БАЯЖУУЛАХЫН “НЭВТЭРХИЙ ТОЛЬ”
Жинхэнэ дорвитой эр энгийнээс энгийн оршдогийн үнэнийг би “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутагаас олж хардаг. Түүнээс өөр өдий хэрийн мэдлэг, туршлагатай, хийсэн бүтээсэн гавьяатай, зөв зам мөртэй хүн бол энгэрээ хэдийнэ тэмдгээр дүүргэчихсэн ханхалзаж явах байсан биз. Харин В.Өлзийхутаг их мөрөн адил дөлгөөн байж, тулгамдсан асуудлын үед хоолойгоо засасхийн зөөлөн өнгөөр чигийг зааж ихийг хүүрнэнэ.
Тэр эдүгээгээс 36 жилийн өмнө Болгарын Софи хотын Уул уурхайн дээд сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр төгсөж, залуусын сэтгэлийг соронзон мэт татаж байсан Эрдэнэтийг зорьжээ. Хилийн цэргийн офицерийн хүүд эх оронч сэтгэл, чин шударга үзэл, ажил хийх хүсэл эрмэлзэл, ачаалал даах чадвар, бэрхийг давах хатуужил цогцолсон, бас ч үгүй тухайн цагтаа баруунд боловсрол эзэмшсэн сүрхий нөхөр ирсэн. Гэсэн ч “Эрдэнэт” үйлдвэр боловсон хүчнээ ажлын хүндээс эхлүүлж бэлддэг учраас Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинчаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Удалгүй баяжуулагч, ээлжийн мастер, ахлах мастер, сургалтын инженер, ахлах технологич гээд албан тушаалын шатаар өгссөн гэхээсээ илүү өөрийгөө таниулж үеийн нөхдөө манлайлж эхэлсэн. Тэр үед ахлах мастерын ажлыг голдуу Оросууд хийдэг байв. В.Өлзийхутаг үйлдвэрийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн итгэл даах хэмжээнд сэтгэлд нь хүртэл ажиллаж байсны илрэл юм. Тэр эдүгээ “Эрдэнэт” үйлдвэрийг нэвтэрхий мэдэх болжээ. Мандан бадарсан он жилүүдийг нь, хүнд хэцүү үеийг даван туулсан цаг хугацаатай нь сэтгэлдээ зэрэгцүүлэн тээж явна. Нийгмийн тогтолцооны шилжилтийн үед буюу 1990, 1991 онд “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ ердөө хоёр удаа хүдэр боловсруулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй, хүрсэн түвшингөөсөө буурсан үзүүлэлттэй байдаг. Энэ нь улсын эрчим хүчний систем үйлдвэр, албан газар, айл өрхөө цахилгаанаар найдвартай хангаж чадахгүй байх үед юм. Ард иргэд оройн цагаар орон сууцандаа лаа барьж суудаг байлаа гэж тэр дурссан. Цахилгаан тасрахад тээрмүүд ачаалалтайгаа зогсчихно. Үүнээс болж маш их эвдрэл гарч, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг залгахын тулд ажилтнууд гартаа хүрз барьж усаар цэвэрлэгээ хийдэг байжээ.
Тухайн үеийн хүнд нөхцөлд ажилчид байтугай инженер техникийн удирдлагууд хүртэл биеийн хүчний гар ажиллагааг өдөр, шөнийн ээлжинд гүйцэтгэхдээ илүү цагаар ажиллана. Үүнээс “зүрх нь үхсэн” хүмүүс бөөнөөрөө ажлаас хүсэлтээрээ халагдан ганзагын наймааг сонгож байсан гэдэг. Тухайн үед мэргэжил дөхүү хүмүүсийг Баяжуулах фабрикт ажилд ороод өгөөч гэж гуйдаг байсан гэвэл одоо итгэх хүн ховор. Энэ үед В.Өлзийхутагийг Баяжуулах фабрикийн сургалтын инженерээр томилсон нь учиртай. Тэрээр Техник мэргэжлийн сургуулийн баазыг түшиглэн 10-р анги төгссөн хүүхдүүдэд дэлхийн хэмжээний мэдлэг олгох хичээл зааж, гуравхан сараар баяжуулагч мэргэжил эзэмшүүлэн ажилд авч байв. Улсын эдийн засаг унах, сэргэхийн зааг дээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд түүнийг хүнд хэцүү цагт галын шугаманд томилсон нь алдаагүй. Өнөөдөр шавь нар нь өндөр түвшиний баяжуулагчид болчихсон, үйлдвэрлэлийн үндсэн цех, хэсгийг хөдөлгөж явна. Тэр цагаас хойш В.Өлзийхутаг Баяжуулах фабрикийн Техникийн хэлтсийн дарга, Ерөнхий инженерийн шинэ техник, шинэчлэл хариуцсан орлогч, цехийн даргын үйлдвэрлэл, техник хариуцсан орлогч, 2013 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсийн орлогч дарга бөгөөд Ерөнхий технологичоор ажиллаж байна.
Дээхнэ үед бутлан тээвэрлэх хэсгийн хүдэр дамжуулалт тааруу, бутлагдсан хүдрийн бүхэллэг том байсныг тэрээр Германы “Рема Тип Топ” команитай хамтарч шигшүүрийг оновчтой нүхтэй резинэн торонд шилжүүлсэнээр хүдэр боловсруулалтын хэмжээ сая гаруй тонноор өсч байлаа. Энэ технологи нэвтэрснээр ямар хүнд ажлаас чөлөөлөгдсөнийг бутлуурчид, засварчид одоо хэр мартаагүй. Мөн тухайн үеийн зарим дарга, орос мэргэжилтнүүдтэй зөрж байж Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд усанд шумбагч байлдааны онгоцны эд анги үйлдвэрлэдэг Америкийн компанийн хаалтыг 1200 мм-ын хоолойд тавьж эхэлсэн нь өнөөдөр чанарын баталгаа, зөв сонголт гэж чухам юу байдгийг харуулж буй. Энэ мэт түүний нэрээр хаяглагдсан, үйлдвэрт үр өгөөжөө өгсөн олон ажил бий.
В.Өлзийхутаг өрнө, дорнын баяжуулах үйлдвэрүүдийг үзэж нүд тайлсан. Тэрээр Манжуурын шинэ үйлдвэрээс бусад нь манай “Эрдэнэт” үйлдвэрийн цэвэр цэмцгэр байдалд хүрэхгүй. Автоматжуулалт нь ч гоц гайхуулах юмгүй... гэж ярих нь ажил, асуудлаа гарамгай шийдсэн мэргэжилтний үг. Тэртээ 1980-аад оны эхээр манайхан дэлхийн бусад үйлдвэр одоо хэр нэвтрүүлээгүй, Нунтаглан баяжуулах хэсгийн усан хайлуурыг гурван бүтээгдэхүүнд шилжүүлэх санаачлага хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр тээрмийн ачаалал эрс нэмэгдэж хүдэр боловсруулалт өссөн. Үүнийг гадаадын ямар ч мэргэжилтэнд хэлэхэд ам нь ангайгаад асууж дагахаас өөргүй болно.
“Эрдэнэт” үйлдвэр намайг аз жаргалтай болгодог гэж ярих энгийн даруу атлаа элгэмсэг хэрсүү, хэрэгтэй үед тэрсүү оршихуйн далд хүч нуугисан Ванчигдоржийн Өлзийхутаг гэх энэ эрийн хөдлөшгүй зарчим хувирашгүй зан бахархам. Түүний баяжуулахын салбарт оруулсан хувь нэмэр, зам мөр он цагийн элээлтэд улам тодрох нь дамжиггүй.