“НҮДЭЭ НЭЭ” үндэсний хөдөлгөөн эрчимжиж улс орон даяар, дэлхийн өнцөг булан бүрд байгаа Монголчуудыг хамруулна

2017 оны 10 сарын 30

Arslan.mn

2017 он гарсаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт гарчээ. Мөн НҮБ-аас гаргасан мэдээлэлд дэлхий дээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээлсэн байна. Үүний 50 хүртэлх хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байгаа аж. 

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нд уламжлан болгон зохион байгуулагддаг “Үндэсний Өгөх Өдөр”-ийн хүрээнд энэ жил охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж байна. Тодруулбал, “Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ” хамтран охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ.

Энэ талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ХҮЧИРХИЙЛЭЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН

Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Аливаа зүйлд хэмжээ хязгаар, тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Өнөөдөр манай улсын хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийн хэмжээнд ирсэн байна. Албан ёсны хоёрхон мэдээлэл хэлье.

Хамгийн сүүлд Хүний эрхийн комиссын дарга нэг нас зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар хэллээ. Үүний дараа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга дөрвөн настай хүүхэд жил зургаан сарын хугацаанд хүчирхийлэлд өртсөн байгааг мэдээлсэн. Энэ бүхнээс нийгэмд маань юу болоод байгааг харж болно.

Arslan.mn

298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг бол 7 анги дүүрэн охидыг хүчиндсэн байна гэсэн үг. Аль талаас нь харах ёстой вэ гэдгээ мэдэхгүй байна. Хүчирхийллийг олон жил ярилаа. Бид тэмцлийн өөр хэлбэрт орох хэрэгтэй боллоо.

 

Хүн болгон өөрийнхөө байгаа газарт хүчирхийллийн эсрэг тэмцэх шаардлагатай. Хоёр долоо хоногийн өмнө таван настай охин хүчиндүүлсэн гэхэд маш олон хүмүүс тав хоног шуураад зургаа дахь өдрөөс мартаж эхэлсэн. 13-хан настай охиныг зочид буудалд хөнөөчихлөө. Хүчирхийлэл үндэсний аюулгүй байдал болоод гамшгийн хэмжээнд ирсэн байна. 

Дэлхийн 11 орны монголчууд, Төв, Орхон аймгаас "Нүдээ нээ" хөдөлгөөнд нэгдсэн. Хүүхдэд хамгийн ээлгүй газар зочид буудлууд болсон. Тиймээс зочид буудлуудыг цэгцлэх шаардлагатай байна. Энэ тал дээр хуульчдын баг ажиллаж байгаа. Маш олон нууц гэмт хэргүүд зочид буудалд үйлдэгдэж байна. Гэр хорооллын дотор нийтийн байран дотор хаяггүйгээр зочид буудлууд байгаа.

Arslan.mn

Arslan.mn

Бага насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол багаас нь олгох зэрэг гэх мэтээр асуудлыг шат дараатай хөндөх болно. Шүүх эмнэлэг ч гэсэн 0-16 настай хүүхдээс төлбөр авахгүй гэдэг яриа гаргасан боловч эсрэгээрээ байна. Хүн бүр хүчирхийллийн эсрэг мэдээлэлтэй болох хэрэгтэй. 

 

Бид хүчирхийллийн талаар 7 хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа. 

 

Энэ өдөр бид “Аав ба Охин” аяныг явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийг “Нүдээ нээ” хэмээх уриатайгаар гаргах, хүчирхийллийн эсрэг санд хуримтлал бий болгох ажлуудыг хийх юм. Энэ өдрөөс эхлэн “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөн эрчимжиж улс орон даяар, дэлхийн өнцөг булан бүрд байгаа Монголчуудыг хамруулж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна" гэв.

Аяны хүрээнд цаашид хийгдэх ажлууд:

• Хүүхэд гэх нэг ч зүйл заалт ороогүй дэн буудлуудын хууль журамд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулах. Үүний тулд “Нүдээ Нээ” 8 удаагийн тайван жагсаалыг төлөвлөж бүх нийтийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний 3 удаагийн жагсаалыг амжилттай зохион байгуулж 1760 гарын үсэг цуглуулаад байна.

• Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ Нээ” тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох.

• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах.

Хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнд Гэрэл медиа групп, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Одонтой ээжүүд ТББ, Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ, BrainStormAgency, Монгол контент, CafeBene сүлжээ, Очир пресс, Нэгүн Дизайн, Z design, Super Mom group болон бусад байгууллагууд нэгжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48775
1 эможи
keyboard_arrow_up