын ард гарч яваа хамт олны ажил үйлс өөдрөг байна. Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ зориулж,хүндрэл бэрхшээлийн ард хөлс дуслуулан гарч явахад хэвлэл мэдээллээр элдэв гүтгэлэг тарааж байгаа нь компанийн нэр хүндийг гутаахаас илүүтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын итгэл найдварыг сэвтүүлэх муу талтайг Д.Мөнхбат захирал онцолж байсан.  “Монцемент” төсөл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко үйлдвэр болсон. Тэнд 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, орон сууцтай болгосон байна. Үйлдвэрийн хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж эрчим хүч гаргадаг. Усыг цэвэршүүлэн хөргөлтийн системд ашигладаг эко технологи нэвтрүүлсэн гээд давуу тал их байгаа аж.

Н.Дөл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48836
2 эможи
keyboard_arrow_up