Хорооны Засаг дарга нарын дунд орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх уралдаан зарлана

2014 оны 6 сарын 24

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Уралдааны болзол батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг-Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зорилгоор нийслэлийн хороодын Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлахаар төлөвлөжээ. Энэ уралдаан нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн түүхт ойг угтаж хийж буй ажлын нэг юм.
Уралдаанд нийслэлийн 152 хороо оролцох бөгөөд хорооны Эрүүл аюулгүй байдлын индексийг сайжруулах, Амьдрах орчны зураглалыг баяжуулах, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажилд иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах,  уг саналд өрх бүрийг хамруулсан эсэх, Хорооны хэмжээнд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байдал зэргийг харгалзан үзнэ. Мөн тухайн Хорооны Засаг даргын дүүргээс хороонд шилжүүлсэн төрийн үйлчилгээний нэр төрөл, хамрагдсан иргэний тоо, хүн ам, өрхийн мэдээллийн санг бүрэн бүрдүүлсэн ажлыг уралдаанд дүгнэнэ.
Нийслэлээс Бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор өөрсдийнх нь оролцоотойгоор олгох энэ хөтөлбөрт хорооны иргэдийг хэрхэн хамруулсан нь тус хорооны Засаг даргын ажил дүгнэх нэг үзүүлэлт болно.
Нийслэлийн удирдлагууд Иргэн-Хороо-Дүүрэг-Нийслэл гэсэн шатлалтайгаар ажиллах зарчмыг баримталж байгаа. Тиймээс төрийн үйлчилгээний анхан шатны байгууллага болох хорооны үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрч, хамтын ажиллагааг сайжруулахад энэ уралдаан чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо.
Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд 2-р шатанд  40 хорооны Засаг даргыг шалгаруулж, хорооны үйл ажиллагаатай танилцах юм. Онооны дарааллаар жагсааж шилдэг 20 хороог шалгаруулна. Шалгарсан 20 хорооны Засаг даргад 60 хүртэл м2 орон сууц худалдан авахад зориулж төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрх олгохоор төлөвлөсөн байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх эрх нь бодитой урамшуулал болж чадна. Харин зөвхөн хорооны Засаг даргыг дэмжих бус төрийн албан хаагчдыг дэмжихэд анхаарах хэрэгтэй” гэсэн саналыг гаргасан юм. Үүний дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг дэмжих зорилтот хөтөлбөр, уралдааны удирдамж гаргахаар боллоо. Харин хорооны Засаг дарга нарын дунд зохион байгуулах уралдааны болзлыг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ. Уралдаан 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4853
0 эможи
keyboard_arrow_up