Бүртгүүлэхээ мэддэг, хамгаалахаа мартдаг

2017 оны 10 сарын 24

-Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын 13 өвөө хамгаалах, өвлүүлэхэд анхаардаггүй-

Улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, халуун сэтгэл, хоёргүй зүтгэлээ зориулсан “Ударник” цолтой нэгэн Хан-Уул дүүргийн хамгийн бөглүү гэр хорооллын гудамжинд туйлын тарчиг амьдардаг. Мандаж явахад нь олгосон “Ударник” цол, тэмдгээ улс тоосонгүй. Төв халхын уртын дууны хэлбэр шинж, арга барил, донж маягт Сэлэнгэ нутгийн гэх өвөрмөц онцлогийг шингээж өвлүүлэн үлдээх сүүлчийн ганц өв тээгч түүнийг үнэндээ хэн ч анхаарсангүй. Хэвтрийг нь хуваалцах нохойноос өөр дэргэдээ ханьгүй, залуу цагийн дурсамжаас өөр сэтгэлдээ галгүй, өвчний улмаас хэзээ мөдгүй тэнгэрт одох дөхсөн тэр хөгшнийг азаар Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарынхан энэ зун “олж”, үнэт өвийнх нь заримыг хуурцагт буулгаж авчээ...

Мандаж явахад нь олгосон “Ударник” цол, тэмдгээ улс тоосонгүй.

Морин хуур, монгол ардын уртын дууг 2008 онд, монгол тууль, уламжлалт бүжиг, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлагийг 2009 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад шил шилээ даран бүртгүүлэхэд монголчууд нэг хэсэгтээ л хөл хөөрцөг болсон. Сонин дээрээ соохолзоно гэгчээр өв тус бүр дээр Засгийн газраас хөтөлбөр баталж, “Манай улс цаашид энэ чиглэлээр ийм ийм ажил хийнэ” хэмээн олон улсад тов тодорхой зарласан. Өвлөн уламжлагчид нь эрс цөөрсөн, мартагдаж алга болох эрсдэлд орсон, яаралтай авран хамгаалах шаардлагатай өвүүдийг ЮНЕСКО “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өв” хэмээн онцгойлон бүртгэж авдаг учраас бид хүн төрөлхтний өмнө онцгой үүрэг хүлээсэн гэсэн үг. Харин түүнээс хойш юу хийв.

“Хятадуудаас урьтах хэрэгтэй”, “Өвөрмонголчууд манай уртын дууг, бүжгийг, “Жангар” туулийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд байна” хэмээн хөрштэйгээ уралдан “тэмцэж” байснаас биш нэгэнт бүртгүүлсэн хойноо яах билээ, соёлын өв тээгчид рүүгээ чиглэсэн ямар бодлого баримтлах вэ гэдгээ төлөвлөж тооцоолсон уу. ЮНЕСКО-д бүртгүүлчихээр л бүх зүйл болчихно гэсэн үг биш. Монгол Улсад соёлын биет бус өв тээгч 8066 хүн байдгаас 100 шахам нь ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагч гэсэн 2010-2016 оны хооронд гаргасан статистик баримт Соёлын өвийн төвд байна. Тэр дунд Хан-Уул дүүргийн өнөөх өвөө ч багтана.

Иймэрхүү соёлын өв тээгчдийг урамшуулах журам уг нь манайд бий. Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох Засгийн газрын тогтоолын дагуу дээрх 100 шахам хүнд жилд нэг удаа 200 мянган төгрөг өгч байж. Гэхдээ энэ журам хоёр, гуравхан жилийн “настай” байсан бөгөөд хамгийн сүүлд 2014 онд 87 хүнд мөнгөн урамшуулал олгожээ. Түүнээс хойш “мөнгөгүй” гэдэг шалтгаанаар соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилж яваа хөгшдөөсөө Монгол Улс гар татсан байх юм.

Монголын язгуур урлаг, утга зохиолын өвийг хамтад нь багтаасан тууль хэмээх өвөрмөц соёлыг хойч үедээ өвлүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж буй А.Балдандорж “Монгол туулийг анх ЮНЕСКО-д бүртгүүлсний дараахан төр, засгаас овоо дэмжин хэдэн боть ном хэвлүүлж, Богд хааны ордон музейн дэргэд Туулийн өргөө байгуулан, энэхүү соёлыг хойч үедээ өвлүүлэх шавь бэлтгэх зорилгоор төсөл хүртэл хэрэгжүүлсэн. Харин сүүлийн жилүүдэд төрийн бодлого алдагдсан.

Гэсэн ч миний бие Богд хааны ордон музейнхэнтэй хамтран, сайн дураараа Туулийн өргөөнд жил бүр 2-3 тууль хайлдаг уламжлалаа үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн жил гэрт багтахгүй олон хүн цугласнаас харахад тууль сонирхох хүн олон болжээ. Тиймээс энэ эерэг хандлагад суурилан, төр, засаг бодлогоор туулийн шавь сургалтыг хэрэгжүүлэх нь чухал” хэмээн ярилаа. Хэдэн боть ном хэвлүүлчихээр хүмүүс түүнийг нь уншаад, туулийг бүрэн ойлгоно гэвэл эндүүрэл гэсэн түүний үг ортой. Ингэхэд бид туулиа Монголынх гэдгийг дэлхийд данслуулсан хэрнээ эзний сэтгэлээр хандаж чадаж байгаа болов уу.

Хэдэн боть ном хэвлүүлчихээр хүмүүс түүнийг нь уншаад, туулийг бүрэн ойлгоно гэвэл эндүүрэл гэсэн түүний үг ортой.

2013 онд Төв Азийн туулийн II хурал зохион байгуулахдаа “Дөрвөн жилийн дараа дахиад хийнэ” гэж олон улсын эрдэмтдийн өмнө амлалт өгсөн ч энэ жил яах нь тодорхойгүй. ШУА-ийнхан дэмий л БСШУСЯ-нд хандсан ч хариу өгөөгүй байна. Гэтэл саяхан Якутад туулийн олон улсын маш том хурал зохион байгуулж, Азийн тууль судлалын төв байгуулсан бол түүний өмнөхөн Уулын Алтайнхан, бишкекчүүд, кыргызчүүд, казахууд, өвөрмонголчууд гээд биднээс бусад нь л ийм арга хэмжээ хийчихээд байна.

Хойч үеийнхээ оюун санааг төлөвшүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй гэдгийг мэддэг, соёлынхоо бодлогыг гартаа авсан улс орнууд өв соёлдоо ингэж өөриймсөг ханддаг гэлтэй. Халимагууд гэхэд л “Жангар” туулийг гурван дэг сургуулиар хайлдаг өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн тулд хүүхэд, залуус руугаа чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг гэнэ. “Энэ бол манай үнэ цэнэтэй өв соёл юм шүү” гэдэг сэтгэхүйг иргэддээ багаас нь суулгаад өгчихөөр ирээдүйд тэд өв соёлдоо гар татахгүй мөнгө зарцуулдаг нэгэн болж төлөвшдөг тухай Хэл зохиолын хүрээлэнгийн доктор А.Алимаа ярьсан.

Зөвхөн тууль ч гэлтгүй, уртын дуу, хөөмий, бий биелгээ гэх мэтчилэн ЮНЕСКО-д бүртгүүлсэн олон өв соёлоо цааш нь хэрхэн түгээх, биет бус өв тээгчдийг яаж дэмжих вэ гэдэг асуудлыг Монголын төр, засаг мартсаныг цөөнгүй хүн хэлж буй. Харин ч азаар СУИС-д хөөмийн сургалтын ганц анги байгаагийн ачаар, цуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус сургуулийн дэргэд “Өв соёлын өргөө”-г өнгөрсөн жил байгуулсан тулдаа энэ хоёр өвийг залгамжлах хойч үе тасрах аюулаас түр мултарчээ.

Жишээ нь, цуур хөгжмийг өвлөн уламжлагч Б.Наранбат хэмээх залуугийн буянаар есөн хүн шавь сургалтаар энэхүү соёлын өвийг эзэмшсэн билээ. Ямартай ч ирэх арванхоёрдугаар сард Монгол Улс тууль, уламжлалт бүжиг, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол уран бичлэг гэсэн өвүүдийг хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийсэн тухай тайлангаа ЮНЕСКО-д явуулахаар бэлтгэж байгаа аж. “Соёлын биет бус өвийг хамгаалъя, өвлүүлэн хөгжүүлье гэвэл нэг нэгээр нь салгах бус, бүх зүйлийг цогцоор нь авч үзвэл илүү үр дүнтэй.

“Соёлын биет бус өвийг хамгаалъя, өвлүүлэн хөгжүүлье гэвэл нэг нэгээр нь салгах бус, бүх зүйлийг цогцоор нь авч үзвэл илүү үр дүнтэй.

Яагаад гэвэл энэ өв соёлын оршин тогтнох үндсэн суурь нь нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, зан заншил нь байдаг” хэмээн СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Эрдэнэцэцэг хэлсэн. Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймагт одоо цагт найран дээр уртын дуу дуулдаг хүн ховор болсныг нутгийн эмээ халаглан ярихыг сонсож байв. Учир нь тэндхийн зарим суманд адуу цөөрч, айраг исгэдэг айл ч ховордож эхэлсэн тул хуруу, дэмбээний соёл мартагдах шахаж, цаашлаад уртын дуу аялдаг хүн үгүйлэгдэх болсон гэхээр Ш.Эрдэнэцэцэг докторын хэлсэн ортой.

Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан хүмүүсээс тэрхүү өвийг нь яаж авч үлдэх вэ гэдэг төр, засгийн бодлого тодорхой байх учиртай. Үүнд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг болох сон. Зөвхөн яам ч гэлтгүй, аймаг, дүүрэг, сумын удирдлага орон нутгийн төсвийнхөө хэдэн хувийг соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажилд зарцуулж байгаа вэ гэдэгт бас анхаарал хандуулах нь зүйтэй” хэмээн тэрбээр онцолсон. Нөгөөтэйгүүр, дээрх хүмүүст олгосон мөнгөөрөө юу хийсэн бэ гэдгийг нь эргээд тайлан мэдээгээр авдаг тогтолцоо манайд үгүй тул итгэл үнэмшил төрүүлдэггүй байдлыг цэгцлэх шаардлагатай аж.

Л.Ганчимэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48515
0 эможи
keyboard_arrow_up