ОБЕГ: Эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна
2017 оны 10 сарын 25
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм. Аврах ажиллагааны хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Гурав дахь өдрийн эрлийн ажиллагааг өглөө 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эхэлсэн байна. Эрлийн хэсэгт цасны зузаан 3-5 метр байгаа бөгөөд хунгарласан тул алба хаагчид цас малтаж эрлийн ажиллагаа явуулж байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд сураггүй болсон 17 хүнээс 14-ийг нь нас барсан байдалтай олсон юм. Өнөөдөр үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа явуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48550
0 эможи