Ядуурал хүн амын ГҮНД нэвчлээ
Монголчуудын амьжиргааны түвшинг харуулах бүх үндсэн үзүүлэлт урууджээ. 2014 онд дундаж давхаргынхны нуруу тэнийж, өрхийн хэрэглээ аажмаар өсөж байсан бол сүүлийн хоёр жилд иргэдийн санхүүгийн боломж улам хумигдаж, ядуурлын түвшин гаарчээ. Манай улсын ядуурлын түвшин 29.6 хувьд хүрч, 2014 оныхоос 37 хувиар өсөв. Энэ нь 2009 оны эдийн засгийн их хямралын өмнөх үеийнхтэй дүйцэж буй.
Улаанбаатарт ядуу иргэдийн 35.4 хувь буюу 343 мянга нь оршин сууж байна
Ядуурлын түвшин 2007 онд 29.3, 2008 онд 35.2, 2009 онд 38.7 хувьд хүрч, иргэдийн амьдрал огцом уруудаж байсан бараан түүх бий. Үндэсний статистикийн хорооноос энэ жил анх удаа ядуурал манай орны аль хэсэгт гүн нэвчсэнийг харуулах зураглал гаргажээ. Газар зүйн бүсээр харвал зүүн бүсийн иргэдийн амьдрал өнгөрсөн хоёр жилд хурдтайгаар уруудсан байна. Зүүн бүсэд ядуурлын түвшин 43.9, баруун бүсэд 36, хангайн бүсэд 33.6, төвийн бүсэд 26.8, Улаанбаатар хотод 24.8 хувьтай байна.
21 аймгаас амьжиргааны түвшин хамгийн дөнгүүр нь Өмнөговь. Уул уурхайг дагасан ажлын байр элбэг тул хүн амын дунд ядуурлын түвшин 15.4 хувь гэсэн эерэг үзүүлэлттэй гарчээ. Харин хамгийн цөөн хүн амтай Говьсүмбэр аймагт хамгийн бараан төрх харагдаж буй. Тус аймагт ядуурлын түвшин 52.4 хувьд хүрч, иргэдийн талаас илүү нь ядуу гэсэн ангилалд багтахаар тун тарчиг амьдарч байна.
ӨРХИЙН ТӨСӨВ УРУУДАВ
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх-2016” судалгаанд сард 146,145 төгрөгөөс доош хэрэглээтэй хүнийг ядуу гэсэн ангилалд оруулжээ. Өөрөөр хэлбэл нэг хүнд сард хамгийн багадаа ийм хэмжээний мөнгө зарцуулж байж наад захын хэрэглээгээ хангана гэсэн үг. Гэтэл энэ ядуурлын шугамаас бага хэрэглээтэй хүн 907.5 мянга байгаа нь хүн амын гуравны нэгтэй тэнцэж буй.
Манай улсын иргэдийн сарын хэрэгцээ дунджаар 236,288 төгрөг. Энэ нь хоёр жилийн өмнөх судалгаанаас 30 гаруй мянган төгрөгөөр багассан дүн. Үүнээс үзвэл зөвхөн ядуу гэлтгүй монголчуудын сарын төсөв нийтээрээ урууджээ. Өнгөрсөн оны байдлаар ядуучууд сард дунджаар 107,965 төгрөг хэрэглээндээ зарцуулсан бол энэ ангилалд багтаагүй бусад иргэд 290,304 төгрөг зарцуулж байна.
Монголчуудын 51.6 хувь нь ямар нэг хэмжээгээр зээл авчээ
Тэгвэл орлого буурахад юу голчлон нөлөөлснийг задалж харъя. Өнгөрсөн хоёр жилд зөвхөн тэтгэврийн орлого л 16.4 хувиар нэмэгджээ. Харин цалин 4.6, хөдөө аж ахуйн орлого 44.7, өрхийн бизнесийн орлого 36.7 хувиар буурсан нь ядуурлын цар хүрээ тэлэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Улаанбаатар хотын хувьд ядуурлын түвшингээр бусад бүсээс хамгийн бага үзүүлэлттэй нь. Гэхдээ нийслэл хотод хүн амын тэн хагас нь оршин суудаг тул үүнийг дагаад ядуучуудын тоогоор эхэнд бичигджээ.
Улаанбаатарт ядуу иргэдийн 35.4 хувь буюу 343 мянга нь оршин сууж байна. 2014 онд нийслэлчүүдийн сарын дундаж хэрэглээ 305 мянга байсан бол өнгөрсөн онд 261 мянган төгрөг болж 14.3 хувиар буурав. Энэ нь аймгийн төв болон сум, хөдөө нутагт амьдардаг иргэдийн төсвийг бодвол огцом доошилсон үзүүлэлт. Ямар хүн ядууралд хамгийн их өртөж байна вэ гэвэл дараах нийтлэг дүр зураг харагдана. Ядуу иргэд дунд хөдөө оршин суудаг, боловсролгүй, тогтсон ажилгүй эсвэл мал аж ахуй эрхэлдэг 30-39 насны эрэгтэйчүүд олон. Мөн гэрт амьдардаг, олон ам бүлтэй байх тусам ядууралд хөл тавих магадлал нэмэгдэж буй.
АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРЛЫН ҮНДЭС
Иргэдийн халаасан дахь мөнгө, амьжиргаагаа залгуулах орлого ийнхүү жигд буурсан нь цөөнгүй шалтгаантай. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Ядуурлын хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлт буурсан, ажилгүйдэл нэмэгдсэн, иргэдийн гар дээрх бэлэн орлого багассантай холбоотой” хэмээн тайлбарлав. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн эрч саарч, 2013 онд 11.6, 2014 онд 7.9, 2015 онд 2.4, 2016 онд 1.6 хувийн өсөлттэй гарсан юм. Энэ уруудсан үзүүлэлтээс гадна ажилгүйдэл өсөж, иргэдийн орлогын хэмжээ багассан.
Түүнчлэн иргэд банк болон банк бус байгууллагаас авсан зээлийнхээ дарамтад хүлэгдэж, цалингаа зээлийн төлбөрт “цутгаж” буй тул хэрэглээний мөнгө нь багассан байх талтай. Монголчуудын 51.6 хувь нь буюу тэн хагас нь ямар нэг хэмжээгээр зээл авчээ. Иргэдийн 42 хувь нь цалингийн, 15.8 хувь нь малчны, 18.4 хувь нь тэтгэврийн, 12 хувь нь орон сууцны зээлд орлогынхоо ихэнхийг өгч, бүсээ чангалан амьдарч байна. Уг нь дундаж давхарга жин дарж байж ядуурлын хүрээ хумигдаж, улс хөгждөг.
Гэтэл дундаж амьдралтай иргэдийн орлого өсөх бус буурах хандлагатай байгаа юм. 2014 онд судалгаа хийх үед маш олон өрх ядуурлын шугамаас бага зэрэг дээгүүр бичигдэж байсан. Эдгээр иргэд эдийн засагт сөрөг цочрол үүсэх, цаг агаарын хүндрэлд тун эмзэг байсан тул ядуучуудын ангилал руу гулсан орсон. Харин ядуу иргэдийн амьдрал улам уруудаж, Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгээс амь зуудаг тэнүүлчдийн тоог нэмсэн байх магадлалтай. Харин Дэлхийн банкны мэргэжилтнүүд ядуурал ийнхүү хүн амын гүнд нэвчих болсныг бизнесийн орчинтой холбон тайлбарлалаа.
Тус байгууллагын ахлах эдийн засагч Самуэль Фрэйжи- Родригес “Хувийн хэвшлийнхний бизнесийн орчинг сайжруулах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд зориулсан аж ахуйн нэгжийн зээлийн нөхцөлийг сайжруулж, санхүүгийн зах зээлийг өргөжүүлж байж ажилгүйдэл буурна. Үүнээс гадна нийгмийн хамгааллын уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Тухайлбал, хүнд нөхцөлд орсон иргэнийг хэрхэн дэмжих вэ гэсэн зорилтот бодлого шаардлагатай” гэв. Дундаж давхаргынхан ийнхүү ядуусын эгнээнд олноор шилжиж буй нь монгол өрх, монголчуудын амьдрал ямар тарчиг, зутруу байгааг харуулж байна. Цаашилбал, төр иргэдээ хөдөлмөрийнхөө хөлсөөр хангалуун, тайван амьдрах боломжоор хангаж чадахгүй байгааг ч илтгэж буй.
Сонгуулиас сонгуулийн хооронд амталж болохгүй сайхан амлалтаар бялууруулдаг улс төрчдийн хоёр жилийн ажлын үр дүн ийм байна. Улстөрчид эдийн засаг өснө гэсэн өөдрөг төсөөллөөр иргэдээ тэтгэж буй ч амьдралын гүнд ядуурал нэвт шингэжээ. Иргэдээ тогтвортой ажлын байраар хангаж чаддаггүй юм гэхэд өчнөөн тэрбумаар нь цацаж буй халамжийн мөнгөө хавтгайруулалгүй, амьжиргааны түвшин доогуур иргэддээ зориулдаг зөв бодлого хэрэгтэй байна. Хэрэв өнгөрсөн хоёр жилд дундаж орлоготой иргэдээ зөв бодлогоор дэмжсэн бол Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядууралд өртөхгүй байлаа.
ЗГМ: ТОДРУУЛГА
Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч С.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Ядуурлын дүр төрх-2016” судалгааг ямар мэдээлэлд үндэслэн хийсэн бэ. Судалгаанд бүх өрхийг хамруулж чадсан уу?
-Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтарч хоёр жил тутамд Монгол Улсын ядуурлын түвшинг зарладаг. Энэ судалгааг хамгийн анх 2014 онд хийж байсан. Энэ удаагийн судалгааг 2016 онд орон даяар явуулсан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд суурилан гаргасан. Тухайн бүсийг төлөөлж чадахуйц 16,484 өрхийг түүврийн аргаар сонгосон.
Сарын дундаж хэрэглээгээр ядуурлын шугамыг тогтоодог
-Ядуурлын түвшинг тооцохдоо ямар аргачлал хэрэглэдэг вэ?
-Тухайн жилийн ядуурлын шугамыг иргэдийн сарын хэрэглээгээр тооцох, эсвэл аль нэг жилийг суурь оноор авч, тухайн жилийн инфляцийн үнийн түвшингийн өөрчлөлтөөр засварлаж тооцох хоёр үндсэн арга байдаг. Тухайлбал, АНУ 1963 оны ядуурлын шугамаа суурь хэмжээс гэж тооцдог. Үүнийгээ жил бүрийн инфляцитай харьцуулан засаж хэрэглэдэг. Өмнө нь манайх 2010 оныг суурь он гэж тооцдог байсан. Харин 2014 оноос иргэдийн сарын дундаж хэрэглээг тооцож ядуурлын шугамыг тогтоож байгаа. 2014 онд ядуурлын шугам 146,650 төгрөг байсан бол энэ жил 146,145 төгрөг гэж бууруулан тооцсон.
-Баян, ядуугийн ялгаа ямар хэмжээнд байна вэ?
-Олон улсад амжиргааны тэгш байдал дунджаар 0.2-0.5 функт байдаг. 0.1 рүү дөхөх тусам баян, ядуугийн ялгаа их байна гэж тооцдог. Харин манай улсын хувьд 0.3 функт гэсэн үнэлгээтэй. 2014 оноос хойш энэ үзүүлэлт өөрчлөгдөөгүй. Харин бүсээр нь задалж харвал, хангайн болон төвийн бүс, Улаанбаатар хотод тэгш бус байдал нэмэгдэж, зүүн бүсэд буурсан. Суурьшлаар нь үзвэл, Улаанбаатар хотод тэгш бус байдал нэмэгдэж, аймгийн төвд буурсан байна.
Б.Баярмаа