Хуульчдын холбооны III ИХ ХУРАЛ энэ сарын 28-нд болно
Монголын Хуульчдын холбооноос хуульчдын III их хурлыг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Ц.Ганболд "Монголын хуульчдын холбоо 2013 онд хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар байгуулагдсан. Уг хууль хэрэгжээд дөрвөн жил болсон байна. Иймээс хуульчдын нэгдсэн үйл ажиллагаанд баримтлах дүрэм өөрчлөлт оруулах хүсэлт их ирсэн. Үүнийг дагуу хуульчдын холбооны дүрэмд санал авах ажиллагааг иргэдийн дунд зохион байгуулж, ажлын хэсэг гарч ажиллаад зарим өөрчлөлт оруулсан.
Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 70-аас дээш настай хуульчийн гишүүнийх нь татварыг 50 хүртэлх хувиар хөнгөлөх асуудлыг их хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Хуульчдын холбооны гишүүн хуульч хүндэтгэх шалтгаангүйгээр гишүүний татвараа 3-аас дээш хугацаагаар төлөөгүй бол гишүүний эрхийг нь цуцална. Сүүлийн хэдэн жил хууль их хэмжээгээр батлагдсан. Амьдралд нийцүүлэх хуулиуд ч байгаа.
Хуульчдын холбооноос энэ асуудлаар УИХ болон хууль зүйн байнгын хороонд тодорхой саналууд хүргүүлдэг. Сүүлд батлагдсан хууль тогтоомжийн эрх зүйн байдлын тухай хууль сайн хууль болсон. Уг хуульд хууль батлахдаа тухайн мэргэжлийн байгууллагаас заавал санал авна гэж заасан. Хууль батлахаасаа өмнө хэрэгжилт талаас нь эхлээд харах хэрэгтэй" гэлээ.
Монголын хуульчдын холбооны их хурал зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ч.Баянжаргал "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчдын их хурлыг 2 жилд нэг удаа зохион байгуулна гэж заасан. Үүний дагуу хуульчдын холбооны III их хурлыг аравдугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Энэ удаагийн хурлаар зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Тухайлбал Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл сонсоно. Улмаар хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал багтаж байгаа. Хуульд зааснаар хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна" гэлээ.